Эцэс төгсгөлгүй галт уулын дэлбэрэлт

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Эцэс төгсгөлгүй галт уулын дэлбэрэлт

Эцэс төгсгөлгүй галт уулын дэлбэрэлт

Хавайн арал дахь Килауэа галт уул тавдугаар сарын 3-нд дэлбэрсэн мэдээ гарснаас яг сарын дараа буюу өнгөрсөн ням гаригт /2018.06.03/ төв Америкийн Гватемал улсад Фуэго галт уул хүчтэй дэлбэрч, ойр орчмын байгаль, хүн амд ноцтой аюул учруулж байна. Дараалан гарсан энэхүү хоёр тохиолдол дэлхий нийтийн анхаарлыг татаж, олон улсын сайн дурын баг ажиллахаар Хавай, Гватемалийг зорьж байна. Дэлхийн хаа нэгтээ жилд дунджаар 50-60 галт уул дэлбэрдэг гэсэн тоо баримтаас үзвэл энэ нь тэдний нэгхэн л хэсэг гэж бодохоор галт уулын аюул даанч их юм.

Дэлхий дээр далайн түвшнээс дээш 1500 орчим галт уул байдаг нь сүүлийн 10 мянган жилийн турш идэвхтэй байдалд оршиж байна. Тэдгээрийн 539 нь түүхийн явцад дэлбэрч тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Эдгээр галт уулсын ихэнх нь Номхон далайн эрэг орчмоор орших ба нийтдээ 40 мянган км сунаж тогтсон тойрог хэлбэртэй энэхүү гинжин цувааг Номхон далайн “галт цагариг” хэмээн нэрлэдэг байна.

Ази тив, Хойд ба Өмнөд Америкийн тектоник хавтангийн эргээр сунаж тогтсон галт уул хийгээд газар хөдлөлтийн өлгий болсон энэ бүст дэлхий дээрх идэвхтэй галт уулын 75 хувь нь байрладаг. Мөн дэлхийн бүх газар хөдлөлтийн 90 орчим хувь нь энэ тойрогт үүсдэг байна.

Ер нь хавтангууд гулгана, мөргөлдөнө, дээр доороо орж байнгын хөдөлгөөнд орно. Энэхүү хөдөлгөөний үр дүнд гүнзгий далайн суваг бий болж, галт уул дэлбэрч, газар хөдөлдөг аж. Галт уулан доторх халуун шингэн чулууг магма, урсан гарч ирэх шингэнийг лава гэнэ. Лава нь 1,250 градус хүртэл халж, замдаа таарсан бүхнээ устгах чадвартай байдаг. 1883 онд Кракатау галт уул дэлбэрэхдээ 200 мегаваттын энерги ялгаруулсан нь 15 мянган ширхэг цөмийн бөмбөгтэй тэнцэх гэнэ. Галт уулаас ялгарах хорт хий агаар мандлын бүтцийг өөрчилж амжина.

Галт уул дэлбэрсний дараа уур амьсгалд гарах өөрчлөлт:

1815 онд Индонезийн Тамбора галт уул дэлбэрсэн нь дэлхийн хамгийн хүчтэй дэлбэрэлт гэж түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энэхүү үйл явдлын дараа дэлхийн цаг агаар 3 градусаар буурч, сэрүүссэн. Жилийн дараа ч бөмбөрцгийн хойд хагаст сэрүүхэн зуны сарууд үргэлжилсээр байв. Тэр жил Европ, хойд Америкт зун болоогүй ч гэж ярьдаг.

1991 онд Филиппин улсын газар нутагт Пинатуба гэх галт уул дэлбэрсний дараа агаарын тогтмол хэм бага зэрэг сэрүүсч, нарийн ширхэглэг үнс нурам агаар мандалд цацагдан, их хэмжээний үүл бий болгосон. Уг үүлэн дэхь 22 сая тонн гаруй хүхрийн давхар исэл дээр ус нэмэгдсэнээр хүхрийн хүчилтэй дусал үүсэх нь тэр. Энэ нь дэлхий рүү тусах нарны туяаг хааж, зарим бүс нутагт агаарын хэм 0.5 градусаар буурахад хүргэж байв.

Өнөөдөр дэлхий дээр 350 сая хүн буюу 20 хүн тутмын нэг нь идэвхтэй галт уулын бүст амьдарч байна гэсэн судалгаа байдаг. Идэвхтэй галт уулын бүст байгаа орнуудыг Индонез улс тэргүүлдэг. Эрдэмтэд галт уулын хамгийн эрсдэл дагуулсан 10 орноор Индонез, Филиппин, Япон, Мексик, Этиоп, Гватемал, Эквадор, Итали, Эл Салвадор, Кени улсуудыг нэрлэж байна.

Индонез улсад 76 идэвхтэй галт уул бий

Японд гэхэд идэвхтэй галт уул 110, Филиппинд 23 байх жишээтэй. Байгалийн хүчин зүйлээр тохиолдож байгаа галт уулын дэлбэрэлтийг хэн ч зогсоож чадахгүй. Харин аль болох эрсдэл багатай даван туулахад урьдчилан мэдэх арга хэмжээ галт уул судлалын шинжлэх ухааны том ололт байх юм. Эрдэмтэд газрын хөдөлгөөн, хийн гадагшлалт зэргийг судлан галт уул хэзээ дэлбэрэхийг амжилттай тооцоолсон тохиолдол бий ч, тэр болгон амжилттай байдаггүй.

Японы Цаг уурын хүрээлэн 100 гаруй галт ууланд өдөр шөнөгүй хяналт тавьж ажилладаг ч 2018 оны нэгдүгээр сарын 23-нд Күсацү цанын бааз дахь галт уулын дэлбэрэлт ямар ч шинж тэмдэг илрэлгүй гэнэт тохиолдсон.

Эрчимтэй идэвхжиж байгаа галт уул судалгааны салбарт ажиллагсдын тоо 2016-2026 онд 12 хувиар нэмэгдэх хандлагатай байгаа нь сайшаалтай хэрэг. Гэсэн ч бид энэхүү тойрогт байгаа цагт дэлхий ертөнцөд галт уулын дэлбэрэлт тасралтгүй үргэлжилсээр л байх болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж