АНУ-д 5,8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

АНУ-д 5,8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ

АНУ-ын зүүн эрэг орчимд мягмар гаригт 5,8 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн төв нь Виржиния мужид болсон ч чичиргээ Вашингтон, Нью Йорк, Бостон, Детройт зэрэг хотуудад мэдрэгдсэн байна. 

Газар хөдлөлтийн үеэр Гэгээн Питерийн сүмд цууралт үүсч, Вашингтоны дурсгалын цогцолбор хаагдсан ч хүмүүс гэмтсэн талаар одоогоор мэдээлээгүй байна. Холбооны ажилтнууд газар хөдлөлтийн голомтын ойролцоох хоёр цөмийн реакторыг унтраасан тул ямар нэг хохирол учраагүй аж. Газар хөдлөлтийн дараа 12 атомын станц өндөржүүлсэн бэлэн байдал зарлажээ.

Газар хөдлөлт Вашингтоноос баруун урагш 135 км зайд, газрын хөрснөөс 6 км-ийн гүнд болсон байна гэж АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээлсэн бөгөөд энэхүү газар хөдлөлт нь Америкийн зүүн эрэгт 1897 оноос хойш тохиолдож буй анхны хамгийн хүчтэй газар хөдлөлтөнд тооцогдож байна. Эхний хоёр чичиргээ 2,8 болон 2,2 магнитутын хүчтэй байсан бол орон нутгийн цагаар мягмар гаригийн оройн 20.04 цагт болсон гуравдахь чичиргээ 4,8 магнитутын хүчтэй байжээ.

Хамгийн хүчтэй чичиргээ Вашингтонд орон нутгийн цагаар даваа гаригийн өдөр 13.51 цагт 30 секунд хэртэй үргэлжилсэн бөгөөд энэ үед барилга байшингууд ганхаж, чичирхийлж байсан байна. Чичирхийлэл болсноос хэдхэн минутын дараа аврах албаныхан болоод цагдаагийн албан хаагчид засгийн газрын байрнуудыг хамгаалалтандаа авч Капитол Хилл дэхь барилгуудруу хүмүүсийг нэвтрэхийг хоригложээ. Энэ үеэр радио телевизүүд, гэрэл цахилгаан, гар утасны сүлжээ тасалдаж байсан байна. Газар хөдлөлтийн үеэр нислэгүүд болон гал тэрэгний хуваариуд хэсэг хугацаанд саатсан ч удалгүй хэвийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга болон Гамшгийн менежментийн ажилтнууд Массачусеттсын Марта Уайняардад амарч байсан Ерөнхийлөгч Барак Обамад газар хөдлөлтийн талаар шуурхай мэдээлсэн ч ноён ерөнхийлөгч яаралтай тусламж хүсэхгүй байхыг үүрэг болгожээ. 

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж