Сүүлийн жилд олон төрлийн өвчин шинээр нэмэгдэх болсон тул эмнэл зүйгээр өвчний оношийг тогтооход төвөгтэй болжээ. Тиймээс эд, эсийн түвшинд буюу эмгэг судлалаар оношийг бүрэн тогтоодог болжээ. Өөрөөр хэлбэл, эмгэг судлал нь эх, нярай, хүн юунаас болж өвчилж байгаа, ямар өвчнөөр өвчилснийг эд, эсийн төвшинд судалж, оношилдог юм.
Харин ургийн гажгийг эхийн хэвлийд байхад нь ЭХО-гоор оношлох боломжтой бол төрснийх нь дараа эмгэг судлалаар чухам ямар төрлийн эмгэгтэйг тодорхойлох боломжтой юм байна.
Эх, болон урагт ямар эмгэг зонхилж байгаа талаар эмгэг судлалын профессор Б.Уранчимэгээс тодруулахад “Сүүлийн үед урагт олон эрхтэн системийг хавсарсан, хүнд хэлбэрийн гажгууд нэмэгдэж байна. Мөн ургийн гажгийг 21 неделятайд (долоо хоногтойд) ЭХО-гоор оношилсноор цаашид тээх эсэхийг эх баригчид шийддэг. Харин ийм төрлийн эмгэгтэй ураг 21-ээс олон долоо хоногтой болсон тохиолдолд амьдрах чадваргүй болдог. Ээжүүд ургийг 10 сар тээгээд түрүүлтэл амьдрах чадваргүй байвал харамсалтай шүү дээ. Тиймээс ургийг 21 долоо хоногтойгоос өмнө ЭХО-д харуулж, ургийн гажгийг тодорхойлуулах шаардлагатай” гэлээ.
Сонирхуулахад, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхдийн эмгэг судлалын тасгийг өнөөдөр /2018.6.6/ анагаах ухааны доктор, профессор Б.Гомбын нэрэмжит болголоо. Анагаах ухааны доктор, профессор Б.Гомбо нь тус тасгийг үүсгэн байгуулсан бөгөөд энэ жил 90 жилийн ой нь тохиож байгаа юм.
Р.Ренчиндулам