“Монголын лектор” төвийн гүйцэтгэх захирал, Ардчилсан залуучуудын
холбооны дэд ерөнхийлөгч Ц.Баатархүүг “Ярилцах танхим”-даа урилаа.
-Өөрийг тань МУИС-ийн лекцийн дугуй танхимд “Ажил хэрэгч хүн гэж хэн
бэ” гэсэн лекц зохион байгуулж байх үеэс танина. Энэ арав хүрэхгүй
жилийн хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн нь ойлгомжтой. Боловсролын
салбарт эхлүүлсэн бизнес тань өргөжиж, Ардчилсан залуучуудын дэд
ерөнхийлөгч болсон гээд л дурдвал чамгүй урт жагсаалт гарна байх.
Тийм үү?
-Тийм ээ. Тэр үед оюутан цагийн гурван найзынхаа хамт “Монголын лектор”
төвийг байгуулж, яг үнэндээ хаана хүрэхээ мэдэхгүй нэг их хүсэл
мөрөөдөл дүүрэн залуус урагшаа зүтгээд байсан санагдаж байна. Гэхдээ
одоо ч гэсэн эцсийн цэгийг харчихаад зүтгэж байна гэж хэлж болохгүй л
дээ. Бүх зүйл гэнэтийн байдаг ч гэсэн шийдвэртэй байхыг шаардаж байна.
Ямар ч байсан тэр үеийн тухай одоо хоорондоо ярилцаад суухад зоригтой,
шийдэмгий байж чадсанаараа бахархдаг шүү.
-Жаахан ч гэсэн ухрах, чиглэлээ өөрчлөх сонирхол төрж байгаагүй гэж үү?
-Үгүй ээ, бид бүгдээрээ амьдралд дөнгөж хөл тавьж байсан залуус болохоор
амьдрал үзсэн, хилийн чинадад сурч боловсорсон, өөрийнхөө салбарт
амжилт гаргасан дээд үеийнхнийхээ үгийг сонсох, тэндээс өөрсдийн гарцыг
хайх нь их чухал байсан. Тийм болохоор лекц зохион байгуулах нь бидний
хувьд өөрт ч ашигтай, өрөөлд ч тустай үйл хэрэг байсан юм.
-Харилцан ашигтай гэсэн үг үү?
-Тийм ээ. Олон нийт хошин урлаг, рок попын тоглолт, зохиолын дуу гээд
урлагийн үзүүлбэр бүрийн төлөө мөнгө төлж, түүнээсээ таашаал авахыг яг
тэр үед чухалчилж байсан. Урлагийг үгүйсгэж байгаа хэрэг огт биш. Харин
бид боловсролын үнэ цэнийг нэмэгдүүлэх, эрдэм мэдлэгийг түгээх нь илүү
чухал гэж шийдсэн.
-Танайх лекц зохион байгуулж, илтгэх урлагийг олны анхаарлын төвд
оруулснаар өнөөдөр олон арван залуус “Би илтгэгч” хэмээн өөрийгөө
өргөмжлөх болж. Яг л халдварт өвчин шиг… Уучлаарай, энэ миний хувийн
бодол шүү. Тэдний олонх нь ямар ч ирээдүйгүй жүжигчин шиг харагддаг.
Дээр нь, өөрийгөө илтгэгч гэж хэт их итгэсэндээ болоод ч тэрүү олонх нь
улс төр рүү хошуурч байна. Тэдний ярьдаг нийтлэг сэдэв нь “Чингисийн
Монгол сэрцгээ”, “Би бол дэлхийн талыг эзэлж байсан Чингисийн удам.
Одоогийн Чингис” гэх маягийн зүйл болчихлоо. Энэ нь “Оюуны хийрхэл
илтгэх урлагаас эхтэй юу” хэмээн асуухад хүргэж байна?
-Залуус санаа бодлоо нээлттэй илэрхийлж, түүндээ эзэн болж ирээдүйгээ
зурах юу нь буруу гэж. Гэхдээ ингэж хэлснээрээ өөрийн тань асуултад
хамрах тэр залуусыг өмөөрч байгаа юм биш шүү. Үнэхээр хэт явцуурсан,
өөрийнхөө фантазыг илтгэх урлаг гэж итгэсэн залуус цөөнгүй байдаг нь
үнэн. Гэсэн ч би хувьдаа тэднээс илүү боловсролтой, мэдлэгтэй, өөрийн
гэсэн зөв бодолтой залуус хүч түрэн орж ирж байгаа гэдэгт итгэлтэй
байна.
-Тэгвэл найдах хэрэгтэй байх нь?
-Тийм ээ. Хамгийн гол нь илтгэх урлаг бол өөрийнхөө санаа бодлыг бусдад
итгүүлээд, бусдыг араасаа дагуулаад өнгөрөх тухай асуудал биш гэдгийг
манайхан ойлгох хэрэгтэй. Энэ салбарыг дэлхийд шинжлэх ухааны хэмжээнд
судалж байна. Илтгэх ухаан бол зөв ярих ухаан. Хэн ч буруу ярихыг
хүсдэггүй шүү дээ. Эмч өвчтнөө эдгээхийн тулд, багш хичээлээ сайн
ойлгуулахын тулд, дарга ажилтнуудаа урамшуулан зоригжуулахын тулд зөв
сайхан ярих хэрэгтэй. Нийгмийн сэтгэхүйг өөрчлөх нэг том багана
хэмээн үзэж болно. Бид ч бас үүний төлөө л явж байгаа.
-Ардчилсан намын “Монгол хүн 2020” хөтөлбөрийн лекцийг өөрөө уншиж
байгаа. Тэр лекц бодит байдал хоёрын хооронд ялгаа бий юу. Нэг ёсны
“Ардчилал бидэнд ийм зүйлийг өгсөн” гэж цугларсан олны өмнө ярих “Та
гараад хар. Ардчиллын бодит үр дүн энэ байна” гэх хоёрын хооронд асар их
зөрүү бий шүү дээ?
-Би нэг л зүйлд итгэлтэй байдаг. Тэр нь юу гэхээр Монголд ардчилал бий
болоогүй бол би бусдын өмнө өөрийгөө хэн бэ гэдгийг одоогийнх шиг эрх
чөлөөтэй илэрхийлж чадахгүй байсан гэдэгт. Мөн хөдөлмөрлөж чадсан шигээ
түүнийхээ үр шимээр сайхан амьдарч чадахгүй байсан гэдэгт итгэдэг. Ийм
итгэл найдвар Монголын мянга, мянган залуусын урам зоригийг хөгжүүлж
байдаг. Би тэдний л нэг. Наад зах нь бод л доо. Социализмын үед амьдарч
байсан аав, ээжийн дурсамж бүхэлдээ нэг загварын хувцас, нэгэн хэвийн
цалин, нэг стандартын талхны түүх л байдаг биз дээ. Дээр нь сургууль
төгсөөд хийх ажил нь ч хязгаарлагдмал. Харин өнөөдөр бас ч гэж өөрөө л
хөдөлмөрлөж, шантрахгүй зүтгэж чадвал өөрийнхөөрөө амьдрах боломж
бүрэн дүүрэн байна. Гудамжинд гараад харахад социализмын үеэс ялгарах
бодит ялгаа нь энэ. Хэрэв чин сэтгэлээсээ харахыг хүсвэл шүү дээ.
Ардчилсан нам “Ардчилал бидэнд үүнийг өгсөн байна” гэж хэлэхдээ үүнийг л
ярьж байгаа. Миний илтгэл ч адилхан. Түүнээс бус бид “Та нарыг бүгдийг
нь ардчиллын хүчээр шилэн хоргонд амьдруулж, алмаз зүүлгэнэ” гэж
яриагүй. Тэгэхээр илтгэл, бодит байдал хоёрын дундаас нэг их ялгааг олж
харахгүй болов уу.
-Гол нь ирээдүйн 20 жилийн төсөөллийг Ардчилсан нам зурахыг хүсч байгаа
нь нууц биш. Миний хувьд гэхэд тэр зурагт өөрийнхөө амьдралыг хэрхэн
буухыг төсөөлбөл утгагүй хэрэг болно байх. Хувь хүний амьдрал хувь
хүний л гарт байдаг гэдэг итгэл үнэмшлээрээ хандвал шүү дээ. Харин
ерөнхий нийгмийн дүр зураг бүхий төсөөллийг бол анхааралтай ажиглах нь
ойлгомжтой?
-Би хөгжил, дэвшлийг хүнтэй л холбож ойлгодог. Хэдийгээр өөрийн тань
хувьд ирээдүйгээ хувь хүнийхээ онцлог дээр тулгуурлан тайлбарлаж байгаа ч
тэр хөгжил нийгмийн хөгжилтэй л хамт явна. Энэ утгаараа Ардчилсан нам
нийгмийн хөгжлөөр дамжуулан хувь хүний хөгжлийг хөндөж байна гэж би
ойлгож байгаа. Өнөөдөр хөрсөн доорх толгой биш мөрөн дээрх толгой илүү
үнэ цэнтэйг ухаарах нь, бас ухааруулах нь нэн чухал болоод байна. Хорин
жилийн дараа гэхэд л байгалийн баялаг тойрсон хийрхлээс ангижирч, бодит
баялгийг өөрсдийн гараар бүтээдэг үйлдвэрлэгч улс болох ёстой. “Монгол
хүн 2020” хөтөлбөрийн зорилго нь ч бодит баялгийг хэрхэн бүтээх вэ
гэдэгт чиглэж байгаа. Монгол хүн бүр бүтээлч байж чадвал улс орны
ирээдүй хаана хүрэх вэ гэдгийг гол асуултаа болгож байгаа. Үүгээрээ ч
бусад улс төрийн хүчнүүдтэй харьцуулахад харьцангуй холын бодлого барьж
байгаа болов уу гэж бодож байна.
-Холын бодлого гэдэг тэр байндаа хэр оновчтой тусахыг хэлэх байх. Тийм
болохоор өнөөдрийн хувьд тэр үеийн дүрслэлийг төсөөлж ярихад хэцүү юм.
Гэхдээ итгэл найдвар тань биелнэ гэж найдая. Харин Ардчилсан намын
залуучууд ардчилалд бодит хувь нэмрээ оруулж чадаж байна уу гэдэг
асуултад өөрийг тань илүү цаг үеийн мэдрэмжтэй хариулах болов уу гэж
бодож байна?
-Ардчилсан залуучуудын холбооноос “Монгол залуу хүн-2020” хөтөлбөрийг
хэрэгжүүлж, бүх аймгуудад чуулга уулзалт зохион байгуулаад явж
байна. Ардчилсан нам бүх ард түмэнтэйгээ хэлэлцэж байгаа бол бид тэд
дундаас нь залуучуудтайгаа ярилцаж байна гэсэн үг. Үнэндээ энэ
хэлэлцүүлгээс харж байхад бид хөдөөгийн залуусыг орхигдуулчихсан юм шиг
санагдсан. Залуу хүний тодорхойлолтыг зөвхөн нийслэл хот тойрсон энэ
хэсэг бөөгнөрлөөр авч үздэг юм байна. Тэгээд залуусаа ажилтай,
мэргэжилтэй болон ажилгүй залуус гээд хоёр хуваачихсан. Гэтэл хөдөөгийн
залуусын нийгмийн асуудал, цаг үеэ даган хөгжиж дэвжих боломж, гэр бүл
төлөвлөлт гээд олон зүйл дээр зөвхөн амьдралын тогтсон хэв маягаар л
хандаж байна. Үүнд бид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь
хөдөөгийн залуусыг хотжуулах тухай асуудал биш шүү дээ. Хамгийн гол нь
яг биднийг нэгдүгээр ангид орж байх үед олон аав, ээж хүүхдээ сургуулиас
гаргаж, мал маллуулахаар шийдсэн. Тэд одоо аав, ээж болчихсон явж
байна. Тэр хэрээр салалт, архидалтад их өртөх болж. Энэ мэтээр бид
хөдөөгийн залуус руу чиглэсэн бодлогыг боловсруулж, төр засагт уламжлах
хэрэгтэй гэсэн бодолтой байгаа. Нэг ёсны залуусаа орхигдуулахгүй,
хамтдаа хөгжиж дэвжих нь Ардчилсан залуучуудын холбооны зорилго гэж
ойлгож болно.
-Танай холбооны залуус барагтай бол хэвлэлээр мандаад байдаггүй.
Харин сүүлийн үед “Ардын намын залуус бол итгэл үнэмшилгүй. Бид л чин
сэтгэлээрээ Ардчилсан намаа сонгосон” гэсэн өдөөн хатгалга хийх
болж. Адилхан залуус байж нэг нь нөгөөгийнхөө сонголтыг ингэж
доромжлох хэрэг байдаг юм болов уу гэх бодол төрсөн шүү?
-Хэнийг юу гэж хэлэх нь тухайн хүний л асуудал. Яаж дүгнэж ойлгох нь ч
мөн адил. Би хувьдаа хүн аль нэг намыг сонгох нь өөрийнх нь эрхийн
асуудал гэж боддог. Энэ бол ардчиллын мөн чанар. Харин намд хүсэл
сэтгэлээрээ элсэх, хүчээр шахуу элсэх хоёрт ялгаа бий. Нам байтугай
ном зохиолоо ойлгохгүй шахам байгаа ахлах ангийн хүүхдүүдийг
улстөржүүлж байгаад бид шүүмжлэлтэй ханддаг. Улс төр битгий хэл өмнөө
байгаа асуудлын учрыг шийдээгүй байгаа хүүхдүүдийг улс төрд уруу татах
хэрэг огт байхгүй. Бид гишүүн элсүүлсэн тоогоор биш залуусын төлөө
хэрэгжүүлж чадах бодлогоороо өрсөлдөх хэрэгтэй. Бидний ажлыг
залууст утга учиргүй тарааж байгаа медаль, тэмдгээр үнэлж дүгнэнэ гэж
байхгүй шүү дээ. Бид цаашдаа улс төрийг ёс зүйтэй, утга учиртай
болгоё гэвэл хэн нэгний хэлсэн үгэнд дөрөөлж хэрүүлийн алим тарих
хэрэггүй. Мэдээж улстөрч хүн хариуцлагатай ярих ёстой ч улс төрийн
намыг сонгоод, итгэл үнэмшлээ илэрхийлж, тэр намынхаа ялалтын төлөө
зүтгэнэ гэж шийдсэн бол санаа бодлоо тойруу замаар бус шууд утгаар нь
илэрхийлэхийн буруу гэж байхгүй.
-Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн долоо
хоногт болж өнгөрсөн танай холбооны Удирдлагын зөвлөлийн хурал дээр
“Нам залуусаа дэмжинэ” гэж хэлсэн дуулдсан?
-Энэ хариуцлагатай хүний мэдэгдлийг сонгууль дөхөхөөр хэлдэг хоосон
лоозон гэж бодохгүй байна. Энэ үг бидэнд төдийгүй манай намын олон
мянган залууст урам зориг өгсөн гэхэд хэтрүүлсэн болохгүй байх. Дэмжлэг
гэдгийг мөнгө төгрөг эсвэл эрх мэдэл, сандал ширээ мэтээр төсөөлж
болохгүй. Залуусыг улс төрд өөрсдийгөө зөв бүтээх, харуулах, шударга
үнэн өрсөлдөөн бий болгох талаас нь харж байгаа. Ядаж л залуусын шударга
өрсөлдөөнд саад болохгүй байх нь чухал. Аль ч улс төрийн байгууллагад
“цус сэлбэх” үйл явц байдаг. Бид энэ жишгээр л явж байна. Нэгэнт намын
байгууллага учраас шат шатны сонгуульд залуусын оролцоог нэмэгдүүлэх
бодлого барьж ажиллана. Энэ тал дээр манай холбооны ерөнхийлөгч, Гадаад
харилцааны дэд сайд Б.Болор бас их санаачилгатай ажиллаж байгаа.
-Өөрөө “Намын гишүүн залуу”, “Намын гишүүнчлэлгүй залуу” гэсэн энэ хоёр
тодорхойлолтоос ялгаа олж хардаг уу. Энэ асуултыг амбицтай холбон тавьж
байгаа юм шүү?
-Хэрэв тухайн хүн хувь хүн мөн л бол их, бага хэмжээгээр амбицтай байх
нь ойлгомжтой. Манайхан амбицыг улс төрөөс хайдаг. Гэтэл хүн өөрөө
нийгэмд амьдарч л байгаа бол өөрийн гэсэн амбицад хөтлөгдөж амьдрах нь
зүйн хэрэг шүү дээ. Наад зах нь, өрх гэртээ гэхэд эр хүн гэр бүлээ сайн,
сайхан авч явахын төлөө зүтгэдэг. Гэрийн эр хүн ажил хийхгүй, архи
уугаад суугаад байвал үр хүүхэддээ, хань ижилдээ үнэлэгдэхээ болино. Энэ
чинь амбицын бас л нэг хэлбэр. Ажлын талбарт ч тэр. Бүгд удирдлагадаа
хэн ч биш харагдахыг хүсдэггүй биз дээ. Намын гишүүн залуугийн тухайд
цаашид идэвхитэй ажиллая гэж бодсон бол олон нийтийн өмнө ил байж,
нийгмийн шинж чанартай ажилд идэвхитэй оролцож бодлого боловсруулах
чадварт суралцах хэрэгтэй байх. Намын гишүүнчлэлгүй залуугийн хувьд улс
төрийн зорилго тавиагүйгээрээ л ялгаатай байх. Түүнээс бус амбиц бол
хүн бүрт байх бодит шинж чанар гэж бодож байна. Гол нь, залуус нэгдэж
ажиллаж чаддаг байх л хэрэгтэй.
-Нэгдэл хэрэгтэй нь үнэн. Гэхдээ юуны төлөө гэдэг нь бас чухал?
-Тийм ээ. Мэдээж энд боломж бололцоог хамтдаа ашиглах талаар л ярьж
байна. Түүнээс бус нийлээд хулгай хийх тухай яриагүй нь ойлгомжтой биз
дээ.
-Тэгвэл хоёр том намын залуучуудын холбоо яагаад залуусын төлөө гэсэн
бодлогын төлөө хамтарч ажиллаж чаддаггүй юм бэ. Аль, аль холбоо нь
намынхаа удирдлагад нэгэн зэрэг лобби хийж болно шүү дээ. Наад зах нь,
анх ажлын талбарт гарч буй залуусын хөдөлмөр ерөнхийдөө дадлага,
дагалдан нэрийн дор мөлжлөг хэлбэрээр эхлэх нь нийтлэг болсон байна.
Хамтрая гэвэл энэ сэдвийг ч гэсэн сонгоход болох юм биш үү?
-Олон хүн хамтарсан Засгийн газар ажиллаж байгаа энэ үед танайх Нийгмийн
ардчилал Монголын залуучуудын холбоотой хамтрахад болох юм биш үү гэж
хэлэх нь бий. Үнэхээр ч томчууд нь хамтарч болоод байхад залуус нь
болохгүй юм байхгүй гэж бодох нь тэр хүмүүсийн зөв. Гэхдээ нэг зүйлийг
хоёр огт өөр талаас нь тайлбарлаж, хоёр өөр өнцгөөс нь харах тохиолдолд
бас их хэцүү байх л даа. Уг нь хоёр намын дэргэдэх залуучуудын холбооны
бодлогыг тодорхой нэг чиглэлд зангидаж, нэг зүйлд төвлөрүүлэх
байгууллага нь миний бодлоор Монголын залуучуудын холбоо байж болох
юм. Энэ тохиолдолд бид Монголын залуучуудын төлөө гэсэн бодлогыг
хамтдаа дэвшүүлээд явбал улс төрийн намын дэргэдэх холбооны хувьд илүү
зохимжтой байх болов уу.
-Монголын Залуучуудын холбоо гэж байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй
байгууллага бий. Ерөнхийлөгчийнх нь Монголд байгаа эсэхийг ч мэдэхэд
хэцүү. Ойрын хэдэн өдөр л “Монголын залуучуудын холбооны 90 жилийн
ой” гэж гэнэт гарч ирээд байгаа болохоо биш?
-Энэ холбооны үйл ажиллагаа уналтанд ороод удаж байна. Залуучуудын
төлөө гэсэн үйл ажиллагаа явуулахаас илүүтэй холбооны байрыг
түрээслэхийг хамгийн гол ажлаа гэж үздэг. Ер нь ойн баяр болохоор одон
медаль тараадаг байж болох уу. Баяр наадам болохоор нэг даага гардуулдаг
ажлаа их зүйл хийсэнд тооцож болох уу. Би шүүмжлэхийн тулд шүүмжилж
байгаа юм биш. Ерөнхийлөгчтэй нь уулзана гэдэг бол сар руу нисэхтэй
адилхан тийм ховор завшаан гэж болно. Үнэндээ энэ холбооны хийх ёстой
ажлыг төрийн бус байгууллагын залуус төдийгүй хоёр намын залуучуудын
холбооныхон бас ч гэж ихээхэн нугалж өгч байгаа. Энэ унтаа байдлыг
өөрчлөх хүсэл сонирхол зарим нэг том улстөрчдөд байдаггүй болоод л бөх
бат гэгч нь “унтуулаад” байдаг юм болов уу даа. Гэхдээ залуус тун
удахгүй энэ асуудлыг сөхөж тавина байх.
-Өөрөө оролцох уу?
-Оролцоно. Би залуу хүнийг идэвхитэй, өөрийн гэсэн хийж бүтээсэн
бүтээлтэй байх ёстой гэж боддог. Үүн шигээ залуучуудын холбоог ч тэр
зорилготой, ажилтай, бодлоготой, залуусынхаа төлөө ажилладаг болгохын
төлөө цаашид санал бодлоо тууштай илэрхийлнэ.
"Улс төрийн тойм" сонин