УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн Авто замын тухай хууль, Автотээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль анх 1994 оны долдугаар сард батлагдсан байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн эдийн засаг, нийгмийн харилцаа өргөжин хөгжиж ирсэн боловч 1990 оноос хойш эхэлсэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн тасралгүй үргэлжилсээр өдгөө нийслэлд байнга оршин суугчдын тоо 1.3 сая буюу манай улсын нийт хүн амын 44.7 хувьд хүрээд байгаа юм. Тиймээс хотын хөгжлийн үзэл баримтлалыг шинээр тодорхойлж, эрүүл, аюулгүй, амьдралын таатай орчин бүрдүүлсэн, олон төвт суурьшлын тогтолцоонд суурилсан, өрсөлдөх чадвартай, сайн засаглал бүхий аялал жуулчлалын томоохон төв болгон хөгжүүлэх шаардлагад нийцүүлэн эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь зүйтэй хэмээн Засгийн газар үзжээ.
Монгол улсад бүртгэлтэй байгаа нийт автомашины 75 хувь нь Улаанбаатарт байдаг бөгөөд өдөрт дунджаар 300-400 мянган автомашин хөдөлгөөнд оролцдог гэдгийг Хотын дарга С.Батболд хэллээ. Тэрбээр “Хөдөө орон нутагт барих зам, нийслэлд шинээр тавих автозам нэг стандартаар явж байгаа. Өөрөөр хэлбэл, нийслэлд баригдах зам ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэргээс эхлээд цогц байх ёстой. Гэтэл хөдөө тавих замтай ижил стандартаар барихаар ус зайлуулах шугам, гэрэлтүүлэг зэргийг нь хийлгүй орхих тохиолдол бий. Тиймээс нийслэлд барих автозамыг өөр стандартаар зохицуулахад энэ хууль чиглэгдэж байгаа” гэдгийг тодотгов. Мөн Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцээгүй такси үйлчилгээтэй цорын ганц хот гэж хэлж болно. Бид энэ асуудалд нэлээд санаа зовж такси хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. Үүний хүрээнд энэ жилээс Улаанбаатар хотод олон улсын жишгийн дагуу такси үйлчилгээ ямар байх талаар төр, хувийн хэвшлийн хамтарсан компанийг байгуулахаар болсон гэв.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт УИХ-аар хэлэлцүүлж байгаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газар зарахыг зөвшөөрөхөөр санал оруулсан гэх мэдээлэл иргэдийн дунд сүүлийн үед маргаан дагуулаад буй. Тэгвэл уг мэдээлэл ташаа болохыг ажлын хэсгээс тодотголоо. Энэ талаар хэлэхдээ “Энэ хуульд Газрын бирж байгуулах асуудлыг л тусгасан. Өөрөөр хэлбэл, 2002 оны Газрын тухай хуулийн 44.4-т “Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Тиймээс дуудлага худалдааг зохион байгуулах Газрын биржийг байгуулах юм” хэмээн тайлбарлав. Гадаадын иргэнд газар өмчлөх, эзэмшихийг хориглосон Газрын тухай хуулийн зохицуулалт хадгалагдана. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх буюу худалдах, захиран зарцуулах эрх болон эзэмших эрхийг гадаадын иргэнд олгохыг хуулиар хориглосон нь хэвээрээ байна” гэлээ.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
-Хотын удирдлагууд, олон нийтэд хуулиа сурталчлах, таниулах тал дээр ур дутсан гэж харагдсан шүү. Гадаадын иргэдэд газрыг өмчлүүлж, эзэмшүүлэх гээд байгаа бус ашиглах эрхийг нь нэмж Газрын биржээр дамжуулж олгох асуудал юм билээ. Үүнийгээ олон нийтэд зөв сурталчлан таниулах хэрэгтэй байна. Газар эзэмших эрхийг Газрын биржээр олгох нь аль аль талдаа ил тод байх тул дэмжиж байна.
Ийнхүү хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийсэн тухай танилцуулгыг Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр болов.