ДАШТ: Сенегал улсын шигшээ баг

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг ДАШТ-2018

ДАШТ: Сенегал улсын шигшээ баг

ДАШТ: Сенегал улсын шигшээ баг

“Орос-2018” хөлбөмбөгийн ДАШТ эхлэхэд 8 хоног үлдлээ. Мэдээллийн NEWS агентлаг ДАШТ-нд оролцох 32 улсын шигшээ багийн танилцуулгыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Сенегал улсын шигшээ багийг танилцуулж байна.


  • Дасгалжуулагч: Алью Сиссе

  • Шигшээ багийн ахлагч: Шейху Куятэ

  • Шигшээ багтайгаа хамгийн олон тоглосон: Анри Камара 90 тоглолт

  • Шигшээ багийнхаа төлөө хамгийн олон гоол оруулсан: Анри Камара 29 гоол

  • ФИФАн чансаа: 2018 оны 5 сарын байдлаар 28

  • ДАШТнд оролцсон байдал: 2002 онд оролцсон

  • ДАШТнд үзүүлсэн амжилт: шөвгийн 16д шалгарсан

Орос хүрэх замд:

2002 онд анх удаагаа дэлхийн аваргад оролцохдоо өмнөх дэлхийн аварга Францыг хожин нутаг буцахад хүргэж байсан гол дуулианы эзэн Сенегалын шигшээ баг хоёр дахь удаагаа дэлхийн аваргад оролцох гэж байна. Африк тивийн дэлхийн аваргын сонгон шалгаруулалт 3 шаттай явагдсан бөгөөд Сенегалын шигшээ баг хоёрдугаар шатнаас өрсөлдөөнөө эхлүүлж Мадагаскар арлын шигшээ багийг 5-2 харьцаатай буулган авч 3-р шатанд шалгарсан. Улмаар 3-р шатанд ӨАБНУ, Буркино-Фасо, Кабо-Верди улсуудтай өрсөлдөн ганц ч хожигдолгүй 4 хожил, 2 тэнцээтэй хэсгээ тэргүүлснээр “Орос-2018” дэлхийн аваргад оролцох эрхтэй болсон.

Шигшээ багийн бүрэлдэхүүн:

Сенегалын шигшээ багийг 2002 оны сенсаци дэгдээж байсан шигшээ багийн тамирчин А.Сиссе удирдаж байна. Шигшээ багтайгаа 3 дахь жилдээ ажиллаж буй А.Сиссе шигшээ багийнхаа 23 тамирчныг бүрдүүлэхдээ ихэвчлэн Европ тивд тоглодог тамирчдыг багтаажээ.

  • Хаалгач: А.Диалло (Францын Ренн), Х.Н’Диайе (Гвинейн Хоройя), А.Гомес (Италийн СПАЛ)

  • Хамгаалагч: С.Сисс (Францын Валансьен), К.Кулибали (Италийн Наполи), К.Мбож (Бельгийн Андерлехт), Ю.Сабали (Францын Бордо), Л.Гассама (Туркийн Аланьяспор), М.Ваге (Бельгийн Эйпен)

  • Хагас хамгаалагч: И.Гейе (Английн Эвертон), С.Сане (Германы Шальке-04), Ш.Куяте (Английн Вест Хэм Юнайтед), Ш.Н’Дойе (Английн Бирминхем Сити), А.Н’Диай (Английн Уолверхэмптон Уондерерс), Б.Ндиайе (Английн Стоук Сити)

  • Довтлогч: М.Сов (Туркийн Бурсаспор), М.Диуф (Английн Стоук), С.Мане (Английн Ливерпүүл), М.Конате (Францын Амьен), Д.Сако, И.Сарр (Францын Ренн), К.Бальде (Францын Монако), М.Ньянг (Италийн Торино)

ДАШТ-ний хэсэг:

Сенегалын шигшээ баг дэлхийн аваргын Н хэсэгт багтсан. Н хэсэгт Сенегал, Польш, Колумби болон Японы шигшээ багууд багтсан бөгөөд 2002 оны амжилтаа давтах боломжтой. Хэсгийн эхний тоглолтоо Польшийн эсрэг хийх бөгөөд хожигдолгүй гарч чадвал дараагийн хоёр өрсөлдөгчөө буулгаж авах боломж бий. Сенегалын шигшээ баг хэсгээс гарахын тулд Польш болон Колумбын шигшээ багуудтай гол өрсөлдөөн өрнүүлэх байх.

Түлхүүр тоглогч:

Английн Ливерпүүл клубын довтлогч С.Мане бол Сенегалын шигшээ багийн довтолгооны гол тоглогч юм. С.Мане Ливерпүүл клубтээ өнгөрсөн улирлын турш 44 тоглолтонд оролцохдоо 20 гоол оруулсан бөгөөд аваргуудын лигийн шигшээ тоглолтонд ч гоол оруулаад амжсан шилдэг довтлогч юм. Анх удаагаа дэлхийн аваргад оролцох гэж буй С.Мане хэсгийн өрсөлдөгч багуудын хамгаалагч нарын толгойны өвчин болох нь гарцаагүй. Хэрвээ өөрийн үндсэн байрлалдаа тогловол илүү аюул тарихуйц тоглогч юм.

Б.Бямбабаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж