“Монголоо сонсъё” аян Сүхбаатар дүүрэгт боллоо

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

“Монголоо сонсъё” аян Сүхбаатар дүүрэгт боллоо

“Монголоо сонсъё” аян Сүхбаатар дүүрэгт боллоо

Ардчилсан намаас 21 аймаг болон орон нутагт “Монголоо сонсъё” нээлттэй өдөрлөгийг зохион байгуулж байна. Сүхбаатар дүүргийн 18, 20 дугаар хорооны дунд ард түмнээ сонсоё нээлттэй өдөрлөгийг өнөөдөр /2018.06.04/ хийлээ. Өдөрлөгт нийслэлийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Д.Баттулга, Ажлын хэсгийн ахлагч ҮБХ-ны гишүүн, Нийгэм, хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд асан Д.Нямхүү, УИХ-ын гишүүн асан, БСШУЯ-ны сайд асан, ҮБХ-ын гишүүн Л.Гантөмөр, ҮБХ-ны гишүүн, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч М.Энхмаа, Дүүргийн ИТХ-ын дарга ДИТХ-ын төлөөлөгч Э.Ганбат, Дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, 20-р хороооны Засаг дарга, тус хорооны АН-ын үүрийн дарга Р.Чогжмаа, 18-р хорооны АН-ын үүрийн дарга Э.Чинзориг нарын албаны хүмүүс оролцлоо.

Ард түмнээ сонсъё нээлттэй өдөрлөгт иргэд идэвхтэй оролцож, өөрсдийн санал бодлоо хэлж байсан юм. Ахмадын үгийг сонсохоо больж, амралтад явах хүсэлтийг хүртэл хойш тавьж байгаа асуудал гарсаар байгааг уламжилжээ. Мөн иргэд сошиал хуудаст хэтэрхий автагдаж, бие биедээ цаг гаргах нь улам хомс болж, уулзалт цуглаанд оролцохгүй болсныг хэлж байв.

Энэ үеэр Ардчилсан намын төлөөлөл болон иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

НАМЫН ХАРЬЯАЛЛААС БОЛЖ ИРГЭДДЭЭ ХАНДАЖ БАЙГАА БОЛ МОНГОЛД НИЙГЭМ НЬ ӨӨР ТИЙШЭЭ ЯВЖ БАЙНА

Нийгэм, хамгаалал хөдөлмөрийн яамны дэд сайд асан Д.Нямхүү:

-Ардчилсан намаас “Ард түмнээ сонсъё” аяныг зохион байгуулж байна. Хоёр жилийн өмнө болсон сонгуулийн дараа засаг төр шинээр байгуулагдаж, бүрэн эрх авсан нам болон Улаанбаатар хотын удирдлагууд ажлаа зөв хийж байна уу, үгүй зэрэг асуултууд олон болжээ. Иргэдэд юу дутагдаж байгаа талаар тэдэнтэй ярилцаж санаа бодлыг нь сонсохоор аяныг хийж байна. Яагаад ингэж яваад байна вэ гэхээр нийтийн сүлжээгээр бослого гаргая, тэмцмээр байна, энэ арай дэндэж байна гэсэн яриа маш их гарлаа. Гэтэл иргэдийн бухимдаад байгаа шалтгаан нь юундаа байна гэдгийг сонсохгүй, анхаарахгүй байна. Тэгэхээр Ардчилсан нам улс төрийн гол хүчний хувьд ард иргэдээ сонсч, тэдний хэлэх гэсэн үгийг төр засагт хүргэх ёстой. Иргэд хэлж байна. Халамжийн байдал их хэцүү болчихлоо. Ахмадууд амралтанд явдаг байсан нь улам багасдаг болж. Халамжийн төвүүдийн үйл ажиллагаа улам суларч ийш тийшээ явуулж хүндрэл гардаг болсныг хэлж байна. Намын харьяаллаас болж иргэддээ хандаж байгаа бол Монголд нийгэм нь өөр тийшээ явж байна. Ардчиллыг хамгаалж бий болгосон учраас Ардчилсан нам үүнийг хамгаалах ёстой. Тиймээс орон даяар “Монголоо сонсъё” гэсэн аяныг зохион байгуулж байна.

‘АРДЧИЛСАН НАМ ИРГЭДЭЭ СОНСч БАЙГАА НЬ МАШ ЗӨВ’

Сүхбаатар 20-р хорооны иргэн Ш.Энхтуяа:

-Би өнөөдөр хоёр гол зүйлийг ярилаа. Ардчилсан нам иргэдээ сонсx байгаа нь маш зөв байна. Энэ маань урьдын байдал шиг бүү болоосой гэж бодож байна. Ард иргэдийн зүрх сэтгэлд бугшаад байгаа зүйлүүдийг сонсч, ярилцах хэрэгтэй. Хэрвээ энэ зүйлийг сонсоод ярилцаад явах юм бол бид Ардчилсан намыг дахин сонгоход бэлэн байна. Бид тусгаар тогтнолоо алдах гээд байна. Багануурын асуудлыг хар. Мөн Дорнод аймагт юу болоод байна. Фэйсбүүк, твиттэр хуудсаар сэтгэл эмзэглүүлсэн олон асуудал гарч байна. Тэгвэл энэ нам үүнийг олж хараад ард түмнийхээ төлөө тэмцэж яагаад болдоггүй юм бэ. Иргэний хөдөлгөөний байгууллагын залуустай нэгдэж болдоггүй юм уу гэж би хэлмээр санагдлаа. Хоёрдугаарт нь энэ нам ёс зүйтэй нам болж өөрчлөгдөх ёстой. Нээлттэй, бодлогын нам болж байгаа юм байна. Хамгийн гол нь ёс зүйтэй байх ёстой. Намын даргаасаа эхлээд ёс зүйгүй үйлдэл гаргаад байна. Ёс зүйгүй үйлдэл хийж байгаа гишүүддээ хариуцлага тооцох хэрэгтэй. Нам яагаад цэвэршиж чадахгүй байна. Ингэж цэвэршиж чадахгүй юм бол Ардчилсан нам ард түмний итгэлийг дахин хүлээнэ. Монгол хүн эх орондоо эрүүл энх амьдрах нь гол зорилго шүү дээ. Түүнээс биш баяжих, өөрийнхөө нэг насандаа байтугай долоон үеэрээ идэх хөрөнгө цуглуулах биш юм. Зүгээр л малчныг нь малчнаар, ажилчныг ажилчнаар нь сэтгэл амар амьдруулах хэрэгтэй. Бид 1921 оны үеийг санах хэрэгтэй. Тэр үед ноорхой хувцастай гэрт амьдарч байсан иргэд эх орныхоо төлөө цусаа өгч байсан. Гэтэл өнөөдөр бүгд л машин уначихсан, гэр орондоо жаргалтай л байна. Тэгсэн бид ядарч байна, зүдэрч байна гээд байдаг. Эцсийн эцэст хүн баян цатгалан амьдрахдаа гол нь биш юм. Монгол сайхан орноо үр хүүхдүүддээ өвлүүлэх учиртай. Ард түмнийхээ үгийг сонсоё гэсэн санаачлагыг гаргасан Ардчилсан намын залуустаа баярлалаа. Үүнийг ямар нэгэн шоу хэлбэрээр биш тухайн хүний амьдралд тохиолдоод байгаа ээдрээтэй, эгзэгтэй үеийг сонсох цуглаан болоосой гэж хүсч байна.

ЦАХИМ ХУУДАСТ БИЕ БИЕЭНТЭЙГЭЭ УУЛЗАХ БИШ НЭЭЛТТЭЙ БАЙХ ХЭРЭГТЭЙ

Сүхбаатар дүүргийн 18-р хорооны иргэн Н:Тунгалаг

-Би 18-р хороонд 20-иод жил амьдарч байна. Багш мэргэжилтэй. Сүүлийн таван жил багшийн ажлаа хийсэнгүй. Одоо хувиараа ажиллаж байна. Ээж маань Ардчилсан намын үйл хэргийг дэмжиж ирсэн. Би ч багаасаа энэ намыг дэмжсээр өдийг хүрчихлээ. Одооны залуус юманд их хойрго ханддаг болжээ. Арга хэмжээнд очооч гэж хэлэхээр автобусны мөнгө байдаггүй гэсэн шалтгааныг хэлдэг. Гэтэл шоу цэнгээнд болохоор мөнгө гаргаад байдаг. Яагаад тэд өөрт нь хэрэгтэй мэдээллийг сонсч, авахгүй байна вэ. Бас бие биеэнтэйгээ уулзаад түр ч атугай сошиал ертөнцөөс холдож болохгүй гэж. Надад нэг хэлмээр юм байна. Ард түмнээ сонсъё аяныг би их дэмжиж байна. Залуучууд маань энэ аянд нэгдэж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, бие биеэнтэйгээ ярилцах хэрэгтэй. Эхнэр, нөхөр хоёр хүртэл өглөө босоод бие биеэнтэйгээ мэндлэхээс илүүтэй утсандаа анхаарлаа хандуулдаг болжээ. Хүн сэтгэлээсээ юманд хандахаа больчихсон байна. Сэтгэл гэдэг зүйл байхгүй болж. Яагаад сэтгэл гэдэг зүйл хүмүүст харагдахаа больчихвоо. Ахмадууд маань залуучууддаа зааж зөвлөөд ирэхээр “бидний амьдарч байгаа үе өөр” гэж хэлдэг. Гэтэл энэ буруу хүмүүжил шүү дээ. Миний бодож байгаагаар залуучууд маань өөрөө өөртөө анхааралтай байж, зоригтой урагшлах хэрэгтэй. Өнөөдөр нийгмийн ажил буруу байгаагаас ажилгүй иргэд олон байна. Монголыг хөгжүүлэхэд мөнгөтэй хүн байгаад хөгжүүлэхгүй. Хүн бүрийн чин хүсэл эрмэлзэл, сэтгэл зүрхтэй байж эх орноо хөгжүүлнэ. Хүн болгон энэ аянд идэвхтэй оролцох хэрэгтэй гэж бодож байна. Залуус бие биеэнтэй уулзаж, хэсэг хугацаанд ч болов сошиалаас холдох хэрэгтэй. Ахмад, залуус гэлтгүй хоорондоо ярилцах нь чухал байна. Өнөдөөр цахим хуудаст бие биеэнтэйгээ уулзах биш нээлттэй өдөрлөгт оролцож байгаач гэж хэлэх гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж