Шинэ ном: Дууч хөвгүүд

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

ШИНЭ НОМ

Испанийн зохиолч Элена Алонсо Фрайлийн 2015 онд бичсэн "Дууч хөвгүүд" номд дуу хөгжмөөр холбогдсон хоёр хүүгийн тухай өгүүлнэ. Начо хэмээх Испани хүү дэлхийн хоёрдугаар дайны үед аялан тоглолт хийж яваад гэртээ харих аргагүй болж Австрали тивд бүрмөсөн үлдсэн Венийн найрал дууч хөвгүүдийн тухай тэр дундаа Густав хэмээх хүүгийн сэтгэл догдлом түүхийг олж сонсоно. Зохиолд өөр цаг хугацаа, өөр өөр газарт энэ хоёр хүүгийн амьдрал зэрэгцэн өрнөж Начо Густавын түүхээс айдас, ганцаардлаа даван туулах урам зориг авдаг.


Густав аялах бас дуулах дуртай, 1938 онд 10 настайдаа тэр аль хэдийн алдартай болсон байлаа. Учир нь тэр "Венийн найрал дууч хөвгүүд"-ийн нэг байсан юм. Дэлхийг тойрч, урт удаан хугацаагаар аялан тоглолт хийж явсан хөвгүүд дайны улмаас эх орондоо буцах аргагүй болж Австралид үлдэн, үрчлэгддэг. Густав 20 жилийн дараа хуримаа хийхдээ л гэр бүлийнхэнтэйгээ ахин уулзана. Олон жилийн дараа Мадридад амьдардаг Начо хүү энэ түүхийг санамсаргүй олж сонсоно. Начо ч бас дуу хөгжимд хайртай, өөр хотод нүүж ирээд удаагүй болохоор найз нөхөдгүй ганцаардана. Ээж нь түүнд дууч шувуу бэлэглэж Начо шувуундаа хэрхэн дуулахыг зааж өгснөөр ганцаардахаа больж, найз нөхөдтэй ч болно.

Төмөр торон доторх дууч бяцхан шувуу Амадеус болон түүнтэй адил ганцаардан гуних Начогийн зан байдлаас уншигчид зарим үед хүмүүс бид гадаад ертөнцөөс өөрийгөө тусгаарлан, эргэн тойрнынхноо өөрийн таамгаар дүгнэж, өрөөсгөл бодолдоо хүлэгдэж байдгийг олж харах болно. Густавын түүхийг сонссоноор Начо аливаа зүйлийг гүн гүнзгий, өргөн хүрээтэй харж, дотоод зөрчлөөсөө чөлөөлөгдөж чадна. Тэднийхээр байнга зочлон ирэх Эле эгчийгээ уйтгартай, залхмаар хөгшин хэмээн түвэгшээж байсан нь ч өөрчлөгдөж, Густавын тухай сонссоноор өнгөрсөн цаг хугацаагаар аялаж, энэ настай эмэгтэйн дотоод сэтгэлийн сайхныг бишрэх болно. Далан жилийн тэртээ нэгэн хөвгүүнд тохиолдсон хэрэг явдлаас орчин цагийн өөр нэгэн хөвгүүн өөрийгөө нээж харах түлхүүрийг олох юм.
Гучаад оны үеийн Венийн дууч хөвгүүдийн түүхээс сэдэвлэн басхүү австричуудын соёл, олон үнэтэй санаагаар баяжуулан, өнгөрсөн ба одоо цагийн үйл явдлыг хэлхэн бичихдээ хэн нэгний түүх өөр нэг хүнд хэрхэн нөлөөлдөг болохыг энэ зохиол харуулжээ. Түүнчлэн төрж өссөн орчин ахуйгаасаа салж, холдсон хэн бүхэнд тохиолддог бэрхшээлийн тухай, нөхөрлөл, хөгжим тэр дундаа найрал дуучид хамтын хүч чармайлтаар нэг хүн мэт болдог тухай ч өгүүлжээ. Австралийн үндэсний музейд "Венийн Дууч хөвгүүд"-д зориулсан танхим одоо ч бий. Хөгжим, хүүхэд нас тэднийг холбож Начо нас дээр гарсан Густавд захидал бичнэ…
Гайхалтай басхүү сэтгэл шимшрэм бодит түүхээс сэдэвлэн бичсэн, усан будгийн зургуудтай энэхүү номыг уншаарай.

Эх сурвалж: www.monsudar.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж