Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр буюу өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 42, 50, 58, 69 болон 85 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорсон бол өнөөдөр эрэгтэйчүүдийн чөлөөт бөхийн үлдсэн жин болох 46, 54, 63, 76, 100 жинд медалийн эзэд тодрох учиртай. Өчигдөр болсон барилдаанд Монголын тамирчдаас Х.Хишигбат /42 кг/, Н.Билгүүн /58 кг/, Г.Төрболд /69 кг/, Э.Төгөлдөр /85 кг/ нарын дөрвөн бөх дэлхийн аваргын дэвжээнд хүч үзсэн ч медалийн тавцанд гарч чадсангүй.
Монголын баг тамирчдаас өчигдөр 42 кг-ын жинд Х.Хишигбат зодоглож, эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойргийн барилдаанд Канадын бөх Жордан Ричард Рагунандахыг 10:0, 4:0 харьцаатай ялсан ч удаахь барилдаандаа Энэтхэгийн бөх Рам Канвар Мангал Кадиянд 5:1, 2:0 оноогоор ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ. Мөн 50 кг-ын жинд барилдсан Ө.Бямбацогт эхний тойргийн барилдааныг өнжиж, хоёрдугаар тойрогт Армяны Нарек Бабаянд 0:2, 1:0, 4:1 харьцаатай дийлдсэн бол 69 кг-д Г.Төрболд мөн л эхний тойрогт хийлсэн ч хоёрдугаар тойргийн барилдаанд АНУ-ын Оливер Пирст 5:1, 3:1 харьцаатай ялагдсан байна. Харин 85 кг-д барилдсан Э.Төгөлдөр эхний барилдаандаа Узбекистаны тамирчин Шавкатьон Одинаевт 6:0, 4:0 оноогоор дийлдэж, дэлхийн аваргыг орхижээ.
Харин өнөөдөр Монголын баг тамирчдаас 46 кг-д З.Занабазар, 54 кг-д Г.Бэгзжав, 63 кг-ын жинд Э.Мөнх-Эрдэнэ, 76 кг-д Б.Нямбаяр нар хүч үзнэ.
Тэмцээний хуваарийн дагуу 25, 26-нд эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн барилдаан болж, тэмцээний сүүлийн хоёр өдөр буюу 27, 28-нд сонгомол бөхийн барилдаан болно.