УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлгийн явцад уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Энэ тогтоол нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан байгуулах тухай юм.
Ингээд дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан асуулт асуув. Тэрбээр “ Mахир дутуу гэдэг их муухай үг. Үүнийг өөрчилж хөгжлийн бэрхшээлтэй болгосон. Хөгжлийн бэрхшээл гэдэг олон улсын нэр томьёо байна уу. Миний сонссоноор бол тусгай хэрэгцээтэй иргэн гэж олон улсад яригддаг” гэв.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:
-Хүний эрхийн тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгээрээ явна гэж тодорхой зааж өгсөн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдэг нэр томьёог Хүний эрхийн конвенцэд тусгасан томьёоллоор хэрэглээд явж байгаа. Харин “тусгай хэрэгцээт боловсрол” гэдэг агуулгыг Боловсролын тухай хуульд тусгаад явж байгаа. Ер нь бол “хөгжлийн бэрхшээлтэй иргэн” гэдэг агуулгад “тусгай хэрэгцээт” гэдэг томьёо нь багтаад явж байгаа гэж ойлгож болно.