Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх асуудал сүүлийн өдрүүдэд олны анхааралд байгаа билээ. Энэ талаар олон хүн байр сууриа илэрхийлээд байгаа юм. News агентлаг энэ удаагийн VS буландаа Монгол Улс ШХАБ-д элсэх нь зөв эсэх асуудлыг хөндлөө.
Г.Эрдэнэчулуун
Гадаад хэргийн сайд асан
Ерөнхийлөгч статусаа дээшлүүлье гэж яг хэлээгүй. Гэхдээ энэ байгууллага дахь манай оролцоог шат ахиулах агуулгатай үг хэлсэн санагдаж байна. Би өнгөрсөн жилээс Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх ёстой гэдэг байр сууриа илэрхийлсээр ирсэн. Яагаад гэвэл өнөөдөр Монгол Улс хамгийн түрүүнд өөрийн геополитикийнхоо орчныг бодитойгоор харах хэрэгтэй. Бид далайд гарцгүй. Дэлхийн хамгийн том хоёр улсын дунд хавчигдмал байдалд байгаагаа бодитоор хараад, эндээс хөгжлийн гарцаа олох хэрэгтэй. Хаяа дэрлэсэн Орос, Хятадтай сайн хөршийн харилцаагүйгээр Монгол хөгжиж явж чадахгүй. Манай улсын хөгжлийн нэг гол угтвар нөхцөл бол хоёр хөрштэйгөө бүх талын хамтын ажиллагаатай байх нь чухал. Улс төрийн сайн харилцаатай байхын зэрэгцээ эдийн засаг, худалдаа, соёлын өргөн харилцааг хоёр хөрштэйгөө хоёулантай нь бэхжүүлэн хөгжүүлэх ёстой. Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцана гэсэн гадаад бодлогын үзэл баримтлалтай. Гэтэл одоо энэ тэнцвэр байна уу. Зөвхөн худалдааны эргэлтээр л аваад үзэхэд гадаад худалдааны бараг 70 хувь нь, экспортын 90-ээд хувь нь Хятадтай байна. Эдийн засагчид “Аль нэг оронтой эдийн засаг, худалдааны эргэлт 40 хувьд хүрэхэд л тухайн орны хараат болдог” гэж хэлдэг биз дээ. Социализмын үед манай улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны 90 хувь нь ЗХУ-тай байсан. ЗХУ-аас бүх талаар хамааралтай байсан биз дээ. Гэтэл одоо урд хөршөөс хэт хамааралтай болчихсон. Тэгэхээр Гадаад бодлогын үзэл баримтлалд байгаа тэнцвэртэй харилцах тухай заалтаа хэрэгжүүлээд явах шаардлага зайлшгүй урган гарч байна. Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцаад зогсохгүй бид гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татаж, эдийн засгийн сонирхлыг нь Монголд бий болгох хэрэгтэй. Хоёр хөршийн тэнцвэр дээр гуравдагч хөрш орж ирж байж адил талт гурвалжин үүснэ. Ингэж манай улсын бие даасан байдал улам бэхэжнэ.
Ё.Баатарбилэг
УИХ-ын гишүүн
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсан цагаас эхлэн Монгол Улс ажиглагчийн байр суурьнаас хандаж эхэлсэн. Хөрш орнуудын зүгээс Монголыг ажиглагч биш жинхэнэ гишүүнээр элсээч гэсэн саналууд тавигдаж байсан гэсэн мэдээлэл ч байдаг. Монгол Улс ажиглагчаар байх, гишүүнээр байх хоёр нь ямар ач холбогдол, хор хөнөөлтэй вэ гэдэг асуудал нь тодорхой биш байна. ШХАБ бол төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг, хөрөнгө, санхүүжилт олгодог байгууллага биш. Энэ бол Зүүн хойд азийн бүс нутгийн улс төрийн чиглэлээр бодлого зангиддаг улс төрийн нэгдэл гэж би ойлгодог. Энэ байгууллагын гол тулгуур нь БНХАУ, ОХУ, Энэтхэг улсууд байдаг. Монгол Улс бол төвийг сахисан, гуравдагч хөршийн бодлого явуулдаг улс. Ийм нөхцөлд ШХАБ-д хандах байр сууринд болгоомжтой хандах ёстой. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хурлуудад сүүлийн жилүүдэд идэвхтэй ажиглагчийн байр суурьнаас оролцож байгаа гэж тодорхойлж буй. Энэ хэвээр явахад нэг их буруудахгүй болов уу гэж бодож байна. Сүүлийн өдрүүдэд энэ байгууллагад элсэх нь зөв, буруу гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн дунд их явж байна. ҮАБЗ юу гэж үзэж байгаа, энэ байгууллагад элсвэл гуравдагч хөрш, томоохон зээл тусламж үзүүлдэг гуравдагч орнууд ямар байдлаар хандах зэрэг олон асуудал байна. Тиймээс маш болгоомжтой хандахгүй бол Монгол Улсын олон улсын тавцан дах байр сууринд нэлээд өөрчлөлт орох болов уу гэж харж байна. Бид мөнхийн хоёр хөрштэй. Энэ хоёр хөрштэй XX зуунд энэ нэг талтай бодлого буюу социалист бодлогын хүрээнд бодлогоо явуулж ирсэн, 1990 оноос хойш ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай, бүс нутгийн маргаангүй байгаа. Монголчууд ардчилсан хувьсгалаар олж авсан нэг том ололт бол гуравдагч хөршийн бодлого, дэлхий нийтэд Монгол Улс нээлттэй, бүх улс орнуудтай эв найрамдалтай хамтын ажиллагаанууд янз бүрийн түвшинд үргэлжилж байна. Хэрэв ШХАБ-д элслээ гэж бодоход хоёр том хөрш маань улс төрийн болон геополитикийн хувьд маргаан үүсвэл бид аль нэг талыг нь дэмжихээс өөр гарцгүй нөхцөл үүсвэл яах вэ. Бид хэнийг нь дэмжих вэ. Жинхэнэ гишүүн болж, саналын эрхтэй болчихсон тохиолдолд тодорхой асуудлуудаар санал хураавал бид хэний талд санал өгөх, өгөөгүй тал нь яах вэ гэсэн болгоомжлол байна. Би бол гадаад харилцааны чиглэлийн, судлаач хүн биш. Зүгээр Монгол хүний хар ухаанаар бодоход л ийм байна.