Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа нуулгүй бичжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа нуулгүй бичжээ

Хүүхдүүд тулгамдаж буй асуудлаа нуулгүй бичжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Сургуулийн нийгмийн ажилтнуудын нийгэмлэгийн хамтран зохион байгуулсан “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяны ялагчид зургадугаар сарын 1-ний өдөр Төрийн ордонд зочилж, Ерөнхийлөгчтэй уулзсан билээ. Энэхүү аяныг 14 хоногийн хугацаанд зарлахад 21 аймаг, есөн дүүргээс нийт 12 мянган захидал, зургийн бүтээл иржээ. Эдгээрээс шилдэг 100 бүтээлийг шалгаруулж, бүтээлийн эздийг Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаж, дурсгалын зураг татуулсан юм.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн хуулийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаатай ярилцсанаа хүргэе


-“Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг богино хугацаанд зарласан ч хүүхдүүд идэвхтэй оролцжээ. Аяны талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Хүүхдийн баярт зориулан анх удаа “Ерөнхийлөгчид хүргэх миний үг” аяныг зохион байгууллаа. Хэдийгээр маш богино хугацаанд зарлагдсан ч 21 аймаг, есөн дүүргээс нийтдээ 12 мянган захидал ирсэн. Хүүхдүүд захидал бичих шаардлагын дагуу гараар захидлаа бичиж ирүүлсэн байгаа. Мөн өөрсдийнхөө дуу хоолойгоо зургаар илэрхийлж бүтээлүүд байна. Ил захидлыг тоймлон авч үзвэл хүүхдүүд юуг илүү анхаарч байна вэ гэхээр эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө, ирээдүйд Монгол Улс яаж хөгжих вэ гэдэг саналыг хэлж байна. Хамгийн гол анхаарал татаж байгаа асуудал бол хүүхдийн эрх, хүүхдийн хүчирхийлэл, айдастай орчинд байгаа зэргээ нуулгүй бичсэн байна. Тухайлбал, 14-р сургуулийн 2-р ангийн нэгэн сурагч “Ажилгүй иргэн Монголд их байна. Хүүхдийн тоглоом дээр тоглох гэхээр ажилгүй, архи уусан хүмүүс байдаг болохоор тоглож чадахгүй байна. Энэ ажилгүй, архи уугаад байгаа хүмүүсийг ажилтай болгож өгөөч Ерөнхийлөгчөө. Мөн ажилгүй иргэдийг ажилтай болгох олон арга байна” гэж өөрийн санаагаа бичсэн байсан. Энэ аянд 1-12-р ангийн сурагчдын төлөөлөл оролцсоноороо онцлог боллоо.

-Онцгой захидлуудаас дурдахгүй юу?

-Ерөнхийлөгчид талархсан захидлууд олон байсан. “Тусгаар тогтнол” шүлгийг Ерөнхийлөгчтэй хамтдаа уншсан нь бидний хувьд бахархал байсныг дурдсан байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан маш олон ажлыг хийж байгаад талархаж байгаа илэрхийлсэн захидлууд байсан. Ирээдүйд дэлхийн иргэн болохын тулд би хичээнгүйлэн сурч байгаагаа захидалдаа дурдсан сурагч бий. Мөн Монгол Улсын анхны эмэгтэй ерөнхийлөгч болохыг хүсэж байна. Та зав байдаг бол надад туршлагаасаа хуваалцаач гэж нэгдүгээр ангийн охин сэтгэгдлээ бичиж, зөвлөгөө авахыг хүссэн байсан. Орон нутгийн сургууль болон нийслэлийн захын хороололд байдаг сургуулийн сургалтын чанар тааруу байгаа хүүхдүүд бичиж ирүүлсэн. Ерөнхий боловсролын сургуулийн боловсролыг үнэ төлбөргүй олгоно гэж Үндсэн хуулийн заалт байсаар байхад нэг хэсэг нь өндөр төлбөртэй сургуульд сурч, төлбөр төлж чадахгүй нь бага хэмжээний боловсрол олгодог тогтолцоо руу явж байгаа юм биш үү гэсэн санааг захидалдаа дурдсан байна.

-Хувийн хүсэлтээ илэрхийлсэн захидал байсан гэсэн?

-Нийт 12 мянган захидлаас хувийн, чин сэтгэлийн эд зүйлс хүссэн хүсэлт таван хувиас хэтрээгүй. Тухайлбал, 3-р ангийн сурагч ногоон өнгөтэй дугуй авах хүсэлтээ байгаагаа бичсэн байна. Дархан-Уул аймгийн нэгэн сурагч гар утас авах гэсэн юм туслаач гэж хандсан. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр захидал илгээсэн дийлэнх хувь нь өөрсдийнхөө үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлэхийн зэрэгцээ эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө миний амьдралд тулгамдаад байгаа асуудал юу байна, цаашид яаж шийдэх гарц байна вэ гэдэг өөрсдийн саналаа нуулгүй бичсэн байна. Ерөнхийлөгч ямар зүйлд анхаарлаа хандуулж, сэтгэл санаагаа чилээх вэ гэж санаа зовнисон сэтгэгдлээ хүртэл илэрхийлсэн. Бас нэг сурагчийг онцгойлон урьсан байгаа.

-Тэр онцгой сурагч хаанаас ирсэн бол?

-12 мянган захидал дунд төрсөн өдөр нь зургадугаар сарын 1-ний өдөр тохиож байгаа нэг сурагч байсан. Булган аймгийн энэ сурагчийн хүсэлтийг биелүүлж, шилдэг 100 захидалд багтаан Ерөнхийлөгчтэй уулзах боломжийг олгосон.

-Хүүхдийн захидлын агуулгын талаар ямар байсан бэ?

-Байгаль орчны тулгамдсан асуудлын талаар бичсэн байна. Ялангуяа Өмнөговь, Сүхбаатар, Дорнод аймгаас ирсэн захидлын 80 гаруй хувь нь хөрсний бохирдол маш их байна. Мөн БНХАУ-ын иргэд эх оронд минь ажиллаж байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаагаа нуулгүй бичсэн байсан. Монгол аав, ээжүүдээ ажилтай болгох тал дээр анхаараач гэдэг саналууд олон байна. Хог хаягдал Улаанбаатарт төдийгүй орон нутагт маш их байгааг анхаарч хогийн сав тавихыг зөвлөсөн захидлууд байна. Эко ногоон орчныг багаас нь хүүхдүүдэд заан төлөвшүүлэх хэрэгтэй гэсэн санаа байсан. Харин нэг зүйлд шүүмжлэлтэй хандсан. Мод тарих өдрөөр ууланд ургаж байгаа модыг тайрч авчраад хотод хөрсжүүлэх нэрийдлээр модыг тасалдаг байдлыг зогсоогооч гэсэн хүүхдийн шүүмж байна. Мод тарих өдрөөс гадна мод услах, мод үржүүлэх, ургуулах өдөртэй болъё гэдэг санаачилгыг тавьсан байна. Ховордож байгаа ан амьтадын талаар бодлого хэрэгтэй болсныг хүүхэд бичсэн. Боловсролын хүртээмжийн асуудал орон нутаг болон Улаанбаатарт харилцан адилгүй байгааг хүүхдүүд маш их шүүмжилсэн байна. Багш нар ууртай болж байна гэдгийг нуулгүй бичсэн байна. Мөн хүүхдийн чөлөөт цагаа өнгөрүүлдэг дугуйлан 300-350 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хүссэн хүүхэд бүр хамрагдаж чадахгүй байгааг анхаарууллаа. Сургуулийн эргэн тойронд дэлгүүр ажиллаж, шаардлага хангаагүй бүтээгдэхүүн зарах, явган зам хүндрэлтэй болсныг бичсэн байна. Бас нэг анхаарал татсан асуудал байна

-Ямар?

-Хүүхдийн дүрэмт хувцасны тухай бичсэн захидал олон байна. Хувцасны материал бараан өнгөтэй байхаас гадна зузаан байгаа нь зуны цагт өмсөхөд хүндрэлтэй байгааг хэлж байна. Өвөл болон зун өмсдөг хувцас гэж хоёр янз болгохоос гадна өнгөлөг болгомоор байна гэдэг саналыг дурдсан. Мөн охидын хувцсанд стандартыг тогтоож өгөөч гэсэн хүсэлтүүд олон байна. Энэ мэтчилэн олон асуулт, асуудлыг хүүхдүүд нуулгүй ирүүллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулахын төлөө, ялгаран гадуурхлыг багасгахын төлөө, хүүхдүүдийн дэвшүүлсэн санал санаачилгыг хэрэгжүүлэхийн төлөө мөн эх орны хөгжил дэвшлийн төлөө ирүүлсэн үнэтэй саналыг ажил хэрэгч болгоно гэдгээ хүүхдүүдтэй уулзах үеэр хэлсэн. Анх удаа “Ерөнхийлөгчид илгээх миний үг” аянд нэгдсэн 12 мянган хүүхдэд Ерөнхийлөгчийн илгээмжийг хүргүүлнэ. Тэд бол олон мянган хүүхэд багачуудын төлөөлөл байлаа. Мөн шилдэг бүтээлийн эзэд болсон 100 сурагч Ерөнхийлөгчтэй уулзаж, зургаа татуулж, бэлгээ авсан дурсгалтай өдрийн нэг болон үлдлээ. Хүүхдүүдийг энэ аянд оролцох боломжийг хангасан эцэг, эх, багш нартаа маш их баярлалаа. Мөн “Сайн хөршүүд” Олон улсын төрийн бус байгууллагын хамт олон аянд идэвхтэй оролцсонд талархаж байна.

 
 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж