"Оюутан цагдаа 360-400 мянган төгрөгийн цалинтай"

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

"Оюутан цагдаа 360-400 мянган төгрөгийн цалинтай"

"Оюутан цагдаа 360-400 мянган төгрөгийн цалинтай"

Гадаадын жуулчин болон дотоодын иргэддээ эрх зүйн үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй оюутан цагдаа нар зургадугаар сарын 1-ээс ажиллаж эхэлжээ. “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Аялал Жуулчлалын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Монголын Оюутны холбоо гэсэн гурван тал хамтран оюутан залуучуудыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, аялалж яваа гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах, жуулчдад аялал жуулчлал, соёлын үйлчилгээний мэдээлэл түгээх “Оюутан цагдаа-2018” арга хэрэгжүүлж байгаа юм байна. Арга хэмжээнд 40 оюутан хамрагдахаас өнөөдрийн байдлаар 35 оюутан хамрагдаад байгаа гэнэ. Оюутнуудын үйл ажиллагаа зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 13-ны хооронд хооронд үргэлжлэх бөгөөд оюутнууд хоёр хоёроо нэг групп болж ажиллах юм байна. Оюутан цагдаа хийж байгаа МУИС-ийн оюутан Г. Хишигдэлгэрээс ажлынх нь онцлогийн талаар цөөн хором ярилцлаа.

-Оюутан цагдаа нар хэзээнээс ажилдаа оров. Зуны гурван сарын турш цалинтай ажиллана гэсэн үг үү?

-Зургадугаар сарын 1-ээс эхэлж оюутан цагдаагаар ажиллаж эхэлсэн. Цалин сардаа 360,000-420,000 мянган төгрөгийн хооронд байгаа. Наймдугаар сарын дунд хүртэл ажиллана. Зуны улирал дуусангуут жуулчдын тоо эрс багасаад ирэх юм. Тэр үед бидний ажил дуусна гэсэн үг юм. Бид МУИС-ийн 2-р курсийн оюутнууд. Гадаадын болон дотоодын иргэдэд тодорхой хэмжээгээр эрхзүйн туслалцаа үзүүлнэ. Мөн хэрэг зөрчил гарвал түүнийг ЦЕГ-т мэдээлэх үүрэгтэй. Улаанбаатар хотыг нийт 35 оюутан бүсчилж авсан. Жишээ нь бид хоёрынх Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрийг хариуцан ажилдаг. Замын хоёр талаар нь явж байгаа хүмүүс үйлчилгээ үзүүлнэ.

-Оюутнуудыг шалгаруулж авсан шалгуур нь юу байсан бэ?

-Мэдээж англи хэлний түвшнээс хамаарч шалгаруулж авсан. Аман болон бичгээр шалгалт өгсний үндсэн дээр тэнцсэн оюутнуудыг хоёр хоногийн сургалтад суулгаж хэрэгцээтэй мэдээллээр хангасны дараа ажлын байраар хангасан байгаа. Хэлний мэдлэг дундаас дээш байх ёстой гэж заасан.

Н. ГАНБАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж