Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Испани-1982

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Европ тивд 7 дахь удаагаа, Европ тивийн Пирнейн хойгт анх удаагаа зохиогдлоо. Испани улс 1974 онд дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулах хүсэлтээ байсан ч санал хураалтанд Баруун Германд ялагдаж байсан бол энэ удаа Баруун Герман, Итали улсуудтай өрсөлдөн ялалт байгуулж анх удаагаа дэлхийн аваргыг нутагтаа хүлээн авсан. Испаничууд хөлбөмбөгийн 1982 оны ДАШТ-ний 6 сарын 13-наас 7 сарын 11-ний өдрүүдэд 14 хотын 17 цэнгэлдэх хүрээлэнд явуулсан. Энэ нь одоогийн байдлаар хамгийн олон буюу 17 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан дэлхийн аваргын тэмцээн болж байсан юм. Мэдээж энэ бол Испани улсад хөлбөмбөг өндөр түвшинд хөгжсөн, лиг нь Европын хүчирхэг клубуудтэй байсантай холбоотой болов уу?

Испани-1982 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Африк тивээс Алжир, Камерун, Ази тивээс Кувейт, Австрали Номхон далайн бүсээс Шинэ Зеландын шигшээ баг, Төв Америкаас Гондурас улсын шигшээ багууд анх удаагаа дэлхийн аваргад оролцсон. Эдгээр анхдагчдаас Хойд Африкийн Алжир улс маш амжилттай оролцож хэсэгтээ Баруун Герман, Чилийн шигшээ багийг буулган авч, Австрид хожигдон хэсэгтээ 3-р байранд орсон. Кувейт болон Гондурасын шигшээ багууд дэлхийн аваргын анхны оноогоо авсан бол Шинэ Зеландын шигшээ баг оноо авч чадалгүй хаалгандаа 12 гоол алдаж, өрсөлдөгчийнхөө хаалганд 2 гоол оруулснаар тэмцээнээ өндөрлүүлсэн байдаг.

Мөн энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь нэлээд онцлогтой болсон бөгөөд анх удаагаа 2 сая давсан хүн цэнгэлдэх хүрээлэнд ирж тоглолт үзсэн бол анх удаагаа 24 улсын шигшээ баг өрсөлдсөн. Таван тивээс шалгарсан шилдэг 24 улсын шигшээ баг 6 хэсэгт хуваагдан хэсгийн эхний хоёр баг дараагийн шатанд шалгарсан. 2-р шатанд 12 баг 4 хэсэгт гурав гурваараа багтан өрсөлдсөн бөгөөд хэсэг тэргүүлсэн багууд нь хасагдах шатанд шалгарсан. Ингээд А хэсгээс Польш, В хэсгээс Баруун Герман, С хэсгээс Итали, D хэсгээс Францын шигшээ баг шалгарч, Польш-Итали, Баруун Герман-Францын шигшээ багууд хагас шигшээд тоглосон.

Хагас шигшээ тоглолт:

  • Польш 0-2 Итали

  • Баруун Герман 3-3 (5-4) Франц

Италийн шигшээ баг Польшийн шигшээ багийг П.Россигийн оруулсан 2 гоолоор ялалт байгуулж шигшээ тоглолтонд шалгарсан. Харин Баруун Герман болон Францын шигшээ багийн тоглолт өрсөлдөөнтэй ширүүн болж үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцсэн бол цаг сунгаад хоёр багаас тус бүр хоёр гоол орсноор тоглолт 3-3 харьцаатай тэнцэж 11 метрийн цохилтоор шийдвэрлэгдсэн. 11 метрийн цохилт гүйцэтгэхэд Германы шигшээ багаа У.Штилике бөмбөгөө алдсан бол Францын шигшээ багаас Д.Сикс бөмбөгөө алдсан. Хоёр багийн 5 тоглогч цохилт гүйцэтгэхэд хоёр багаас тус бүр нэг цохилт алдан тэнцсэн бөгөөд 6 дахь цохилт гүйцэтгэхэд Францын шигшээ багийн М.Боссис цохилтоо алдснаар хожигдсон. Ингээд Баруун Герман аваргын төлөө шалгарсан бол Францын шигшээ хүрэл медалийн төлөө тоглохоор болсон.

Медалийн төлөөх тоглолт:

  • Алтан медалийн төлөө Итали 3-1 Баруун Герман

  • Хүрэл медалийн төлөө Польш 3-2 Франц

Шигшээ тоглолтонд Италийн шигшээ баг П.Росси, М.Тарделли, А.Альтобелли нарын гоолоор ялалт байгуулж дэлхийн аваргын 3 дахь алтан цомоо хүртсэн байдаг. Харин Баруун Германы багаас нэр төрийн нэг гоолыг тоглолтын 83 дахь минутанд П.Брайтнер оруулж байжээ. Тэгвэл М.Платини тэргүүтэй Францын шигшээ баг Польшийн шигшээ багт 3-2 харьцаатай хожигдож медальгүй хоцорсон бол Польшийн шигшээ баг түүхэндээ 3 дахь удаагаа дэлхийн аваргын хүрэл медаль хүртсэн.

“Испани-1982” Дэлхийн аваргын онцлох үйл явдал:

  • Хамгийн олон гоолын зөрүүтэй ялалтаар Унгарын шигшээ баг Сальвадорын шигшээ багтай хийсэн хэсгийн тоглолтондоо 10-1 харьцаатай хожсон. Дэлхийн аваргын түүхэнд өмнө нь Унгарын шигшээ баг 1954 онд БНСУ-ыг 9-0, 1974 онд Югославын шигшээ Зайрыг 9-0 харьцаатай хожиж байсан нь хамгийн олон гоолын зөрүүгээр ялалт байгуулсан тохиолдол болж байжээ.

  • Одоогийн байдлаар анх удаа буюу эцсийн удаагаа хамгийн олон цэнгэлдэх хүрээлэнд буюу 17 цэнгэлдэх хүрээлэнд дэлхийн аваргын тэмцээн зохион байгуулагдсан

  • Итали улс 1938 оноос хойш 44 жилийн дараа буюу 9 дэлхийн аваргын дараа алтан медаль хүртсэн

  • Италийн шигшээ багийн хаалгач 40 настай Д.Зофф “Испани-1982” дэлхийн аваргын хамгийн ахмад тоглогч болсон

  • Тэмцээний мэргэн буучаар Италийн шигшээ багийн довтлогч П.Росси 6 гоол оруулсан амжилтаар тодорсон

  • Дэлхийн аваргын тэмцээний зохион байгуулагч эхний шатны 5-р хэсгээс 2-р дараагийн шатанд шалгарсан бөгөөд 2-р шатны В хэсэгт Баруун Герман, Английн шигшээ багуудтай өрсөлдөн 1 тэнцээ, 1 хожигдон тэмцээнээ өндөрлүүлсэн. Ингэснээр Испаний шигшээ баг дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулаад медальгүй хоцорсон 4 дэх улс болсон байдаг.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж