Цэвэр, бохир усны үнэ нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Цэвэр, бохир усны үнэ нэмэгджээ

Цэвэр, бохир усны үнэ нэмэгджээ

Тавдугаар сарын 1-нээс эхлэн цэвэр, бохир усны тариф нэмэгдсэн. Энэ талаар Хот, суурины хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Үнэ тарифын албаны дарга Ж.Гэрэлчулуун тодрууллаа.


-Цэвэр, бохир усны төлбөрийг нэмсэн гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн гуравдугаар сарын 30-нд болсон ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын усны үйлчилгээний тарифт өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.

-Усны тарифыг нэмж байгаа нь ямар шалтгаантай вэ?

-Ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагааг хэрэглэгчдэд доголдолгүй хүргэх, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж тарифт зохицуулалт хийх зайлшгүй шаардлага үүссэн гэж үзэж болно. Мөн шинээр барилга байгууламж олноор баригдаж, хэрэглэгчид нэмэгдэж буйтай холбоотойгоор ажилчдын тоог нэмэх, ус хангамж ариутгах татварын үйлчилгээний зардлууд нэмэгдсэн нь дээрх шийдвэрийг гаргахад нөлөөлсөн хэрэг.

-Хэдэн төгрөгөөр нэмэгдсэн бэ?  Иргэдийн зүгээс гомдол  их ирж байна уу?

-Энэ сарын цэвэр, бохир усны төлбөр дээр л тарифт өөрчлөлт орсон нь мэдэгдэнэ дээ. Одоохондоо усны үнэ өөрчлөгдчихлөө  гэсэн асуудлаар иргэдийн зүгээс гомдол ирээгүй. Усны үнийг 7-15 мөнгөөр нэмж байгаа. Усны үйлчилгээний үнийг хэрэглэгчдэд харилцан адилгүй байдлаар тогтоодог. Гэр хорооллын усны үнэ нэмэгдэхгүй. Зөвхөн төвлөрсөн ус хангамж ариутгах татуурга системд л өөрчлөлт орно.

-Тариф нэмэхээс өмнө ямар үнэтэй байсан бэ?

-Өмнө нь цэвэр ус нэг литр нь 55 мөнгө байсан бол одоо 62 мөнгө болж  нэмэгдсэн. Бохир усны үнийн хувьд өмнө нь 37 мөнгө байсан бол одоо 47 мөнгө болж нэмэгдсэн гэсэн үг. Аж ахуйн нэгжүүдийн ус хэрэглээний зориулалтаар нь хамаараад өөр өөр үнэ тогтоодог. Усыг хэмнэх шаардлагатай гэж үзсэн газрууддаа илүү өндөр үнэ тогтоох хэлбэрээр явдаг. Ерөнхийдөө метр кубаар үзвэл цэвэр ус 620 төгрөг, бохир ус 420 төгрөг болж байна.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж