Дизель станцаас голоо зогоосоор байх уу

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Дизель станцаас голоо зогоосоор байх уу

ДЭЛХИЙН ГИГАНТУУДТАЙ ТҮНШИЛСЭН Ч ДИЗЕЛЬ СТАНЦААС ГОЛОО ЗОГООСООР БАЙХ УУ

Тэд дулааны станцаа бариад эхэлчихэж. Яагаав, нөгөө Оюу­толгойнхон. Саяхан л дэд бү­тэц барих газраа авч байсан тус компанийнхан голомтоо бадраах цаг ойрхон ирсэн бо­лолтой. Бүр тодруулбал ирэх оны гуравдугаар сар гэхэд ду­лааны станцаа ашиглалтад оруу­лахаар төлөвлөөд байгаа ажээ. Монголчууд “Тулгандаа галтай, сэтгэлдээ нартай бай­хад болно доо” гэлцдэг. Өн­гөрсөн арав гаруй жилийн турш муу үгээр нүдүүлэн байж, өмнийн говь руу тэмүүл­сэн энэ бизнесмэнүүдэд юуны түрүүнд ашиг чухал гэдэг нь ойлгомжтой. Тиймээс ч тэд бүх ажлыг төлөвлөсөн хугацаанаасаа өмнө амжуулж, аль болох бага зардлаар ашгаа олохыг чухалчилж бай­на. Бид энэ боломжийг ашиг­лан дангаараа хийхэд хүч хү­рэхгүй байсан олон аж­лаа амжуулж болох юм. Үүний нэг нь говийн бүсийг ду­лаан, цахилгаан, эрчим хү­чээр хангах явдал. Ямартай ч тэд эхний ээлжинд дулааны станцаа бариад эхэллээ. Станц барих ажлын гүйцэтгэл одоо­гоор 50 гаруй хувьтай бай­гаа аж. Дулааны станц ба­рихад яндангийн хэмжээ чу­хал төдийгүй түүнийг барьж гүйцэтгэх аюулгүй ажил­лагааны асуудал хамгийн эмзэг байдаг гэж мэргэжилтнүүд ярьдаг юм билээ.

Тэгвэл 72 мегаваттын хү­чин чадалтай Оюутолгойн ду­лааны төв станцын яндангийн бетон цутгалтын ажил ямар нэг осол гэмтэл, муу мэдээгүй дууссан нь сайн хэрэг. Дээр нь уг янданг газрын хөрснөөс 100 метрийн өндөрт, дунджаар 5-9 метрийн өргөнтэй барьжээ. Мөн утаа татах хү­хээг, нүүрсний тоосонцор со­­рох байгууламжуудыг нэмж суурилуулснаараа бу­­сад станцаас давуу тал­тай тө­дийгүй  байгаль ор­чинд халгүй, эрүүл ахуйн шаард­лага, стандартыг хангаж байна хэмээн мэргэжлийн бай­гууллагууд үнэлж байна.

Уг ажлыг гүйцэтгэсэн “Жей Ди Си Си” компанийн хамт олонд “Оюутолгой” ХК-ийн удирд­лагуудын зүгээс талархал илэрхийлж, “Монголчууд говийн их бүтээн бай­гуулалтын ажлыг өөрийн гараар чанартай хийж чадлаа. Хамгийн гол нь хөдөлмөрийн аюулгүй ажилла­гааны дүрмийг дээд зэргээр сахин, чанартай хийж гүйцэтгэж чадаж бай­гаа нь хамтран ажиллах урам зори­гийг сэргээж байна” гэсэн байна.

Энэхүү дулааны станцыг барьс­наар Оюутолгой төслийн талбайн бүх барилга байгууламжийг төвлөрсөн халаалттай болгохоос гадна халуун ус, өндөр даралтын уураар хангах боломж бүрдэх юм. Гэхдээ станцын барилгыг урт нь 54 метр, өргөн нь 58 метр, нийт өндөр нь газрын түвшнээс дээш 32 метр өндөрт барьсан нь бусад дулааны станцтай харьцуулахад бага талбай эзэлсэн, цомхон хэрнээ өндөр хэмжээний дулаан түгээх хүчин чадалтай болохыг харуулж байгаа юм. Ямартай ч дулаан, халуун усны хэрэгцээгээ бүрэн хангаснаар нутгийн иргэдийн их хүлээлтийн нэгээхэн хэсэг биеллээ олох болно. Учир нь Өмнөговь аймгийн хэмжээнд найдвартай цахилгааны эх үүсвэрт холбогдоогүй гуравхан сум байдаг нь Оюутолгойн нөлөөллийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумд. Одоогоор “Оюутолгой” ХК-ийнхан Ханбогд сумын  “Хандизель” орон нутгийн өмчтэй аж ахуйн үйлдвэрийн газарт тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэн дизель станцаар нь эрчим хүчний хэрэгцээгээ аргацаааж байгаа. Тодорхой дэмжлэг гэдгийн зах зухаас нь дурьдвал тус сумын дизель станцын сард хэрэглэдэг түлшийн талаас илүү хувийг нь хандивлах маягаар “солилцоо” хийдэг гэсэн үг. Хэрэв “Оюутолгой” ХК тэр түлшийг өгдөггүйсэн бол уг станц хоногт зургаан цаг л ажиллах чадвартай болохоор хэн хэндээ хэрэгтэй л юм. Гэхдээ дэлхийн гигант түнш маань сумын жижигхэн дизель станцыг “аргадаж” ажиллаж байгаа нь ичгэвтэр л юм. Үүнд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой. Харамсалтай нь одоогоор Засгийн газ­рын хийж байгаа ажил нь салбарын сайдад үүрэг өгөх. Салбарын сайд нь ажлын хэсэг байгуулж, тэд­ний төсөл, хуралдаануудаас үр дүн хүлээхээс өөрөөр хэрхэхээ мэдэхгүй байгаа юм.

