Монголыг, Тавантолгойг сонирхох нэг хэрэг. Хэн ч сонирхож болно. Харин хэнтэй хамтрах вэ гэдэг өөр хэрэг. Монголыг зоосны нүхээр хараад айлчлан ирж буй эрхэм зочидтой төр, засгийн тэргүүнүүд маш ойлгомжтой байр суурь илэрхийлдэг байх ёстой болов уу. Учир нь тэд бизнес ярьж байна. “Хамтрах уу, эс хамтрах уу” гэсэн асуултад нэг мөр хариулт авахаар нэг нь Ерөнхийлөгчтэй, нөгөө нь Ерөнхий сайдтай ганцаарчлан уулзаж, тал талаас нь хурц гэрэл тусгаж байгаад асуусан гэсэн үг.
Энэ нөхцөлд хэн, хэнд нь найр тавиад, бөөрөнхийлөөд байх хэрэггүй. Дэлхийн эв нэгдлийн билэг тэмдэг олимп биш шүү дээ. Шаардлагатай бол хатуурхаж, шантаажилж, эсвэл хөлд нь сууж, буулт хийж, ер яаж ч болно. Гэхдээ ийм үед илэн далангүй ярилцаж байгаа нь энэ гээд далан булчирхайгаа тоочиж, геополитикийн нууцаа задалбал “дайсныхаа гарт буу бариулсантай” адил. Чингис хааны ордныхон эрхэм зочдоо яаж үдсэнийг ирэх өдрүүд харуулна.
Нөгөөтэйгүүр, биднийг Тавантолгойн тендер зарлан хэнийг баярлуулж, гомдоох нь вэ хэмээн ажиглаж суух хооронд буюу одоогоос арваад хоногийн өмнө БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Чонгсу Ким Монголд зочилсон. Мэдээж Монголбанкны Ерөнхийлөгчийн урилгаар. Нутаг оронд нь түүнийг тун ирээдүйтэй, том улстөрчийн хэмжээнд авч үздэг гэх. Харин манай банкны салбарынханд зориулан уншсан лекцдээ өрсөлдөх чадвар, нээлттэй зарчмыг л онцгой анхааруулж байсан. Тэд өөрсдөө ч манай өрсөлдөгчид. Орчин үед бизнест хамгийн их мэдээлэлтэй нь ялдаг зарчим үйлчилж байна. Гэтэл бид банкны салбарыг онцгойлон сонирхсоор байгаа солонгосчуудад өнгөрсөн нэг жилийн дотор хэчнээн их мэдээллээ алдав аа. Энэ нь багадсан мэт Хөгжлийн банкийг удирдуулахаар болсон. Ингэснээр Монголын хөгжлийн “ноу хау” шууд тэдний гарт орно. Энэ тухай ярихын оронд аль болох ашигтай нүх сүв болгондоо үүрлүүлчихээд, зовлон, жаргалаа тоочиж суух нь гэнэн гэхээсээ илүү тэнэг хэрэг.
БНСУ-ын банкны салбарынхны “Монголын банкууд өрсөлдөх чадваргүй байна” гэх улиг болсон хатгааст автаж, Монголбанкнаас саяхан арилжааны банкуудын дүрмийн санг 16 тэрбум төгрөгт хүргэх шийдвэр гаргалаа. Ямар аргаар вэ гэдэг нь тодорхойгүй байгаа нь “ямар ч хамаагүй аргаар” гэсэнтэй утга ижил. Уг нь 2010 оны хавар тэдний зөвлөхүүдийн зааварчилгаагаар бүтцийн өөрчлөлт гэгчийг хийх гэсэн боловч гэрэл цохиулсан учир хойшлуулсан. Тэр үед банкны өөрийн хөрөнгийг зохистой харьцааны шалгуур үзүүлэлт гэгч өндөр босгыг давж гарахаас эмээж буй арилжааны банкууд бослого гаргаж ч мэдэхээр байсан. Харин энэ удаа БНСУ-ын Төв банкны ерөнхийлөгч Чонгсу Кимийн лекцэд энэ санаа дахин цухалзаж байв.
Тухайлбал, “Манай оронд банкны салбарыг нээлттэй болгох нь тун чухал байлаа. Гэтэл Засгийн газраас ямар ч тохиолдолд дотоодын банкаа гадаадынханд өгч болохгүй гэж үзэж байсан. Би хувьдаа үүний эсрэг байсан ч Засгийн газрын даалгаврыг дагахаас аргагүй байсан. Гадаадын банкууд ч манай дотоодын банкуудын дутагдлыг маш их тайлбарладаг байсан. 1990 оны сүүл хүртэл гадаадын банкууд Солонгост төлөөлөгчийн газраа нээгээгүй. Гэвч 1997 онд хамгийн түрүүнд дампуурсан банк нь Солонгосын хамгийн том банк байсан юм. Үүнээс хойш Солонгосын банкуудын тодорхой хувийг гадаадынхан эзэмших болсон. Одоо манай улсын хамгийн том банкны 70-80 хувийг гадаадынхан эзэмшиж байна. Банкууд маань нээлттэй байгаагүй нь 1997 оны санхүүгийн хямралд маш их нөлөөлсөн” хэмээн ярилаа. Түүний хэлсэн нь зөв ч байж мэднэ. Гэхдээ бид итгэх албагүй. Өө, тийм үү гээд хаалгаа цэлийтэл нээж бүр ч болохгүй. Учир нь банк бол улс орны аюулгүй байдалтай холбоотой, тусгаар тогтнолтой холбоотой стратегийн чухал салбар.
Ер нь солонгосчууд манай уул уурхай, банк, аялал жуулчлал гээд стратегийн бүхий л салбар руу гэтэж яваа. Тэгээд ч одоогоор энэ улсын эдийн засгийн өсөлт, банк, санхүүгийн салбар асуудалтай байгаа. Ийм үед тус улсын удирдагчид айлчлал нэрээр аялал хийж, бусдад заавар зөвлөгөө өгч, шинэ нүх, сүв хайдаг. Үүнийг “Солонгос технологи” ч гэж хэлж болно. Хамгийн гол нь тэртээх Пак Жөн Хи Ерөнхийлөгчийн үеэс л ямар нэг төсөл боловсруулаад, түүнийгээ итгэтэл тайлбарлаж чаддаг байхыг бүх шатны албан хаагчдаасаа шаарддаг байсан гэх юм билээ. Харин манайхан тэрхүү “гоё” төслийн “амттай” төгсгөлийг дүрслэн харж итгэчихээд дагаж намираад байвал “Солонгос технологи” амжилттай хэрэгжүүлж байгаа нь тэр.
"Улс төрийн тойм" сонин