МАХН-ынхан Их чуулганаа хуралдуулахаар ирэх долдугаар сард тов зарласан. Үүнтэй холбоотойгоор Улсын Дээд Шүүхээс тогтоол гаргажээ. Энэ талаар МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар нар өнөөдөр /2018.06.05/ хэвлэлийн хурал хийв.
МАХН-ЫН ДЭД ДАРГА Ц.ОЮУНБААТАР:
-МАХН-ын дүрмийн өөрчлөлт болон мөрийн хөтөлбөрийг Дээд шүүх бүртгээгүй. Ингэхдээ хурлын тэмдэглэл хавсаргаагүй, тус намын нэг хоёр хүн Их чуулганы асуудлаар маргалдаж байгаа учраас бүртгэх боломжгүй гэх тогтоол гаргасан байсан. Бид энэ тогтоолд заасан үндэслэл шалтгааныг залруулж, 2018 оны тавдугаар сарын 14-ны өдөр Улсын Дээд шүүхэд өгсөн. Харамсалтай нь, Улсын Дээд шүүх огт өөр шалтгаан зааж, бүртгэхээс дахин татгалзлаа. Үүнээс үзэхэд МАНАН гэдэг улс төр, бизнесийн бүлэглэл шүүхийн шийдвэрт нөлөөлж байна. Энэ бүлэглэл Н.Энхбаярыг зохиомол хэргээр шийтгэж байсан. Одоо болно, улс төрийн дайнаа зогсоогоод, урагш харж ажиллахыг МАХН шаардаж байна.
Хуульч, н.Мөнхсайхан:
-МАХН хоёрдугаар их чуулганаа хийж, дүрэм мөрийн хөтөлбөрөө батлуулахаар Улсын Дээд шүүхэд хандсан байдаг. Гэтэл нэмж шаардахыг хуулиар хориглосон материалуудыг Улсын Дээд шүүхээс шаардсан. Ингээд МАХН дээрх шаардлагын дагуу материалаа бүрдүүлээд өгсөн ч бүтгэхээс татгалзлаа.
Т.НОМИН