Эмэгтэйчүүдийн гар цүнхний чамин загвараар олонд танигдсан Кейт Спейд компанийг үндэслэгч хатагтай Кейт Броснахан Спейд өчигдөр /2018.06.05/ Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэхь гэртээ хоолойгоо боон амиа хорлосон байдалтай олджээ.
Нью-Йорк хотын цагдаа нар түүний гэрээс амиа хорлосон гэх зурвас олсон байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар зурваст өөрийн охин, нөхрийн талаар дурдсан байжээ.
55 настай дизайнер өөрийн нэрээр нэрлэсэн Кейт Спейд Нью-Йорк компаниа анх 1993 онд байгуулж, дараа жилд нь анхныхаа дэлгүүрээ нээж байв. Гар цүнхийг торгомсог, зөөлөн эдлэлээр чимж, тод өнгөтэй хослуулснаараа цүнхний цоо шинэ загварыг бий болгосон гэж түүнийг үнэлдэг.
Тансаг зэрэглэлийн загварын компани болох Coach брэнд 2017 оны тавдугаар сард Кейт Спейд компанийг 2,4 тэрбум ам.доллараар худалдаж авсан юм. Энгийн гарт барьдаг цүнхийг үнэ цэнэтэй брэнд болгож чадсан Кейт Спейд компани өнөөдөр АНУ даяар 140 дэлгүүр, олон улсад 175 нэрийн дэлгүүртэй.
Компанинй зүгээс үндэслэн байгуулагч, шинийг сэтгэгч, хүндтэй хүнээ алдсандаа гүнээ харамсаж байгаагаа илэрхийлэн, мэдэгдэл гаргажээ. АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампын охин Иванка Трамп мөн эмгэнэл илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN