Дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) ОХУ-д эхлэхэд найм хоногийн хугацаа үлдлээ. Монголчуудын хувьд ДАШТ-ийг дэргэдээс нь үзэх боломж бүрэн бий. Хөлбөмбөгийн улирал эхэлсэн эдгээр өдрүүдэд хөгжөөн дэмжигчдийн очих газрууд ээлжлэн нээгдсээр байна.
Оросын шинжлэх ухаан, соёлын төв (РЦНК) гадна задгай талбайд тоглолт үзэх бүрэн боломжийг олгохоор бэлтгэлээ хийж байна. Энэ үеэр хөгжөөн дэмжигчдийн фестивалийг зохион байгуулахаар болсон юм.
Тодруулбал, РЦНК-ийн гадна талбайд 44 хоногийн турш болох хөлбөмбөгийн фестиваль зохион байгуулагдана. Ирэх баасан гаригт (2018.06.08) нээлтээ хийх асрын үйл ажиллагаатай Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Азизов Искандер Кубарович өөрийн биеэр танилцжээ.
Хөлбөмбөгийн фестивалийн үеэр олон сонирхолтой хөтөлбөрийг бэлтгэж, Монголын хөлбөмбөгийн холбоотой хамтран “Mini World Cup” тэмцээнийг ч зохион байгуулахаар болсон байна.
Фестивалийн үеэр спортын арга хэмжээнээс гадна урлагийн тоглолтууд зохион байгуулахаар болжээ. Ирэх баасан гаригт болох нээлтийн арга хэмжээнд дуучин Маралжингоо, Тэнүүн, Чойжоо болон “The Colors”, “Нисванис”, “Люмино” зэрэг хамтлаг дуучид оролцохоор болсон байна. Үүний дараа рок поп, UB Comedy зуны Big Show, Фүүд Фест зэрэг энтертайнмент хөтөлбөрийг бэлтгэхээр болжээ.