Осол гарсан под станцыг улсын комисс хүлээж авсан байжээ

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Осол гарсан под станцыг улсын комисс хүлээж авсан байжээ

Осол гарсан под станцыг улсын комисс хүлээж авсан байжээ

Өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Сүхбаатар дүүргийн 11-р хороо, Алтай 28-р гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай бүсгүй, хоёр  хүүхэд  түлэгдсэн хэрэг гарсан. Энэ хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Одоогоор уг ослын талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт хараахан гараагүй байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа бөгөөд цагдаагийн байгууллагын зүгээс галын дүгнэлт гараагүй учир өөр мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.

 

Харин нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газрын зүгээс “Шуурхай албаны шинжээчид галын дүгнэлтийг тодорхойлохоор ажиллаж байна. Хэр хугацаа зарцуулагдахыг хэлж мэдэхгүй байна” гэх хариулт өглөө. Осол гарсан цахилгаан хуваарилах байгууламжийг барьсан “Мон-Энержи Корпораци” ХХК нь “Нийслэлийн хот төлөвлөлтийн ерөнхий газарт 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр тус дэд станцыг хүлээлгэн өгсөн” гэж өмнөх мэдээллүүдэд дурдсан байдаг. Уг дэд станцыг хүлээн авсан гэх асуудал Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт харьяалагддаг бөгөөд тус газраас тодруулахад “Улсын комисс хүлээж авсан нь үнэн. Хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа учир манай байгууллагаас мэдээлэл гаргахгүй” гэсэн байр суурьтай байна.

Харамсалтай нь ослын улмаас түлэгдсэн 25 настай бүсгүй тавдугаар сарын 31-ний  орой нас баржээ. Найман настай хүү энэ сарын 3-ны өдөр эмнэлгээс гарсан байна. Хүүгийн ээж Д.Шүрэнчимэгтэй  холбогдоход тэрбээр “Хүүгийн маань бие дээрдсэн зүйл алга. Өвчин намдаах тариа тариулж байж л унтаж байна. Харахад хүртэл сэтгэл сэмрэх юм. Эмч нар орчноо солиод үз гэж зөвлөсөн болохоор  хүүгээ түр эмнэлгээс гаргасан. Удахгүй эргэж хэвтэнэ. “Мон-Энержи Корпораци” ХХК-ийн зүгээс бид нартай ямар нэгэн байдлаар холбогдоогүй л байна” гэв. Дөрвөн настай хүү тавдугаар сарын 29-ний өдөр эмнэлгээс гарчээ. 

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж