Сургууль, цэцэрлэгийн гал тогоо эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилснээс болж он гарснаар сурагчид хооны хордлогод орж буй цөөнгүй тохиолдол бүртгэгдэв. Хамгийн сүүлийн мэдээгээр Орхон аймаг дахь Монгол, Туркийн хамтарсан сургууль “Орхон Эмпати”-ийн сурагч болон багш нар хоолны хордлогод орж 47 хүн эмнэлэгт, дөрвөн хүн гэрээр эмчлүүлж байгаа. Тэдгээр сурагчид сургууль дээрээ бэлтгэсэн пирошки, кимбаб, гуляш мөн тарвас идсэн гэнэ. Үүнээс болж хоолны хордлогод орсон нь шинжилгээгээр тогтоогджээ. Тиймээс он гарснаар хэчнээн хүүхэд сургууль, цэцэрлэгийн хоолноос болж хордлогод орсон талаар Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээс тодрууллаа.
-Цэцэрлэг, сургуулийн орчинд эрүүл ахуйн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилснээс болж он гарснаар хэдэн хүүхэд өвчлөөд байна вэ. Дээрх байгууллагууд яг ямар алдаа гаргаснаас болж хордлого үүсч байна вэ?
-Сүүлийн үед сургууль, цэцэрлэгийн орчинд хоолны хордлогод орох тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал, энэ он гарснаас хойш 106, 111, 61 зэрэг гурван цэцэрлэг, 42 дугаар сургууль болон Орхон аймаг дахь“Орхон Эмпати”, 20 дугаар сургууль зэрэг гурван сургуульд хоолны хордлого гарч, 327 хүүхэд хордлогод өртөөд байна. Энэ нь тухайн сургууль, цэцэрлэгийн гал тогоо удаан хадгалсан, хадгалалтын горим зөрчсөн, махны модон дээр талх зүсдэг зэрэг эрүүл ахуйн наад захын технологийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээр үйлчилсэнтэй холбоотой.
-Хоолны хордлогод орсон хүүхдэд ямар эмчилгээ хийдэг вэ?
-Бактерийн эсрэг хордлого тайлах эмчилгээ хийж байна. Бусдын хариуцлагагүй байдлаас болж үүссэн ийм тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас маш их зардал ордог.
-Сургууль, цэцэрлэгийн хариуцлагагүйгээс болж үүссэн энэ тохиолдолд хариуцлагыг хэн хүлээдэг вэ?
-Хариуцлагыг тухайн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хүлээх ёстой. Удирдлагууд нь сургуулийнхаа гал тогооны ажилчдыг гурван сар тутамд үзлэгт хамруулах ёстой байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын газар үүнд хяналт тавих ёстой.
Р.Ренчиндулам