“Салхи эрхшээгч” л төрийн эрхшээлд ганцаараа үлдэх нь

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

“Салхи эрхшээгч” л төрийн эрхшээлд ганцаараа үлдэх нь

“Салхи эрхшээгч” л төрийн эрхшээлд ганцаараа үлдэх нь

Гэрээнд гарын үсэг зурж “гэрийн даалгавар” сайн хийсэн залуус 461 дүгээр анги руу цувах боллоо. Эх үрсийн баяраар нүдэндээ нулимстай эх, үрийн тоог нэмж, хөл хүнд эхийг хорихын гадаа хүлээлгэсэн Монголын төр хүний газраас эрдэм өвөрлөж эх орондоо ятгалгаар шахам ирж ажилласан залуусаа ингэж “шагнаж” байна. Маргааш өндөр мэдлэгт тэмүүлж, эх орноо гэсэн их амбицаар ажиллаж байгаа таны хүүг, миний ханийг гэрээс нь гавтай авч гарч “шагнавал” гайхах хэрэггүй болжээ.

Том төслийг “хөдөлгөх” гэдэг бол том ах нарын тоглоом. Дүрмээ ч сайн мэдэхгүй энэ тоглоомоос хождог нь тэд.

Засгийн газрын тэргүүн, сайд нарын даалгаврыг биелүүлсэн Б.Бямбасайхан тэндээс хожоогүй. Гэхдээ одоогийн байдлаар 461 дүгээр ангийг “том ах нар”-аа үдээд ганцаараа манаж үлдэхээр шинжтэй болоод явчихлаа.

Ерөнхий сайд аснууд эмнэлгээр дамжин гэртээ харих нь бараг ойлгомжтой болсон. Гэтэл “Б.Бямбасайханд холбогдох хэрэг нотлогдохгүй байгаа тул суллахгүй байгаа гэнэ. Харин одоо мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар бол “Хэрэг нотлогдохгүй” бол цагаатгах учиртай. Түүнээс биш нотлогдтол нь хорих тухай заагаагүй. Хэзээ ч нотлогдохгүй бол яах вэ. Албан бус “цаазын ял” уу. Ингэж баривчлахаасаа эхлээд “хүчээр хүлээлгэж дуустлаа” хорьдог хууль манайд байхгүй.

Та бүхэн санаж байгаа бол Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаар ажиллаж байхад түүний ахлах зөвлөх Л.Гансүх нүүрсний хэргээр АТГ-т баригдаж байв даа. Тэрэлж рүү амралтаар явж байхад нь яг л Б.Бямбасайханыг баривчилсан шиг зогсоо чөлөөгүй залгасаар байгаад “Ганцхан зүйл тодруулъя” гээд хорьчихсон. Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэсэндээ прокурорын зөвшөөрөлгүйгээр хоригдчихлоо шүү гэдгээ Ерөнхий сайддаа дуулгачихмаар байдаг чаддаггүй. Тэгээд АТГ-ын ариун цэврийн өрөөний цонхоор “оргож” бидний ярьдгаар “Хүүхдийн 100”-гийн орчимд гүйж яваад азаар намынхаа гурван гишүүнтэй тааралдахад нэг эмэгтэй гишүүн нь л Л.Гансүхтэй “зориглон” үг сольж Ерөнхий сайдад “ахлах зөвлөхийг нь баривчилсныг дуулгасан байдаг. Энэ хооронд прокурорын зөвшөөрөл ч бэлэн болж  Л.Гансүх дуулгавартайгаар паарнаас гавлуулаастай  үргэлжлүүлэн хоригдож хоцорсныг өөрөөс нь сонссон билээ. Б.Бямбасайханыг ч мөн л ийнхүү амралтаас дуудсаар хорьж чадсан. Тэд ингэж баривчилдаг.

Б.Бямбасайхан гэдэг залуу ямар гэр бүлд өсч, хэн болж хүмүүжин, хаана ажиллаж, юу зорьж явсныг түүний гэргийн нулимстай ярилцлагаас олон нийт жаахан ч атугай ойлгосон байх. Монгол Улсыг сэргээгдэх эрчим хүчний гол тоглогч болгоно гэж зорьж, хийж бүтээж явахад нь түүний хэлний чадвар, тархины багтаамж, танилын хүрээлэл, гадаад талдаа танигдсан имиж нь Монгол төрийн томчуудын “тоглох” гэж байгуулсан “Эрдэнэс Монгол” гэдэг төрийн өмчит компанийг удирдахад яг тохироод байж. Ингээд түүнийг зүгээр л явж байхад нь улс төрийн бохир эргүүлэгт татан оруулж. Эр хүн ийм боломж, амбицаас татгалзвал түүнийг “амьтан” гэж нэрлэж болох байх л даа. Хийгээд зүтгээд үзлээ. Санал зөрөлдөх үе цөөнгүй байсан ч багын хүмүүжил нь хүмүүстэй эвээ олох, удирдах албаны эрэмбэ зиндааг хүндэтгэдэг болгож өсгөсөн тул болгох гэж зүтгэсээр “тултал нь” яваад л энэ.

Үүний бас нэг жишээ гэвэл Б.Батзаяа. “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирлаар, тэр ч байтугай Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ залуу яг л ийм “гарын үсэг”-ний асуудлаар нэг л өдөр АТГ-ынханд гэрээсээ баривчлагдсан. “Ах нар” араас нь шалгагдсан. Харин саяхнаас “ах нар”-ын хэрэг хэрэгсэхгүй болсон сурагтай. Хэдийгээр Б.Батзаяа бидэнтэй хотын гудамжнаа чөлөөтэй алхаж яваа нь тааралдах болсон ч хэрэгсэхгүй болгосон гэх нэрсэд түүний нэр харагдсангүй. Хамгаалагч байснаа Төрийн өмчит компани удирдах болсон, улмаар “ах нар”-ын мөрөөдөөд ч очиж чаддаггүй Төрийн нарийн бичгийн дарга хүртлээ “нисч” явсан нислэгийн тийзний төлбөр ердөө л түүний гарын үсэг байж шүү дээ.

Харин Б.Бямбасайханы тухайд бодож явсан зорилго, эхлүүлж байсан зорилго нь тун өвөрмөц, их холын төдийгүй эх оронч, дэлхийн хэмжээнд сэтгэдэг, хийдэг нэгэн байв. Хэдийгээр “Ах нарын хүслийг Б.Бямбасайханы гарын үсэг гүйцээсэн” байж болох ч Б.Бямбасайханы зорилгыг “ах нар” тэс өөрөөр биелүүлэх байж. Үүнийг нь одоо ШХАБ-д элсэх тухай ярьж байгаа, тус байгууллагын энэ удаагийн хурлаар хэлэлцэх ШХАБ-ын гишүүн орнуудын эрчим хүчний хамтын ажиллагааны онцлох зүйл гэгчээс харж болно. Үүнд “олон улсын эрчим хүчний засаглалын тогтолцоо ихэвчлэн хөгжсөн эдийн засгийн цогц руу чиглэдэг учраас ОХУ, Төв Ази зэрэг экспортлогч орнууд, Хятад, Энэтхэг зэрэг эрчим хүч импортлогч улс орнуудад ашиггүй байдаг. Тиймээс ШХАБ “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны индэр, механизм байгуулах нь дэлхийн эрчим хүчний засаглалыг сайжруулах, бүс нутгийн эдийн засгийн хөгжилд ашигтай юм. ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнууд “Парисын хэлэлцээр”-т оролцож, эрчим хүчний шинэчлэлийг дээшлүүлэх талаар, тодорхой зорилго тавьж, ногоон эрчим хүч, нүүрстөрөгч бага ялгаруулах ажлыг ахиулж, шинэ эрчим хүчийг хөгжүүлэн, ногоон, нүүрстөрөгч бага ялгаруулах замаар хөгжих чиг хандлагатай боллоо” гэжээ. Энэ бол “манай” Б.Бямбасайханы зорилго билээ. Тэрбээр “Монголд хориод эрчим хүчний том төслүүд бий. Тэд яагаад хэрэгждэггүй гэхээр дээрээс улс төрийн шийдвэр гаргаад “Энд ийм цахилгаан станц барина” гэдэг учраас болдоггүй юм. Өөрөөр хэлбэл, зах зээл байгаа эсэхийг судлаагүйтэй л холбоотой. Сайншанд яагаад бүтдэггүй гэхээр зах зээл байгаа эсэхийг одоо хүртэл бид мэддэггүй. Зах зээл гэдэг бидний хувьд хамгийн түрүүнд Хятад шүү дээ. Хятадыг бид ерөөсөө ойлгодоггүй юм байна” гэж ярьж байлаа. Харин одоо “ах нар” нь Хятадыг “ойлгодог” болж. Бүр “ойртъё” гэж ярьдаг болсон байна.

“Эрдэнэс Монгол”-ын захирлаар ажиллаж байхдаа “Миний хашиж байгаа алба хүмүүст эерэг үлгэр дуурайлал болох боломжийг надад олгож байгаа” гэснээрээ тэрбээр Төрийн өмчит компанийг хэрхэн зөв удирдах тухай зургаа хэдийн зурчихсан, Сингапурын “Темасек”-ийн 40 жилд хийснийг 10 жилийн дотор хийнэ” гэж ярьж байв. Ийм хүн хулгай хийх үү. Арай Сайншандын аж үйлдвэрийн паркийг сав л хийвэл муугийн жишээнд дурддагаараа “зарим хүний” дургүйг хүргэсэн юм биш биз. Түүнээс биш Дубайн төлөвлөгөө гэгчийн хувьд бол “өөр ах нарт” зориулсан бэлэг байсан. “Тохиролцоо” гэгчээрээ “зохицуулагдаад” явж байгааг бид харж байна. Харин Б.Бямбасайханы хувьд бол өөр. “Салхи эрхшээгч”-ийг маань хаанахын ямар хүч “эрхшээсэн” нь бараг тодорхой ч хэзээ эрх чөлөөтэй болох нь хамгийн тодорхойгүй байна. Харамсалтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж