Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх байсан ч УИХ дахь АН-ын бүлгийн дарга тав хоног завсарлага авах горимын санал гаргасныг Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир хүлээн авлаа.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах асуудалд анхаарал татсан хэд хэдэн асуудал байгаа юм. Тухайлбал, Төрийн банкийг жилд 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байхад нь гэнэт яагаад хувьчлах болов. Ингэхдээ хувьчлалын үнийн дүн нь асуудалтай байна. Монголын хөрөнгийн бирж 2015-2016 онуудад дөрвөн тэрбум, нэг тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байтал мөн гэнэт хувьчлах болсон нь анхаарал татаж байгаа юм. Энэ мэт маргаантай шийдвэрүүд олон байгаа учраас АН-ын бүлэг дээрх асуудлыг зайлшгүй авч хэлэлцэх ёстой гэж үзэж байна” хэмээгээд тав хоногийн завсарлага авсан юм.
Энэ хугацаанд АН-ын бүлэг эдгээр байгууллагын хоёр талын мэдээллийг сонсоно гэдгийг тодотгов. Үүгээр Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө.