Хавдрын эсрэг үндэсний аян энэ жил найм дахь жилдээ хэрэгжиж байгаа. Анх эхлэхдээ 21 аймаг есөн дүүргийн хэмжээнд аян өрнөж байсан бол энэ жил баруун бүсийн гурван аймгийг хамруулж байгаа юм. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төвийн (ХСҮТ) баг Увс аймагт зургадугаар сарын 4-8-нд ажиллах юм. Харин Баян-Өлгий аймагт зургадугаар сарын 11-15-нд, Ховд аймагт зургадугаар сарын 18-22-нд ажиллана. Аяны талаар ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаагаас тодрууллаа.
-Аян хэрэгжээд найман жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын хавдрын нөхцөл байдалд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Халдварт бус өвчин дундаа хавдар нь дэлхий нийтэд тулгамдсан асуудал болоод байна. Өвчлөлөөсөө илүү нас баралтын шалтгаанаар хавдар тэргүүлж байгаа. Хавдар нь Монгол Улсад сүүлийн 20 жил нас баралтаараа хоёрдугаарт орж байна. Үүний эсрэг дорвитой арга хэмжээ авахад төрийн бодлого чиглэдэг. Өвчлөл ч мөн сүүлийн жилд нэмэгдэж байгаа. Аян хэрэгжиж эхэлсэн 2011 он болон 2018 оныг харьцуулахад нэлээд өөрчлөлт гарч байгаа. Үр дүнг гурван хэлбэрээр дүгнэж болно. Нэгдүгээрт, 2011 оноос эхлэн хавдрын талаар мэдээллийг орон даяар өгч эхэлснээр ард иргэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг мэддэг, хэрхэн урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болсон. Ер нь хорт хавдраар өвчлөхгүй байх арга нь бидний гарт байдаг гэдгийг мэдсэн гэж бодож байна. Учир нь, аяны талаар мэдээлэл түгээхээр очиход орон нутгийн иргэд биднийг хүлээлгээд байж байдаг. Хоёрт, аяны хүрээнд орон нутгийн эмч нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, сургалт явуулсан. Гуравт, 400 гаруй хорт хавдартай хүнийг орон нутагт нь оношилсон. Харамсалтай нь, тэдний 70 гаруй хувь нь хожуу шатандаа байсан. Үлдсэн хувь нь эрт илрүүлэгт орсны дүнд эмчилгээнд орж, эдгэсэн.
-Аян энэ жил зөвхөн баруун бүсийн гурван аймгийг хамруулж байна. Учир нь юу вэ?
-Аян анх эхлэхдээ 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийг хамруулж байсан бол энэ жил гурван аймагт хэрэгжүүлж байгаа. Учир нь, Баруун бүсийн аймагт өвчлөл их байна Ходоодны хорт хавдарт анхаарах цаг болсон тул ХСҮТ-ийн зүгээс үүнд бодлогоо чиглүүлж байгаа. Энэ утгаараа өвчлөл өндөртэй баруун бүсийн аймагт элэг, ходоод, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдрын илрүүлэг хийнэ. Улаан хоолойн оношилгоонд дурангийн үзлэг чухал. Энэ үедээ хеликобактер тестээр үзэж байгаа.
-Баруун бүсийн аймгуудад өвчлөл яагаад их байдаг юм бол?
-Ходоод, улаан хоолойн өвчлөл баруун бүсийн аймагт их байгаа. Судалгаагаар энэ нь хоол ундтай нь холбоотой байна. Давс ихтэй, хийцтэй цай, болон даршилсан, нөөшилсөн зүйл хүнсэндээ хэрэглэдэг нь ийм төрлийн өвчлөл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.
-Аяны хүрээнд хэдэн насны, хэчнээн хүн оношилгоонд хамрагдах боломжтой вэ?
-Ерөнхийдөө аян хэрэгжих аймгийн бүх хүн амыг хамруулах боломжтой. Аливаа төсөл хөтөлбөр зорилтот бүлгээ тодорхойлж, тодорхой тооцоололтой хэрэгждэг. Зорилтот бүлгийн насны хувьд ходоод, элэгний оношилгоонд 40-өөс дээш насны, умайн хүзүүн хорт хавдрын оношилгоонд 30-аас дээш насны эмэгтэйчүүдийг хамруулж байна. Ходоодны үрэвсэлтэй, удамшлын эмгэгтэй зэрэг шалгуураар орон нутгийн эмч нар эрсдэлт бүлгийн иргэдийн жагсаалтыг гаргаснаар оношилгоонд хамрагдах боломжтой.
-Хавдраас урьдчилан сэргийлэх энгийн зөвлөгөө өгөхгүй юү?
-Хавдраас хэрхэн сэргийлэхийг мэдээлэх нь эрүүл мэндийн байгууллагын үүрэг, яаж сэргийлэх нь иргэний сонголт. Элэг, ходоод, умайн хүзүүний хавдрын шалтгаан нь тодорхой. Эдгээр гурван хавдар нь нийт хавдрын 60 гаруй хувийг дангаараа эзэлж байна. Шалтгаан нь тодорхой өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөхгүй байх бүрэн боломжтой. Элэгний хувьд В,С вирусийн халдвар, умайн хүзүүний хавдар нь хөхөнцөр вирусийн халдвар авахгүй байхад хавдраар өвчлөхгүй байж болно. Ходоодны хавдар нь хеликобактерын халдвар авснаас үүснэ. Эдгээрийн халдвараас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Учир нь, халдвар дамжих зам нь тодорхой. Хеликобактер нь хоол хүнсээр, хөхөнцөр болон В, С вирус нь бэлгийн замаар дамждаг. Мөн В, С вирус нь цус, цусан бүтээгдэхүүнээр буюу арьс, салалтын бүрэн бүтэн байдал алдагдсанаар дамжин халдварладаг.
-Хэдэн жилийн дараа улсын хэмжээнд хавдар эрс буурах бол?
-Үүнийг тодорхойлж хэлэх боломжгүй. Учир нь, хавдар нь архаг өвчний суурин дээр үүсдэг. Тухайлбал, В,С вирусийн халдвар авснаар элэгний хатуурал, үрэвсэл зэрэг шат дамжлагаар өвчилж, хамгийн багадаа 15-20 жилийн дараа элэгний хавдар болдог. Хөхөнцөр вирус нь мөн адил 15-20 жилийн дараа хавдар болдог. Тиймээс бид эдгээр хавдрын урьдал эмгэгүүдийг илрүүлбэл хавдар болохоос нь өмнө эмчлэх боломжтой. Эрт илрүүлэг явуулснаар өвчлөлийн тоо нэмэгдэх ч гол зорилго нь хавдрыг эрт үед нь илрүүлж, нас баралтыг бууруулах.