Энхийн тэмүүлэл нь мөнхийн тэмүүлэл юм

Хуучирсан мэдээ: 2011.08.24-нд нийтлэгдсэн

Энхийн тэмүүлэл нь мөнхийн тэмүүлэл юм

Энхийн тэмүүлэл бол Мөнхийн тэмүүлэл юм. Энэ бол зөвхөн монгол хүний тэмүүлэл бус нийт хүн төрөлхтний тэмүүлэл гэдгийг онцлон авч үзье.

Монголчуудын энх тайвны төлөөх сэтгэлгээ, тэмүүлэл нь их холын үндэс суурьтай. Эрт дээр цагаас эцэг тэнгэр, эх дэлхийгээ шүтэлцэж ирсэн үзэл бодолтой нь холбоотой юм. Өвөг дээдэс маань байгаль дэлхий, дээд тэнгэр, дэргэдэх улс гүрэнтэйгээ энхийн ёсоор харилцаж, эвийн журмаар найрсан, хаяа хатгаж орших арга ухааныг аль эртнээс танин мэдэж, хойч үедээ өвлүүлж ирсэн байна. Танин мэдэхүйн энэ нандин өвийг Монголын эзэнт гүрний үед “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн эхэн дор” хэмээн томъёолж төрийн бодлогын зүрхэн тольтод шингээж өгснийг та бүхэн мэднэ.

Үүнийг баталгаажуулж Монголын анхны богд Өндөр гэгээн Занабазарын бүтээлээс хоёр санаа иш татъя. “Олон жил бодон бясалгасаар Монгол орноо туурга бүтэн байлгахын төлөө Бурханы сургаал, ёс заншил, эрдэм номын буяны чигт эргэлтгүй оруулах арван цагаан буяны зам бол эвдрэлийн биш эвийн санаагаар хамаг амьтныг соён гэгээрүүлэх зам мөн” гэж томъёолон бичжээ. Яг энэ санаа Ойрадын Заябандид номч мэргэн Намхайжанцаны сургаалд бичээстэй байдаг. Эл хоёр суут хүн эртний дорно дахины гүн ухааныг тусган суралцаж байж ийм ойлголтонд хүрсэн болов уу. Тухайлбал, богд Зонховын “Бодь мөрийн зэрэг” гэдэг их хөлгөн сударт дээрх санааг тод заасан нь бий. Үүнийг манай ахмад үеийнхэн сайн мэднэ. Нагаржунайн “Хоосон чанарын сургаал”-д дээрх санаа тод тусгагдсан байдаг. Энхийн үзэл санаа нь шашин номын үзэлтэй цуг яригдаж, ард түмэнд энэ хүрээнд хүргэгдэж иржээ.

Энхийн төлөөх үзэл нь одоо л яриад байгаа зүйл биш, дэлхий дахины өнөөгийн байдлаас үүсээд байгаа ч юм биш. Энэ нь Монголын уламжлалт соёл, сэтгэлгээнд аль эртнээс байсан гэдгийг дээрх санаанууд баталж байгаа. Түүнчлэн зөвхөн монголчуудын үзэл санаа бус бүх төрөлхтний нийтлэг ойлголт, тэмүүлэл юм. Энх тайвны төлөөх залбирал нь тэнгэр Бурхандаа залбирах байдлаар илэрдэг. Хаанахын хэн ч байсан хамгийн сайн сайхныг тэнгэр Бурхандаа даатган залбирдаг шүү дээ. Үүнийг хүний нийгэм дэх нийтлэг ёс гэж ойлгож болно. Ерөнхийдөө тэнгэр бол их бурханлаг, бурхан бол их тэнгэрлэг ойлголт юм.

Жишээлбэл, америкчууд мөнгөн тэмдэгтүүд дээрээ “In God we trust” гэж бичсэн байдаг. Яагаад тэгдэг юм бол? Үүнийг “Бид бурханд итгэдэг” гэснээр нь хялбарчлан ойлгож боломгүй санагддаг. Хөдөлмөрийн баатар, академич Ш.Бира гуай тэнгэризм гэдэг онол нь бүх онол сургаалын цогцыг илэрхийлж байгаа маш товчхон томъёолол ажээ. Монголчуудын тэнгэр шүтэх онол нь энх амгаланг бүтээхийн төлөө байдаг. “Мөнх тэнгэрийн хүчин дор, Их суу залийн эрхэн дор” гэдэг санааг энэ томъёололд багтаж байгаа гэж би ойлгодог. Төрт ёсны оюунлаг, хүмүүлэг томъёо нь энх амгалан орших философийн нэгэн тод гаргалгаа. Иймээс энхийн тэмүүлэл нь мөнхийн тэмүүлэл, хүн төрөлхтний тэмүүлэл юм. Хүн өдөр тутмын амьдрал, ойр ахуйгаасаа хэтийдсэн ариун мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй байх ёстой. Үүний нэг нь энхийн үзэл.

Энх гэсэн нэртэй хүн олон байдаг. Энхтайван, Энхбаяр, Энхсайхан, Энхцэцэг… гээд их түгээмэл. Зөвхөн Энхтайван гэдэг нэртэй хүн хэдэн зуу хүрэх байх. Энх тайвныг эрхэмлэсэн ард түмний сэтгэл дэх хүсэл эрмэлзлэл нь хүүхддэдээ өгөх нэрэнд хүртэл илэрч байна. Ажиглаад үзэхэд Энх нэртэнгүүд дэлхийн II дайны дараа, 1945 оноос хойн гарч ирсэн байдаг. Тэр үеийнхэн өөрсдийнхөө хамгийн дээд хүсэл мөрөөдлөөр хүүхдээ нэрлээд Энх гэж дуудан билэгшээж иржээ. Түүнээс хойш бид жаран жил энх амгалан амьдарлаа. Жаран гэдэг бидний хувьд бүхэл бүтэн эрин шүү дээ.

Одооны хүүхдүүд энх тунх амьдралын үнэ цэнийг нэг л тогтоож бодохгүй байх шиг… гэвч энэ та нарын буруу биш. Гол нь бид хэний ачаар, юуны хүчээр энхжин байна вэ, зүгээр л бурханы ивээл, аз завшаан юмуу? энх тайвныг ямар үнээр яаж тэмцэж олсныг ойлгох ёстой. Тэгж байж энх амгаланг дээдэлж түүний төлөө тэмцэх болдог.

Дайнгүй  нөхцөлд энх тайван гэж ямар байх ёстойг маш энгийнээр хэлье. Энэ нь хүний амь нас, ачлал энэрэл, хүнс хоол, амьдрах орчин, эм тан гээд хүний аюулгүй байдал, тав тухтай амьдралын төлөө юм. Тэгвэл хоол хүнс, эм тариа шаардлага хэр хангаж байна, эмнэлэг, боловсрол соёлын үйлчилгээ ямар байна, бид байгаль орчноо зүй зохистой ашиглаж чадаж байна уу гээд бодъё. Энэ асуултанд сэтгэл хангалуун хариулж байвал бид энхжин жаргаж байна, чадахгүй бол энх тайван цагт ч гэсэн бидний энх тунх орших нөхцөл бүрдээгүй байна гэж ойлгох хэрэгтэй.

Алаг дэлхийг арав дахин битгий хэл хэд дахин устгах атомын бөмбөг агсаатай байгаа. Хамгийн  аюултай хөнөөлт зэвсэг, эзлэн түрэмгийлэл, алан хядлагагууд дэлхий дахины энх тайванд аюул учруулсаар байна. Дэлхийг жижигрүүлээд бодвол бидний гэр. Гэрийг маань сүйтгэхээс ахмгаалж энх тайвныг бий болгох нь бидний амьдралын шаардлага болохоос хэн нэг нь хүчээр албадан шахаж байгаа зүйл биш. Дэлхийн энх амгалангийн асуудлыг бид өөрийнхөө амьдрал, эх оронтойгоо холбож ойлгох ёстой.

Өвчин зовлон, аюул занал хэлж ирэхгүй. Интернет, онгоц, холбоо сүлжээ бага байхад тэнд болж байгаа зүйл бидэнд хамаагүй юм шиг боддог байлаа. Дэлхий амгалан байж л улс орон амгалан байна, улс орон маань амгалан байвал бид өөрсдөө амгалан болно шүү дээ. Тэгвэл Монгол Улс дэлхийн энх тайванд ямар хувь нэмэр оруулж байна, өөрийнхөө энх амгалан байдлыг хэрхэн хамгаалж байна гэдэг нь их сонин. Хоёр их хөрш гүрэн цөмийн зэвсэгтэй атал бид “цөмийн зэвсэггүй бүс нутаг” гэж зарлан НҮБ-д өргөн мэдүүлээд, НҮБ үүнийг зөвшөөрч аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн болгож, цөмийн зэвсэгтэй таван том гүрэн энэ санаачилгыг дэмжсэн. Тэр хүчирхэг гүрнүүд цөмийн зэвсэггүй учраас манай орны аюулгүй байдлыг хамгаална гэсэн үг. Үүгээрээ бусад улс орнуудад маш том үлгэр дууриалал болж байна. Цөмийн зэвсэггүй бүс нутаг болсноор дэлхий нийтээрээ айх аюулгүй болох цагийг бид мөрөөдөн тэмүүлэх ёстой.

Монголчууд Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож байгааг энгийнээр хэлэхэд 2 хүн зодолдож байхад салгах нь зөв үү? гэдэгтэй адил. Дайтаж байгаа хоёр орныг НҮБ-ын далбаан дор жагссан олон улсын энхийг сахиулах хүч зааглаж байна гэсэн үг. Энх тайвныг хүчээр тогтоон барьж байсан үе түүхэнд байдаг. XIII-XIV зууны үед манай өвөг дээдэс дэлхийн талыг номхотгон эрхшээлдээ авснаар бүтэн эрин дамжиж Европ, ойрхи Дорнод, төв Азийн өргөн уудам нутаг дайн байлдаангүй болсон. Үүнийг барууныхан Факс Монголика хэмээн хүлээн зөвшөөрч, Монголыг амар амгалан орон гэж үздэг.

Танин мэдэхүйн үүднээс нь үүнийг зөв тайлбарлах ёстой. Одоо ч гэсэн энэ арга байсаар л байгаа. Дайн байлдааны эсрэг тэмцэх нь хүн төрөлхтний ариун үүрэг боловч алан хядагчид ямарч хуулинд захирагддаггүй, хүмүүсийг үй олноор хөнөөдөг болчихоод байна. Томоохон   гүрнүүд хоорондын хэлэлцээртээ тэднийг устгах тухай ярьдаг. Өөрсдийнхөө балмад зорилгыг биелүүдэхийн тулд алан хядах ажиллагаа явуулж байгаад ч уян хатан хандах хэрэгтэй. Гэвч өнөө цагийн төлөө түүхийг яллаж болохгүй. Бид Монголын энх амгаланд хуучин аргаар, шинэ зорилтыг биелүүлж чадахгүй. Одоо хэрэглэгдэж байгаа олон улсын арга бол яриа хэлэлцээрийн зам юм. Энх амгалангийн цаана заавал нэг эв зүй байдаг. Эвдрэлцээд байвал юуных нь энх тайван байхав. Энх тайван гэдэг нь хэн нэгний өмч биш. Аль нэг улс руу нялзааж болохгүй, цөмөөрөө л хариуцлага хүлээх ёстой. Энх тайвныг хувьчилж тарааж болохгүй. Энэ бол өмч хөрөнгө биш.  Энх тайвныг хамгаалах нь хэсэг бүлэг хүмүүсийн хариуцлага ч биш, бүх хүний үүрэг.

Энх тайван бол хөгжил дэвшлийн үндэс, улс орон амгалан байх, гэр бүл аз жаргалтай, хувь хүн сэтгэл хангалуун, амар амгалан байхын үндэс юм. Одоо цагт Америк ч юмуу Орос улс ганцаараа тогтоож чадахгүй. Тиймээс бүх улс гүрэн хамтын ажиллагаа явуулж байж л хөгжиж дэвшинэ. Өөрөөр хэлбэл энхжих гэдэг нь найрсан оршихын нэг тал бөгөөд нэг зоосны хоёр тал юм.

Социализмын үед жагсаал цуглаан хийдэг байлаа. Одоо бол бид тэр аргаас татгалзсан. Хүн эхлээд оюун санаа, сэтгэлдээ энх амгаланг байгуулах нь чухал. Коммунизм ч юмуу, социализм, ардчилалын үед гэж асуудлыг тавих нь буруу. Угаасаа энх тайван гэдэг нь агаар байгаа хэрнээ үнэртэхгүй байгаатай адил зүйл. Хэрвээ агаарыг нь хаагаад амыг нь барьвал яахав гэдэгтэй адилхан юм. Тиймээс хүн төрөлхтөн үүссэн цагаас л энэ асуудал байсан. Аль ч нийгмийн үед, аль ч улс оронд яригдана. Шинжлэх ухааны хөгжил ч энэ эрин үед арай шинээр харах хэрэгтэй болж байна. Дайнгүй байна гээд зүгээр суух хэрэггүй. Улс орон болоод өөрийнхөө гэр бүл, нийгмийнхээ энх амгалангийн төлөө тэмцэх ёстой гэсэн санаагаа илэрхийлмээр байна.

Энх тайвны тухай тусгай нэгэн үзэл бодлыг гаднаас олох гээд эрэлхийлэх шаардлагагүй. Бидэнд зуршил болсон хуучинсаг үзэл, буруу сэтгэлгээ, атаа жөтөө, уур хилэн зэрэг хүний сэтгэлийг харлуулж, ухаан бодлыг сэвтүүлдэг чанаруудаасаа салах ёстой. Эдгээр муу шинж чанар хүн болгонд байдаг. Бид үүнийг гэгээрлээр дамжуулан авч хаях ёстой. Энхийн үзэл бол аливаа Бурхан шашны үзэл, тэр дундаа манай буддын онол үзэл бодол, философитой холбоотой байдаг. Бурхан багшийн сургаал тийм хий зүйл биш. Бурхан чиний дотор байна гэж хэлээд байна шүү дээ. Хүн өөрөө Бурханлаг чанараа олж нээх хэрэгтэй. Үүний тулд сэтгэлээ ариусган, хэцүү замуудыг туулж гэгээрсээр Бурхан чанарт шилждэг. Хүн болгонд тийм чанар байгаа. Монгол хүний маш том чанар бол бясалгал хийх. Бясалгал нь бурханы ном цээжилнэ гэсэн үг биш, юмыг эргэцүүлэн бодно гэсэн үг. Дуулж мэдсэн, харсан, сурсан зүйлээ өөртэйгөө холбоод бясалгалдаа үнэн, худлыг тунгаан, дүн шинжилгээ хийх буй явдал юм. Энэ бол яг агаар шиг хэрэгтэй гэж би ойлгодог. Энэ үзлийг дэлгэрүүлээрэй гэж залуучууддаа захимаар байна. 

Монголын энх тайван найрамдлын холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор профессор Дагвын Цахилгаан
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж