Б.Цэрэндоржийн гудамжийг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд юу хийгдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Б.Цэрэндоржийн гудамжийг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд юу хийгдэх вэ?

Б.Цэрэндоржийн гудамжийг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд юу хийгдэх вэ?

Нүдэнд торох зүйлгүй ил харагдах шороон талбай. Нүүрэн хэсэгт “Б+Н=Love” гэх бичээсээр дүүрэн “Битлс” хамтлагийн хөшөө дүнхийх. Энэ бүгд Б.Цэрэндоржийн гудамжны одоо байгаа дүр төрх. Өөрөөр хэлбэл, Их дэлгүүрээс цирк рүү уруудах тэр гудамж саяхныг хүртэл өндөр хашаагаар тусгаарлагдсан юм.

Эргэн сануулахад, 2017 оны наймдугаар сард Б.Цэрэндоржийн гудамжийн ойр орчмыг автомашингүй гудамж болгох шийдвэр гарсан. Хэдийгээр гудамжийг засах сураг дуулдсан ч ямар ч бүтээн байгуулалт хийгдээгүй гэдгийг хүн бүхэн мэдэж байгаа.

Ингэж явсаар Засаг дарга С.Батболд дөрөвдүгээр сарын 4-ны өдөр автомашингүй гудамж болгох өөрийн гаргасан шийдвэрийг цуцалж, тус гудамжийг хэвээр үлдээж иж бүрэн тохижуулахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм. Дээрх шийдвэрээр зөвхөн гудамжны газар доор хоёр давхар барилга барих шийдвэрийг  цуцалсан гэдгийг онцлох нь зөв байх. 

Олон жилийг үдэх нь үү гэтэл аз болж явган замын хавтанцрыг хучилтыг хуулж  боржин чулуун хавтангаар солих ажил эхлээд байна. Хуучин бетон хавтангийн үлдэгдэл бүх зүйлийг цэвэрлэх цэвэрлэгээний ажил хийгдэж байгаа аж.Түүх дурсгалын гудамж гэдэг утгаараа илүү үнэтэй материал ашиглаж хийж байгаа гэдгийг албаны хүмүүс хэлж байв. Тохижилтод зарцуулагдах хөрөнгө болон дуусах хугацаа зэргийг Нийслэлийн захирагчийн алба хариуцаж байгаа аж. Гэсэн ч энэ асуултад хариулах хүн олдохгүй байсныг нуух юун.

Б.Цэрэндоржийн гудамжийг иж бүрэн тохижуулах ажлын хүрээнд хийгдэх ажлын талаар Нийслэлийн хот төлөвлөлтийн хэлтсийн  архитектор Э.Тэмүүлэнгээс  тодрууллаа. Тэрбээр “Одоо байгаа тохижилтыг сэргээн засварлаж, зарим хэсэгт шинээр явган зам талбай хучилт гүйцэтгэнэ. Усан оргилуур шинээр байгуулж, цэцэглэдэг мод бутыг нэмэлтээр тарьж ургуулах ажлыг төлөвлөсөн. Мөн түрээсийн дугуйн зогсоолыг нэмэлтээр төлөвлөнө” гэв. Түүнээс доорх асуултад хариулт авлаа.

-Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд барьсан хашааг хэзээ буулгасан бэ?

-Яг хэзээ буулгасан талаар мэдээлэл надад алга байна. 2018 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр Хотын даргын гаргасан захирамжийн дагуу буулгасан.

-Тус захирамжид Б.Цэрэндоржийн гудамжинд тохижилт хийх тухай үүрэг өгсөн байсан. Хэрхэн тохижуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Одоо байгаа хайлаас моднуудыг нөхөөд усан оргилуурын зэргэлдээ хайлаас моднуудыг шинээр тарина. Мод тарих хугацаа өнгөрсөн  учраас ирэх намраас эхэлж тарина.“Битлс” хамтлагийн хөшөөнөөс хойш зам дагуу нийтдээ 80 метрийн урттай шар хуайсаар хашлага явна. Тэгэхээр ямар ч хашаа барихгүйгээр зөвхөн модоор хашлага хийнэ гэсэн үг. Хуайсны өндөр нь 2-3 метр. Засч янзалж төрөл бүрийн хэлбэрт оруулж болдгоороо их давуу талтай. Энэ гудамж маань цирк болон их  дэлгүүр зэргийг урагш чигээрээ  нэвт харах архитектур  орон зайн харагдац сайтай газар.Тийм ч учраас өндөр нарс болон улиас зэрэг модыг тарихгүй. Харагдах байдлыг хаахгүйгээр  дандаа бутлаг мод тарина. Их дэлгүүр талаас усан оргилуур хүртэлх замын хоёр талыг гурван эгнээ моддоор чимнэ. Эхний эгнээнд монос мод. Хоёрдугаар эгнээнд мойл жимсний мод. Гуравдугаар эгнээнд эгэл гүйлс гэх сакура төрлийн модыг тарина.Үүнээс гадна хараагүй хүний хөтөч зам болон одоо байгаа усан оргилуурыг сэргээн засварлана.  Гэрэлтүүлэг, сандал, ногоон байгууламж зүлэгжүүлэлт зэрэг бүх л зүйлийг шинээр тохижуулна.

 

Ямартай  ч тохижилтын ажил эхэлж Б.Цэрэндоржийн гудамж энэ зуныг төмөр хашаанаасаа салав бололтой. Урин цаг ирсэн энэ үед ид бүтээн байгуулалтын ажил эхлэх учиртай. Өмнөх жилийх шиг зогсонги байдалд орчихгүй бол дараа жилийн өдийд нүд баясгаж, залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрөөх газрын тоо  нэгээр нэмэгдэх биз.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж