Зам тээврийн аюулгүй байдлыг сайжруулах, нийслэлийн иргэдийг эрүүл аюулгүй зорчуулах зорилготой “Хамгаалах бүс, хамгаалах малгай” төслийн нээлт өнөөдөр /2018.06.06/ Сүхбаатарын талбайд боллоо. Төслийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболд, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар, ЦЕГ-ын ЗЦА-ны дарга хурандаа Д. Амарсайхан нар оролцсон юм. Төслийн хүрээнд хийгдсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолоочийн 93,8%, жолоочийн хажуугийн суудалд суусан зорчигчийн 73% нь хамгаалах бүсээ бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчийн 90% нь хамгаалах бүсээ огт бүсэлдэггүй гэсэн судалгаа гарсан байна. Энэхүү төсөл нэг сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгаалах бүс зүүж хэвших талаар иргэдэд мэдээлэл түгээж, хамгаалах бүсний ач холбогдлыг сурталчлан таниулах юм. Төслийн дараагийн шат 9-10 дугаар сард Улаанбаатар хотод үргэлжлэх юм байна.
Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Л. Төмөрбаатар:
Осол гэмтлээс шалтгаалсан нас баралт Монгол Улсад өндөр байна. Тэр дундаа авто тээврийн аюулгүй байдал алдагдсан үед гэмтэх нас барах тохиолдол их байдаг. Тийм учраас иргэд авто машинд зорчиж явахдаа хурдаа тохируулах ёстой. Хурдаа тохируулахаас гадна хамгаалалтын бүсийг урд хойно суусан гэлтгүй бүгд хэрэглэх ёстой юм. Манай байгууллага замын цагдаагийн байгууллагатай хамтраад 6000 орчим жолоочоос судалгаа авч үзэхэд 90 орчим хувьтай суудлын бүс хэрэглэсэн байгаа юм. Урд талын буюу жолоочийн хажуу талын зорчигч 70 орчим хувьтай суудлын бүс хэрэглэсэн байна. Харин хойд талын суудал дээр суусан зорчигчийн 90 орчим хувь нь үндсэндээ суудлын бүс огт хэрэглэхгүй байна. Монголчуудын хувьд арын суудлын хамгаалалтын бүсийг далд хийчихсэн байдаг. Тэгж болохгүй юм зайлшгүй хэрэглэх ёстой байна. Таксинд суухдаа бид жолоочоос хойд талын суудалд хамгаалах бүс хэрэглэмээр байна гэж шаардах хэрэгтэй юм. Үүнд л бид ард иргэдээ сургах зайлшгүй хэрэгтэй байна. Үр дүнд хүрч чадах юм бол бид ард иргэдээ авто тээврийн ослоос сэргийлж, ослын хэмжээг эрс бууруулж чадах боломжтой.
Н. ГАНБАТ