Орон нутгийн иргэдийн хувьд ЭБЭХ-ний сайд Д.Зоригт Засгийн газрын даалгавраар өмнөд хөршөөс 220 квт-ын шугам татах санал тавиад, зөвшилцөөд ирсэн. Гэхдээ Хятадаас импортолж байгаа шугам зөвхөн Оюутолгойн хэрэгцээг хангах уу, нөлөөллийн бүсийн гурван сум ч бас цахилгаантай болох юм болов уу гэлцэж сууна. Харин Ханбогд сумынхан Засгийн газрын үндсэн чиглэлд  Оюу толгой, Ханбогд хоёрын хоорондох 45 км зайд 35 МВт-ын агаарын шугам татна гэж тусгасан. Иймээс  бид гэрэлтэй болох нь дамжиггүй гэлцэх аж. Тэд үнэхээр мэдээлэлтэй, бас итгэлтэй байгаа. “Ерөөсөө  24 цагийн гэрэл, цахилгаантай л болчихвол Ханбогд сум хөгжихөд бэлэн болчихоод байна” гэх тэдний хувьд их хүлээлтийг дараа их хөгжил хүлээж буй нь ойлгомжтой.

Бидэнд тодорхой байгаа мэдээллээр бол говийн бүсийн эрчим хүчний системийн гол ачааг үүрэх цахилгаан станцыг “Эрдэнэс Тавантолгой”, “Оюутолгой” ком­панийн оролцоотойгоор барина. Ирэх оны эцэс гэхэд эхний үе шат нь эхэлсэн байх ёстой. Оюутолгойгоос урд хил хүртэл 220 киловольтын цахилгаан дамжуулах шугам тавина. Уг шугамыг “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК хариуцах юм билээ.

Эрчим хүчний тухай хуульд зааснаар эрчим хүчний импортын тоо хэмжээг салбарын сайд баталдаг. Өөрөөр хэлбэл, энэ нь төрийн бодлогын нэг хэсэг байх ёстой. Мөн Эрчим хүчний тухай хуулиар 110 киловольтоос дээш өндөр хүчдэлийн шугамаар эрчим хүч импортолж байгаа тохиолдолд шугамыг төрийн мэдэлд авч, импортын гэрээг цахилгаан дамжуулах ТӨХК хийхээр заасан. Тиймээс дээрх компаниуд хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр Оюутолгой төслийн эрчим хүчний хангамж, шугамын барилга угсралт,  Монгол Улсын хууль тогтоомж, стандарт, дүрэмд нийцэж байгаа эсэхэд “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах сүлжээ” компани техникийн хяналт тавина гэсэн үг.

Одоогоор Оюутолгой, Таван­толгой дээр 400-600 мВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих тооцоо судалгааг хийж байгаа юм билээ. Үйлдвэрлэл эхэлснээс хойш дөрвөн жил эрчим хүч импортолно. Урд хөршөөс 220 киловольтын эрчим хүч импортлох гол зорилго нь Оюутолгой төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах явдал боловч нэгэнт шугам татаж, эрчим хүчээ аваад эхлэхээр ойролцоох сумдад цахилгаан нийлүүлэх бололцоотой гэж үзэж байгаа юм байна. Уг шугамыг энэ ондоо багтаан ашиг­лалтад оруулахаар төлөвлөжээ.  Өөрөөр хэлбэл, Монголын урд хилээс нааш Оюутолгой төслийн талбай хүртэлх шугам юм. Гэхдээ шугам ашиглалтад орсны дараа импортын гэрээг хийх учиртай. Уг гэрээнд Оюутолгойн хэрэглээний даац, хэмжээг тодорхой тусгах ёстой бөгөөд үүнийг Монголын Засгийн газар буюу ЭБЭХЯ батлах учиртай. Ямартай ч “Оюутолгой” ХК эрчим хүчний хувьд бусдаас хараат бус болох тэр цаг ойртож байна.

У.Оргилмаа

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж