Зургаан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амиа алдсан нь хангалттай биш гэж үү!

Хуучирсан мэдээ: 2018.06.06-нд нийтлэгдсэн

Зургаан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амиа алдсан нь хангалттай биш гэж үү!

Зургаан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амиа алдсан нь хангалттай биш гэж үү!

Монголын уламжлалт баяр Эрийн гурван наадмын нэг хэсэг хурдан морины уралдаан нь төрт ёсны өв соёл гэдэг нь маргашгүй үнэн. Бараг сарын дараа Үндэсний баяр наадам болох тул уяачид аль хэдийнээ уяа сойлгоо тааруулж, арга ухаанаа нарийсгаж эхэлсэн биз. Сүүлийн жилд Үндэсний наадмаас гадна хэн дуртай нь наадам зохион байгуулж, бооцоотойгоор морь уралдуулах болсноор хурдан морь унаач хүүхэд унаж бэртэх нь нэмэгдэж, уламжлалт баярын үнэ цэнэ алдагдах болсон. Үүнийг дагаад жилийн дөрвөн улиралд мориныхоо уяа сойлгод анхаарч, морьдоо хүүхэд адил “бөөцийлөх” олон мянган уяачдын уйгагүй хөдөлмөр, үнэ цэнэ алдагдаж байгаа. 

Зургаан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр нь амь алджээ

Тухайлбал, өнгөрсөн жил 87 хүүхэд уралдааны явцад мориноос унажээ. Тэдний зургаа нь хүнд бэртэж, хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр нь амь насаа алдсан байна.

Хурдан морь унаач хүүхэд өвөл, хаврын хасах хэмд уур цанд дарагдаж, шавар, шавхайтай холилдон уралдаанд оролцож байгаа нь тэдний унаж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлж улмаар дээрх тоог өсгөж байгаа юм. Түүнчлэн, хурдан морь унаач хүүхдийн 30 хувь нь өөрсдийн морио унадаг бол үлдсэн хувь нь бусдын морийг унадаг аж. Энэ утгаараа хөдөлмөр эрхлэлт болоод байна. Тэр дундаа хасах хэмд хүүхдээр хурдан морь унуулах нь хүүхдийн аюултай хөдөлмөр эрхлэлтийн нэг.

Хурдан морь унаач хүүхдийг тойроод олон асуудал үүсдэгийн нэг нь хичээл хоцрогдол. Тухайлбал, хурдан морины хаврын уралдааны үеэр унаач хүүхдүүд хамгийн цөөндөө 30 хоногоор хичээлээс чөлөө авч эсвэл хичээл тасалдаг аж. Мөн хичээлдээ явсан ч гэрийн даалгавраа хийдэггүй, тийм боломж гардаггүй юм байна. Хурдан морь унуулах нь хүүхдийн ирээдүйд олон талаар нөлөөлж байна. Тиймээс урин цагт, хүүхдийн хичээл хаагдсан үед хурдан морины уралдаан зохион байгуулах нь зохимжтой.

Өвөл, хавар морь уралдуулах нь түүхэн уламжлал мөн  үү?

Хүний эрхийн үндэсний комисс болон холбогдох байгууллагаас явуулсан судалгаагаар Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдаж буй 1803-1920 оны Наадмын баримтын нийт 381 цуглуулга дансыг шүүхэд тавдугаар сараас наймдугаар сард наадам зохион байгуулдаг байжээ.  Түүнчлэн Хэнтий аймгийн Галшар уулын хошууны дансыг шүүж үзэхэд мөн тавдугаар сараас наймдугаар сард даншиг наадмаа хийж байжээ. Харин Монголчууд XX зууны төгсгөлөөр өвлийг өнгөрөөж хаврыг угтаж, урт уяа сойлго хийж, эхэлсэн хэмээн үздэг юм байна. Хурдан морины хаврын уралдаан нь зарим газарт ахуйн хүрээнд зохион байгуулагдаж байсан бол 1995 оноос олныг хамарсан байдлаар зохион байгуулагдаж, 2004 оноос албан ёсны болгож Засгийн газрын тогтоолоор зохион байгуулах болжээ. Үүнээс үзвэл хурдан морины уралдаан нь төрт ёсны түүхэн уламжлал, өв соёл мөн боловч өвөл, хаврын улиралд зохион байгуулах нь учир дутагдалтай. Зөвхөн XX зууны үеийн баримт дээр тулгуурлан хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болсон юм.  

Монголчууд Цагаан сар болсноор хавар эхэллээ гэж үздэг. Гэвч тавдугаар сар гарснаар газар гэсч, ханш нээгддэг. Эрт үед буюу XX зуунаас өмнө тавдугаар сараас эхлэн морь уралдуулдаг байсан нь үүнтэй холбоотой байж ч болох.

Хууль биелүүлдэггүйн  жишээ ММСУХ

Уг нь хурдан морь унаач хүүхдийг хамгаалах эрх зүйн орчин Монголд зохих хэмжээнд бий. Мөн энэ хүрээнд хууль эрх зүйн орчинг илүү боловсронгүй болгохоор холбогдох байгууллагууд ажиллаж байна. Жишээ нь, хурдан морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгслийн стандартыг сайжруулан баталсан. Мөн  унаач хүүхдийн эрсдэлийн даатгалыг нэмэгдүүлж, хурдан морь унахаар хичээл чөлөө авч, хичээл тасалж, гэрийн даалгавраа хийхгүй байгаа тохиолдолд уяачид зохих арга хэмжээ тооцдог болгохоор ажиллаж байгаа. Зөрчлийн тухайл хуульд хүүхэдтэй холбоотой 16 заалт орсон байдаг бөгөөд үүнийг 70 болгохоор төлөвлөж байгаа аж. Хэдийгээр хууль баталдаг ч түүнийг биелүүлэхгүй байна.

Тухайлбал, өвөл хурдан морины уралдаан зохион байгуулахыг тавдугаар сарын 1-ныг хүртэл хориглосон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалд олон удаа өөрчлөлт орсны эцэст 2017 онд шийдвэрийг хэвээр үлдээж заасан хугацаанд болж буй морин уралдаанд унаач хүүхдийг оролцуулахгүй байх шийдвэр гарсан. Гэвч энэ оны гуравдугаар сарын 17,18-нд Засгийн газрын тогтоолгүйгээр “Дүнжингарав” хурдан морины уралдаан зохион байгуулж улмаар 16 хүүхэд мориноос унаж, бэртсэн. Уралдааны товыг Монголын морин спорт уяачдын холбооны (ММСУХ) тэргүүлэгчид хуралдан гаргасан гэж байгаа. Өөрөөр хэлбэл, ММСУХ Засгийн газрын тогтоолыг зөрчин уралдаан зохион байгуулсан хэрэг.

Уяач, унаач хүүхэдтэй холбоотой асуудал хэсэгтээ анхаарал татаж, холбогдох газрын дарга нар асуудлыг шийдвэрлэхээ амладаг ч эцэстээ найраан дундаа ороод л замхарч байна. Яг энэ жилийн “Дүнжингарав” хурдан морины уралдааны үеэр хариуцлага алдсан нөхдөд хариуцлага тооцно гээд замхарсан шиг. Сонирхуулахад, тус асуудалтай холбогдуулан Шадар сайдын дэргэд ажлын хэсэг байгуулагдан хэнд, ямар хариуцлага тооцох талаар ажиллаж байгаа ч одоог болтол хэнд хариуцлага тооцох нь тодорхойгүй, тодорхой шийдэлд хүрээгүй байна.  

Энэ бүхнээс дүгнэхэд, хуулиа биелүүлдэг, биелүүлээгүй хүнд нь хариуцлага тооцдог, мөн хууль биелүүлэхийг хатуу шаарддаг байх хэрэгтэй байна.  Ингэхгүй л бол ММСУХ-ны удирдлага тэргүүтэй хэсэг нөхөд хууль зөрчиж, улмаар унаач хүүхэд гэмтэж, бэртэх нь нэмэгдэнэ. Тэдэнд зургаан хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болж, хоёр хүүхэд амь насаа алдсан нь хангалттай биш гэж үү. Энэ тоог хэдэд хүргэж байж хуулийг хэрэгжүүлэх гэсэн юм бол. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж