461 дүгээр хорих ангиас Улсын хоёрдугаар эмнэлэгт шилжсэн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр /2018.06.06/ хагалгаанд ороод, дөнгөж сая хагалгаанаасаа гарч иржээ.
Түүнийг хорих 461-р ангийн эмч нарын үзлэгээр яаралтай хагалгаанд орох заалттайгаар II эмнэлэгт зургадугаар сарын 4-нд буюу даваа гаригт шилжүүлсэн юм. Эмнэлгийн зүгээс өчигдөр шаардлагатай шинжилгээ авсан бөгөөд өнөөдөр хагалгаанд орно гэдгийг тус эмнэлгийн дарга Г.Баясгалан мэдээлж байсан юм.
Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноровоос тодруулахад “Өнөөдөр хагалгаанд орно гэсний дагуу сая хагалгаанд ороод гарч ирсэн гэсэн мэдээлэл надад сая ирлээ. Хагалгаанд орохынх нь өмнө уулзсан. Одоогоор уулзаж амжаагүй болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
Э.Бурам