Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд 1978 оноос өмнө тэмцээнийг эх орондоо зохион байгуулж аварга цолыг хүртсэн 4 тохиолдол байсан. Тэгвэл Аргентин улс 1978 онд анх удаагаа дэлхийн аваргыг зохион байгуулж тэртээ 48 жилийн өмнө Уругвайн шигшээ багт хожигдон мөнгөн медаль хүртэж байсан амжилтаа ахиулан аваргын алтан медаль хүртэж дэлхийн аваргад түрүүлсэн 6 дахь улс болсон.
Өмнөд Америкт 4 дэх удаагаа саатсан дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь 16 улсын шигшээ баг оролцсон сүүлчийн дэлхийн аварга болсон юм. Тус тэмцээнд Европын тивийн 10 улсын шигшээ баг, Хойд Америкаас Мексик, Өмнөд Америкаас Аргентин, Бразил болон Перугийн шигшээ багууд оролцсон. Харин Азиас Иран улс, Африк тивээс Тунис улсууд анх удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Тунисын шигшээ баг анх удаагаа оролцохдоо маш амжилттай оролцож хэсэгтээ Баруун Германы багтай тэнцэж, Мексикийг 3-1 харьцаатай буулган авч байсан. Харин Ираны баг ердөө ганц тэнцээ авснаар тэмцээнээ өндөрлүүлж байжээ.
Аргентин-1978 дэлхийн аваргын тэмцээн нь дөрвөн жилийн өмнөхтэй адил тэмцээний форматын хувьд 4 хэсгийн эхний 2 баг 2-р шатанд өрсөлдөх эрхээ авсан. Ингээд 2-р шатанд хэсэг тус бүрийн шилдэг хоёр багууд 2 хэсэгт дөрөв дөрвөөрөө хуваагдаж хоёр хэсэг тус бүрийг тэргүүлсэн багууд шууд аваргын төлөө тоглосон бол 2-р гарсан багууд нь хүрэл медалийн төлөө тоглосон.
Тэмцээний 2-р шатанд:
А хэсэг
- Итали (1-р хэсгийг тэргүүлсэн)
- Баруун Герман (2-р хэсгийн дэд байр)
- Австри (3-р хэсгийг тэргүүлсэн)
- Нидерланд (4-р хэсгийн дэд байр)
В хэсэг
- Польш (2-р хэсгийг тэргүүлсэн)
- Аргентин (1-р хэсгийн дэд байр)
- Перу (4-р хэсгийг тэргүүлсэн)
- Бразил (3-р хэсгийн дэд байр)
А хэсгийг Нидерландын шигшээ баг 2 хожил, 1 тэнцээтэй тэргүүлж хоёр дахь удаагаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шувтаргын шатанд шалгарсан. Харин аваргаа хамгаалж буй Баруун Германы шигшээ баг 2 тэнцэж медалийн төлөөх өрсөлдөөнөөс хасагдсан. В хэсгийг зохион байгуулагч Аргентины шигшээ баг мөн 2 хожил, 1 тэнцээтэй тэргүүлж хоёр дахь удаагаа дэлхийн аваргын шувтрагын тоглолтонд шалгарсан. Аргентины шигшээ баг хэсэгтээ Перуг 6-0 харьцаатай хожсон нь Бразилын шигшээ багтай хожил, тэнцээ тэнцүү байсан ч хэсэг тэргүүлэх боломжийг олгосон байдаг. Бразилын шигшээ баг 1974 онд Баруун Германд болсон дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө Польшийн шигшээ багт хожигдож медальгүй хоцорч байсан бол энэ удаа дахиад хүрэл медалийн төлөө тоглох эрхтэй болсон.
Хүрэл медалийн төлөөх тоглолт
- Бразил 2-1 Итали
Хүрэл медалийн төлөөх тоглолт Европ болон Өмнөд Америкийн хоёр шилдэг багуудын дунд болж Италийн шигшээ баг Ювентус клубын довтлогч Ф.Каузиогийн гоолоор тэргүүлж байсан. Гэвч тоглолтын II хагаст Нелиньо, Дирсеу нарын гоолоор Бразилын шигшээ баг ялалт байгуулж дэлхийн аваргын 6 дахь медалиа хүртсэн нь хүрэл медаль байсан юм.
Алтан медалийн төлөөх тоглолт:
- Аргентин 3-1 Нидерланд
Аваргын алтан медалийн төлөө Аргентин, Нидерландын шигшээ багууд шалгарлаа. Аргентин 1930 онд аваргын төлөө шалгарч Уругвайн шигшээд хожигдож байсан бол Нидерландын шигшээ баг ердөө 4 жилийн өмнө шигшээд шалгарч Баруун Германы шигшээ багт хожигдож байсан. Энэ удаагийн шувтрагын тоглолт нь хоёр багийн аль алинд нь чухал тоглолт байсан бөгөөд хэн хожсон нь анх удаагаа дэлхийн аваргын алтан медаль хүртэх хариуцлагатай тоглолт байсан. Тоглолтын үндсэн цагт Аргентинаас тус тэмцээний мэргэн бууч М.Кемпес, Нидерландын шигшээ багаа Д.Наннинга нар гоол оруулсан. Ингээд үндсэн цагт 1-1 харьцаатай тэнцсэн тул дэлхийн аваргын түүхэнд шувтрагын тоглолтонд 3 дахь цаг сунгасан тоглолт гарсан. Нэмэлт цагт Аргентины багаас М.Кемпес, Р.Бертони нар тус бүр нэг гоол оруулж зохион байгуулагчид анхны алтан медалиа хүртсэн түүхтэй. Харин Нидерландын шигшээ баг сүүлийн 2 дэлхийн аваргын финалд шалгарсан ч нулимсатайгаар хожигдож мөнгөн медаль хүртэж байжээ.
Аргентин-1978 дэлхийн аваргын сонирхолтой баримтууд:
- Дэлхийн аваргын түүхэн дэх сүүлийн удаагийн 16 улсын шигшээ баг өрсөлдсөн тэмцээн болсон.
- Аргентин улс 1930 оны Уругвай, 1934 оны Итали, 1966 оны Англи, 1974 оны Баруун Германы амжилтыг давтаж гэртээ дэлхийн аварга зохион байгуулж аваргын цом хүртсэн 5 дахь улс болсон
- Аргентин улс дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 5 хотын 6 цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан
- Дэлхийн аваргыг нийтдээ 1.5 сая гаруй хүн цэнгэлдэх хүрээлэнд ирж үзсэн бөгөөд нэг тоглолтыг дунджаар 40 мянга гаруй хүн ирж үзсэн
- Тэмцээний мэргэн буучаар Аргентины довтлогч М.Кемпес 6 гоолтойгоор тодорсон бол залуу тоглогчоор Италийн шигшээ багуун жигүүрийн хамгаалагч А.Кабрини хүртсэн
- Дэлхийн аваргын турш Унгар болон Мексикийн шигшээ багууд ганц ч хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлж байжээ.
Б.БЯМБАБАЯР