УИХ-ын гишүүн асан Р.Гончигдоржтой ярилцлаа.
-Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээж авсанд баярлалаа. Улс төрд болж үйл явдлыг та анхааралтай л ажиглаж байгаа болов уу?
-Тийм ээ. Иргэнийхээ хувьд болон улс төрд алба хашиж байсан хүний хувьд улс төрийн амьдралыг идэвхтэй ажиглалгүй яахав.
-Өнгөрсөн хугацаанд МАН-ын Засгийн газар хоёр ч удаа солигдож төр засгийн тогтворгүй байдал өнөөдөр ч гэсэн үргэлжилсэн хэвээр байна. Магадгүй өмнөх үеийн Засгийн газруудаас илүүтэй тогтворгүй байна гэх шүүмжлэлийг олон нийтийн дунд дагуулж буй. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Харьцуулалт хийх цаг үеүд нь хоорондоо тохирох уу, үгүй юу гэдгээ бодох хэрэгтэй. Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацааны хувьд асууж байгаа бол тухайн үед олонх, цөөнхийн суудлын тоо харьцаа нь өнөөгийнхөөс тэс өөр байсан. Одоогийн шиг 65 суудалтай нэг намаас байгуулагдсан Засгийн газрыг өмнөх Засгийн газруудтай харьцуулахад тун хэцүү. Төр засгийн тогтворгүй байдлыг дан ганц Засгийн газар солигдох утгаар нь ярихаас илүүтэй бодлогын тогтворгүй байдлыг ярих нь хамгийн чухал. Төрийн бодлого шийдвэр нь нийгэм болон эдийн засаг, иргэдэд хамааралтай асуудал юм. Түүнээс биш Доржийг Пүрэвээр солих нь гол асуудал биш. Энгийн жишээ татъя л даа. Бизнес эрхлэгч нэгэн тодорхой цаг хугацаанд төлөвлөгөө гаргаж, үүнийхээ дагуу бизнесийн үйл ажиллагаагаа тогтвортой явуулснаар үр дүн гардаг шиг тогтвортой гэдэг ойлголт нь таатай орон зайгаар тодорхойлогдоно. Энэ талаас нь тогтвортой байдлыг яримаар байгаа юм л даа. Эрх баригч намын сонгуулийн мөрийн хөтөлбөр нь мөн УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр хооронд ялгаа гарч байгаад иргэдийн гомдол байна. Амласан амлалтаа хэрэгжүүлэхгүй, амлалтаасаа эсрэг бодлого шийдвэр гаргаж байгаа нь тогтворгүй байгаагийн нэг хэлбэр нь. Өөрөөр хэлбэл, иргэн, төр хоёрын дунд үл итгэлцэл бий болох. Энэ бол нэг муу зүйл нь. Хоёр дахь нь Засгийн газар гаргасан бодлого шийдвэрүүдээ маш богино хугацаанд өөрчилж солих. Тухайлбал, хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс нэмэгдүүлэх зэрэг нийгэм талын асуудал. Харин эрх зүй талаасаа хууль эрх зүйн, хууль тогтоох үйл ажиллагааны бодлогын тогтворгүй байдлыг дурдаж болно. Монгол Улсад хүний эрхийг хангах баталгаажуулах эрх зүйн гол гол зохицуулалтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх болон Захиргааны хэрэг шийдвэрлэх тухай хуулиуд. Энэ хуулиудад гарч байгаа өөрчлөлтүүд нь хүний эрхийг илүү хангах, баталгаажуулах тэр тал руугаа суларчихсан. Тухайлбал, Оюутолгойн хэрэгт холбоотой гэх хүмүүст олон сараар урьдчилан хорих арга хэмжээ авч байна. Уг нь бол мөрдөн байцаах үйл ажиллагааг явуулахдаа хүний эрхийг хангах хуулийн зохицуулалтыг өнөөдөр хэрэглэхгүй байна л даа.
-Уг нь хуульдаа байгаад байдаг?
-Байлгүй яахав. Ер нь аливаа асуудалд төр хүний эрхийг хангах асуудлыг нэгдүгээрт тавих уу, эсвэл эсрэгээрээ төр өөрийнхөө эрх мэдлийг хэрэгжүүлэхээ урьтал болгох уу гэдэг. Гэтэл өнөөдөр төр өөрийн эрх мэдлээ тэргүүн эгнээнд тавьж байгаа учраас ихэнх асуудалд иргэн нь, нийгэм нь дандаа хаягдаж байна. Энэ мэт байдал нь өнөөх Засгийн тогтворгүй байдалтай л холбоотой.
-Оюутолгой төслийн гэрээтэй холбогдуулан нэр бүхий улстөрчдийг цагдан хориод багагүй хугацаа өнгөрч байна. Таны хэлсэнчлэн, хүний эрхийг хангах бус төр өөрийн эрх мэдлээ урьтал болгон цагдан хорих үйл ажиллагааг явуулж байна гэж та хэлэх гээд байна уу даа?
-Үүнийг би нарийвчилж хэлж мэдэхгүй. Таслан сэргийлэх аргуудаас зөвхөн цагдан хорих аргыг хэрэглэж байгаад би шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Шударга бусын хонгил бий болсон” гэж хэлж байсан. Одоо ч гэсэн энэ хонгилыг олж илрүүлээсэй, хонгилгүй болгоосой гэдгийг хүн бүр хүсч байгаа байх. Харамсалтай нь, ахиц гарахгүй байгаагийн жишээ эндээс харагдаж байна гэж би бодож байна. Өнөөдөр гэм зэмийн тухай асуудлыг ярихад, тодорхой зорилгын үүднээс шийдэх гэсэн тэр байдал нь хэт давамгайлаад байна уу даа гэж харж байгаа.
-Яагаад тэгж хардаж байна вэ?
-Хэрэв тодорхой зорилго агуулаагүй л бол асуудлыг жинхэнэ хууль эрх зүйн логик дэс дараалал, хэв журмаар нь л явуулах ёстой. Тухайлбал, магадгүй хэрэгт хамааралгүй зөвхөн гэрчийн төвшинд байж болох хүмүүсийг хүртэл яллагдагч болгочихсон.
Гэрчийг яллагдагчийн төвшинд аваачих нь “томчуулыг” хүчээр зохиомлоор буруутгах гэсэн “хэрэгсэл” болгох гэсэн санаа. Өмнө нь ч ийм байдал гарч байсан. Энэ нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал.
Мэргэжлийн төвшинд ажил үүргээ гүйцэтгэсэн хүмүүс магадгүй гэмт хэрэгтэн болох ийм байдал руу орчихвол өнөөдөр мэргэшсэн төрийн албан хаагчид мэргэшсэн байдлаар ажиллах хэрэг байна уу, үгүй юу гэдэг болгоомжлол руу орохоор байгаа биз. Энэхүү айдас, болгоомжлолоор төрийн жинхэнэ мэргэшсэн албан хаагчид мэргэжлийнхээ үүднээс ажил хийхээ болих юм бол төр дампуурна ш дээ. Ийм байдалд орох вий гэсэн болгоомжлол өнөөдрийн байдлаас харагдаж байгаа.
-Таны хувьд С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нартай мөр зэрэгцэн ажиллаж байсан, намын журмын нөхөд нь. Болж буй үйл явцад мэдээж эмзэглэл төрж л байгаа байх даа?
-Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар ардчилсан намын л зүтгэлтнүүд байсан. Ардчилсан намаасаа л нэр дэвшиж сонгогдож, улмаар Ерөнхий сайдын төвшинд хүртэл ажиллаж байсан ийм л улсууд. Миний хамгийн их эмзэглэл төрүүлсэн зүйл бол С.Баярцогтыг яллагдагчаар татагдангуут нь АН гишүүнчлэлээсээ хөөсөн нь Ардчилсан намын хувьд гутамшигтай явдал байсан. Хэрэгт холбоотой асуудлыг би мэдэхгүй. Улс төрийн намын хувьд өөрийнхөө гишүүдийг хамгаалах үүрэгтэй. Үнэхээр гэмт хэрэг үйлдсэн батлагдаж нотлогдсон тохиолдолд хаацайлах тухай асуудал биш. Ялгааг нь ойлгох хэрэгтэй. Гэмт хэрэгтэн болгох гэсэн улс төрийн тодорхой зорилготой үед намын гишүүнээ хамгаалах нь түүнийг харьяалж буй намынх нь асуудал шүү дээ. С.Баярын тухайд бол МАН ямар байр суурьтай байгааг би хэлж мэдэхгүй. Хоёрдугаарт, цагдан хоригдож байгаа дээрх хүмүүсийн биеийн байдал нь нэлээд хэцүү байх шиг байна.
Ер нь Оюутолгойн маргааныг олон жил ярьж байна ш дээ. Яасан ч ярьж дуусдаггүй юм. Би математикч хүний хувьд хэлэхэд, Оюутолгойтой холбоотой хэргийг тодорхойгүй нөхцөл байдал дундаас тодорхойгүй дүгнэлт гаргах гэж тодорхойгүй орчныг бүрдүүлж байгаа хэлбэр л гэж харж байгаа.
-Оюутолгойн төслийг та анхнаасаа л дэмжиж ирсэн байдаг. Одоо ч гэсэн энэхүү байр сууриндаа хэвээр байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Том төсөл Монголд хэрэгжсэн нь томоохон хөрөнгө оруулагч нарыг татах цаашлаад Монголд хөрөнгө оруулах орчин бий гэдгийг бусад хөрөнгө оруулагчдад итгэмжлэл өгөх ач холбогдолтой. Мэдээж томоохон хөрөнгө оруулалт орж ирэх нь дотоодод ажлын байр олноор бий болно. Оюутолгой төслийн Монголд өгөх өгөөжийн тухай асуудал, ямар хэмжээгээр яаж орж ирэх үү зэрэг энэ тооцоонууд нь миний мэдэх зүйл биш. Энэ бол маш нарийн зүйл. Ийм нарийн зүйлийг бүгдийг нь мэдээд шүүмжлээд байгаа юм болов уу гэж бодохоор Монголд мундаг эдийн засагчид хэдэн зуу мянгаараа болчихсон юм байна л гэж бодогдохоор байгаа.
Сүүлд байгуулсан Дубайн гэрээний асуудал ид яригдаж байх үедээ л нэлээн маргаан дагуулж байсан. Тухайн үедээ маргаантай байсан асуудлыг дотооддоо маргаангүй болгож, асуудлаа шийдэх байсныг л одоо харуулж байна шүү дээ. Мөн Эрдэнэтийн асуудал бас л маргаан дагууллаа. Хэзээнээс ч эхэлсэн ч маргаан юм ер нь.
Энэ бүх болж байгаа үйл явцыг тодорхой цаг үе, холбоо хэлхээсээр нь харвал ямар нэг улс төрийн зорилго байгааг л харуулж байна. Хууль зөрчсөн эсэх тухай асуудлыг мэдээж шүүх л шийднэ. Харин Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн Цэцээр авч хэлэлцэнэ. Гэтэл энэ хоёрын дунд сүүлийн үед эрх мэдлийн булаацалдаан үүсэх боллоо. Шүүх шийдвэрлэх тэр үндсэн эрх мэдлийг Цэц шийдвэрлэнэ гэх мэт. Уг нь Үндсэн хуулийн Цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн асуудлыг хэлэлцэхээс биш Засгийн газрын шийдвэр хууль зөрчсөн эсэх асуудал огт хамаагүй.
-ҮХЦ-ийн гишүүнд Ерөнхийлөгчийн зүгээс Б.Буяндэлгэр, Ц.Нанзаддорж, Г.Туулхүү нарын нэрийг дэвшүүлсэн бол УИХ-аас Монгол Улсын гавьяат хуульч Ш.Солонгын нэрийг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцэн баталлаа. Хуульчид харин энэ томилгоог эсэргүүцэж, хэлэлцүүлэг хүртэл зохион байгууллаа. Нөгөө талд ҮХЦ-ийн гишүүнээр таныг очих байх гэсэн хүлээлт нийгэмд байсан?
-ҮХЦ-ийн гишүүн болох нь хувь миний хувьд чухал зүйл биш ээ. Өнгөрсөн хугацаад төрийн өндөр албанд олон жил ажиллалаа. Харин мэргэшсэн улстөрч, хууль тогтоогчийн хувьд би ҮХЦ-д хэрэгтэй байж магадгүй. Гэхдээ ҮХЦ-д хэн хэрэгтэй вэ гэхээсээ хэний төлөө Цэцэд хэн байх вэ гэдэг нь чухал болсон мэт санагдаж байгаа шүү.
Томилгоог хуульчид эсэргүүцсэн нь тэднийг гутрангуй байна л гэж хэлмээр байна. Аливаа хүнд мэргэжлээ хүндэтгэх соёл гэж байна шүү дээ. “ҮХЦ-ийн гишүүн бол Үндсэн хуульдаа захирагдана, Үндсэн хуулиа л сонс, өөр хэнийг ч сонсохгүй” гэдэг. Гэтэл одоо Үндсэн хуулиа сонсох биш, хэнийг сонсох вэ гэдгээр нь томилдог болчихсон юм биш үү” гэж нэг хүн хэлж байсан нь тодхон санаанд бууж байна. Хатуу ч гэсэн бодмоор л үг байгаа биз. Мэргэшсэн гэдэг шаардлагын тухайд хэлэхэд, мэргэшсэн гэдгийг Үндсэн хуулиас харах ёстой.
Үндсэн хуулийг батлах үеэр Л.Түдэв, Б.Чимэд гуай хоёрын хоорондын нэг яриа байдаг. Л.Түдэв гуай “Монгол хэлний үгийн сан баялаг, нэг үгнээс мянган утга цацардаг юм” гэхэд Б.Чимэд гуай “Үндсэн хуульд нэг үгнээс ганцхан утга л цацрах ёстой” гэсэн байдаг. Тийм учраас мэргэшсэн гэдэг үгийг Үндсэн хуулиас л харах хэрэгтэй байгаа биз. Тухайлбал, Дээд шүүх болон бусад шүүхийн гишүүдэд тавигдах Үндсэн хуулийн шаардлагад мэргэшсэн гэдгийг Үндсэн хуульд хэрхэн тодорхойлсныг хэлж байгаа юм.
-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-д элсэх эсэх асуудал улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс ШХАБ-д элсэн орох нь зөв” гэсэн байр суурь илэрхийлэх болсон. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д 2004 оноос хойш идэвхтэй ажиглагчийн статус хадгалсаар ирлээ. ШХАБ-д элсэх цаг нь болсон эсэхэд та ямар байр суурьтай байна вэ?
–Хүн ер нь өөрөө сайн судалж, мэдэхгүй асуудалд байр сууриа илэрхийлэх нь тун болчимгүй зүйл. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр харж байхад “том, том” л ярьсан хүмүүс харагдах юм. Бүх зүйлийг хэт мэдэж ярьж цаашлаад дүгнэлт хийх тэр хүмүүсийг сонсоод “агуу” л гэж бодож суух юм. Угтаа Монгол Улсын гадаад бодлого гэдэг нэгдмэл байх ёстой. Гэтэл УИХ-ын гишүүд нь, Засгийн газрын гишүүд нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн байр суурь илэрхийлэх нь Монгол Улсын гадаад бодлого ямар зөрүүтэй байгааг гадна орчинд хүргэх эрсдэлтэй. Уг нь ингэж хаа хамаагүй яриад байх асуудал биш байгаа юм. Маш болгоомжтой хандах асуудал. Монгол Улсын гадаад бодлогын асуудалд тусгайлсан байр суурь гэж надад байхгүй. Тиймээс өөрийн тань асуултад би хариулт өгөхөд жижигдэнэ.
-Олон улсын асуудалд болгоомжтой хандах нь мэдээж таны зөв. Гэхдээ олон жил улс төрийн тогоонд чанагдсан хүний байр суурийг сонсохгүй өнгөрч чадахгүй нь?
-Төрийн өндөр төвшинд алба хааж байсан хүн өнөөдөр байр сууриа хамаагүй хатуу илэрхийлж болохгүй. Ялангуяа улсын гадаад бодлогын асуудалд. Улс төрд байсан болон одоо байгаа хүмүүс төрийн ёс зүйн хайрцагт орсон гэдгээ ямагт санаж үг, үзэл бодлоо хаанаа илэрхийлэх үү гэдгээ бодох учиртай юм. Энгийн үгээр хэлбэл, төрийн хар хайрцаг гэдгийн нэг чухал элементийн бүрэлдэхүүн нь энэ юм шүү дээ.
-Ер нь ШХАБ-ын асуудлыг УИХ хаалттай явуулах нь зөв үү?
-Хаалттай хэлэлцээд гарсан мэдээлэл нь нээлттэй л байх ёстой.
-Зарим улстөрчийн зүгээс ШХАБ-д Энэтхэг, Пакистан улсаас өмнө элсэх байсан юм гэдэг байр суурийг хэлж байсан л даа?
-ШХАБ морины уралдаан биш шүү дээ. Яахав, аливаа зүйлд анх элссэн гэдэг утгаараа давуу эрхүүд бий болох тал бий. Жишээлбэл, тухайн хувьцаат компанийн үүсгэн байгуулагчийн нэг гэвэл мэдээж давуу эрх олон бий. Түүн шиг ШХАБ-д төддүгээрт элссэн бол ингэх, тэгэх байсан эсэх талаар би мэдэхгүй. Мэдээж бүс нутгийн интеграци, эдийн засгийн интеграци гээд бүх л интеграцид идэвхтэй байх нь Монгол Улсад зайлшгүй шаардлагатай. Бүс нутгийн бодлогодоо оролцох оролцоо чухал. ШХАБ-д гишүүн биш ажиглагч статус хэвээр байх нь ямар хүндрэл, саад бэрхшээлийг үүсгээд байгаа юм, тэгвэл гишүүн болсноор ямар ямар давуу тал бий болох вэ гэдэгт нарийн үнэлгээ үнэлэмжийг өмнө нь гаргах ёстой.
– “Үндсэн хууль бол Монголын ард түмний оюуны хамтын бүтээл…” гэх зэрэг олон тодотголоор эцэг хуулийг нэрлэдэг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлыг судалж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Эцэг хуулиа хөндөх шаардлага байна уу, ер нь?
-Үндсэн хуульд тодорхой нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий юу гэвэл бий. Анх Үндсэн хуулийг батлах үед улс төрийн намуудын хөгжил, улс төрийн намуудын дотоод болон хоорондын харилцаа, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх зан байдлын төлөвийг тухайн үед нарийвчилж таамаглаагүй тал бий. Нөгөө л ардчилсан нийгэм рүүгээ орно, хүний эрх, эрх чөлөөгөө баталгаажуулна гэсэн тэр хүчтэй зориг сэтгэл зүй давамгайлснаас бус цаашдын чиг хандлагад төдийлөн тулгуурлагдаагүй гэж хэлж болно. Тийм учраас Засгийн газар тогтвортой байх, Засгийн газар кабинетынхаа хувьд бие даасан байх, Ерөнхий сайдын бие даасан байдлыг хангаж баталгаажуулах, зоримгоор ажиллах энэ чиглэлд өөрчлөлт зайлшгүй шаардлагатай. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд миний эмзэглэж байгаа зүйл нь хэтэрхий популист хандлага орох тал байна. Өөрөөр хэлбэл, олон түмэн ингэж үзэж байна, үүний дагуу байх хэрэгтэй байна гэдэг байдлаар хүчээр тулгах гэсэн хандлага. Мөн нөгөө талаар УИХ-ын гишүүн олон удаа чуулганаа тасалбал эргүүлэн татах тухай асуудлыг хөндсөн байсан. Энэ мэт асуудлын цаад үндэс суурийг нь олж хараагүй байж гишүүний хариуцлагын асуудлыг ярих нь зохисгүй юм л даа.
Үүний оронд хариуцлагагүй гишүүдийг гаргаж байгаа Сонгуулийн хуулиа л эргэж харах шаардлагатай юм. Тэр хариуцлагагүй байгаа гишүүд чинь Сонгуулийн хуулиар л гарч ирсэн биз дээ. Тэгэхээр намд нь, сонгогчдод нь, Сонгуулийн хууль гуравт учир байгааг олж харах хэрэгтэй. Өнөөгийн улс төрийн байдлыг эрүүлжүүлье гэвэл цэвэр пропорциональ системээр сонгуулийг явуулах үүдийг Үндсэн хуулиар нээж өгөх хэрэгтэй.
Хэрэв УИХ-ын гишүүн ёс зүй, сахилгын хариуцлагын асуудал гаргах юм бол нам нь шууд жагсаалтаас татаж аваад дараагийн хүнийг нь оруулах. Нам жагсаалт гаргахдаа ёс зүй, хариуцлагын тухайн асуудлыг нарийн оруулж тусгасан байх. Тэгж байж мэргэшсэн парламент гарч ирнэ. Сонгогчдын хувьд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах намыг сонгодог. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд Дорж ганцаараа, Дондог ганцаараа шийдвэр гаргадаг асуудал биш шүү дээ. Бүхэлдээ энэ хүмүүс чинь хамтаараа шийдвэр гаргадаг. Мөн сонгуульд намын санхүүжилтийн асуудлыг цэгцэлж нэгдмэл хяналтад оруулах хэрэгтэй. Сонгуулийн үеэр мөнгө, эд зүйлс бусад үйлдлээр сонгогчдын чөлөөт сонголтоо хийх эрхийг зөрчих аливаа зүйлийг таслан зогсоож, тухайн улс төрийн нам нэг данснаас намын сурталчилгаагаа явуулдаг санхүүгийн хяналтыг тодорхой болчихвол улс төрийг цэвэршүүлэх боломжтой. Сонгууль цэвэршихгүй байгаа учраас л улс төр цэвэршихгүй байна.