Хотынхонд татвар тогтооё

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Хотынхонд татвар тогтооё

Хотынхонд татвар тогтооё

Нийслэлд амьдардаг иргэн бүрт татвар ногдуулахгүй бол Улаанбаатар хот утааны голомт, бохирын цооног, хогийн пункер болж дуусах нь. Хотын иргэдэд татвар тогтоох тухай ярихаар дарга нараасаа эхлээд эсэргүүцэж магадгүй. Аягүй бол нүүрс түлдэг гэр хорооллынхноосоо татвар авахгүй юу гэж адарч ч мэднэ. Гэвч уучлаарай. Гэр хорооллын иргэд утаа “үйлдвэрлэж” агаарын бохирдол үүсгэдэг бол орон сууцанд амьдардаг иргэд өмхий “үйлдвэрлэдэг” болсоор удлаа. Хэнийгээ ад үзэж, хэнийгээ өмгөөлөх билээ.

Хэдэн жилийн өмнө хотын экс дарга Г.Мөнхбаяр хөдөөнөөс хотод шилжин ирэгсдээс хураамж авдаг болох, нийслэлд оршин суугчдаас хотын татвар авдаг болох санал гаргаад нам даруулсан.

Уг нь энэ санааг ажил хэрэг болгосон бол татвараар дамжиж төвлөрөх орлогыг нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулах байв. Харамсалтай нь, хэн ч дэмжээгүй. Харин ч хамгийн харгис хотын дарга болж хувирсан. Гэтэл дэлхийн хотууд оршин суугчид болон шилжин ирсэн иргэдээсээ татвар авдаг. Баян, ядуу байхаасаа үл шалтгаалж, аль бүсэд амьдардаг вэ гэдгээсээ хамаарч, ялгаатай татвар төлдөг.

Харин нийслэлийн иргэдэд хотын татвар ногдуулах тухай яриа үүсэхэд хүний эрх ярьж, чээжээ дэлдэх нь олонтаа. Өөрөөр хэлбэл, хотод амьдарч байж, нийтийн дүрмээр амьдрах ёстой гэдгээ олонх нь мэддэггүй. Наад зах нь нийтийн эзэмшлийн орон сууцанд амьдарч байж харанхуй шөнөөр хана туургаа өрөмдөнө. Шаардлага тавихаар “Ая тухтай орчинд амьдрах нь миний эрх” гэж томорно. Өөрийн эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байдаг гэдгийг мэддэггүй. Өөрөө л болж байвал бусад нь хамаагүй. Ийм нэг аминчхан хувиа хичээсэн үзлээс болж, цагтаа Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан Улаанбаатар хот өнөөдөр хамгийн их агаарын бохирдолтой, хамгийн их хөрсний бохирдолтой нийслэл болж хувирлаа. Иймээс нийслэлийн энэ мэт тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд иргэд нь эрх эдэлдэг байхаас гадна үүрэг хүлээх ёстой. Хүлээх үүргийн нэг нь хотын дүрмээр амьдардаг болох. Ингэхийн тулд нийслэлийн иргэн бүр татвар төлөгч болох шаардлагатай болжээ.

Эдийн засгийн ийм хөшүүрэг хэрэглэхгүйгээр иргэд ч хотжихгүй нь. Төсөв, нийслэлийн хөрөнгө оруулалтаар бүх юмыг шийдэг гэсэн сэтгэлгээгээр хандана. Уг нь энэ бүхний ард баялаг бүтээгчдийн хөлс байдаг ч тун цөөхөн хүн мэддэг. Хэрэв мэдэрдэг байсан бол нийслэлчүүдийн ухамсар ингэтлээ дорд орохгүй байсан биз. Жишээ татвал, хэдхэн хоногийн өмнө хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэхэд хог новшоор дүүргэж өгсөн. Баярынх нь арга хэмжээ дуусаагүй байхад л төв талбайг ундаа, ус, чихэр школадны сав, цаасаар булсан. Нийслэлийн Тохижилт үйлчилгээний компанийнхан амсхийх завгүй ажиллаад ч дийлээгүй.

Хотоос гадагш гарч зугаалсан нь бас дээрдэх юмгүй. Уул, усны сайхныг шилж зугаалчхаад хоол хүнснийхээ бохирыг тэр чигт нь хаячхаад хүрээд ирсэн. Амарч зугаалах эрх хүн бүрт бий ч эргээд хариуцлага бас үүрэх ёстой гэдгээ хэн нь ч ухамсарлаагүй. Зөвхөн өөрийн эрх гэдгийг мэдэхээс нийтийн эрх ашиг байдаг гэдгийг бараг мэддэггүй. Одоо нийслэлчүүд хотын дүрмээр амьдрах цаг нь болсон. Чадахгүй гэвэл явж болно, энэ бол сонголт.

Улаанбаатар хотын захирагч С.Батболд өчигдөр /2018.06.04/ бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй “’Business breakfast’ уулзалт хийх үеэрээ “Улаанбаатар хот онцгой бүс болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Онцгой бүсэд онцгой бодлого явуулах ёстой” гэдэг байр суурь илэрхийлсэн байна билээ. Яах аргагүй үнэн. Харин хэрэгжүүлэх онцгой бодлогын нэг нь хотын иргэн бүрт хотын татвар ногдуулдаг болох эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байна гэдгийг дахин сануулъя. Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 1.4 сая иргэн амьдарч байна. Тэр бүгд татвар төлөгч болбол нийслэлийн төсөвт ч нэмэртэй.

Хөрсний бохирдол, агаарын бохирдол, төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх гээд шилээ дарсан олон асуудал бий. Энэ бүгдийг захаас нь шийдэхэд хотын татвар тодорхой хэмжээний дэмжлэг болох ёстой.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж