Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлав

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлав

Тайванийн эрүүл мэндийн аялал жуулчлалыг сурталчлав

Тайпэйн Худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар нь “Жуулчин” ХХК, “Тэнгэр тревэл” ХХК, “Юнайтэд экспресс” ХХК болон “Мандан гялалзах нар” ХХК зэрэг аялал жуулчлалын дөрвөн компанийг урин, зургадугаар сарыг 2, 3-ны өдрүүдэд зохиогдсон “Улаанбаатар Тревэл экспо-2018”-нд хамтран оролцож, Тайванийн эрүүл мэндийн аяллыг олон нийтэд сурталчлав.

Тайваниас Монгол Улсад суугаа Төлөөлөгч Хуан Куо Рун нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Орчин цагт хүн бүр эрүүл энх, аз жаргалтай амьдралыг хүсч тэмүүлэх болсон учир эрүүл мэндийн аялал жуулчлал нь аажмаар олон улсын хэмжээнд эрч хүчээ авч, хүмүүсийн сонирхож буй аялал жуулчлалын голлох чиг хандлага болон хувирч байна. Тайванийн цаг агаар аялж жуулчлахад нэн таатай тул Монгол аялагчид хахир хүйтэн өвлийн улиралд хүйтэн цаг агаараас холдон, аялж жуулчлахад хамгийн тохиромжтой юм. Тайванийн эмнэлгүүд маш чанартай, үнэ өртгийн хувьд харьцангуй хямд эмчилгээ оношилгооны үйлчилгээ үзүүлдэг бөгөөд аялагчдын эрүүл мэндэд анхаарал тавих бүрэн боломжтой юм” хэмээв.

Тэрбээр мөн хэлсэн үгэндээ Тайванийн төлөөлөгчийн газрын павильонд Тайванийн “Сан зун” эмнэлэг, “Чан Гэн” эмнэлэг, “Гуо Тай” эмнэлэг, Тайбэй анагаах ухааны их сургууль, “Си Юань” эмнэлэг, “Тай Ань” эмнэлгүүд өөрсдийн оношилгоо үйлчилгээний тухай танилцуулга материал тараагдаж байгаа болохыг онцлов.

“Улаанбаатар Тревэл экспо-2018”-г Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон Аялал жуулчлалын холбооноос хамтран зохион байгуулсан юм. Тайванийн төлөөлөгчийн газраас энэ оны дөрөвдүгээр сард Монгол улсын аялал жуулчлалын бизнес эрхлэгч нарыг урин уулзалт зохион байгуулж, Тайванийн эрүүл мэндийн аялал болон Тайванийн анагаах ухааны хөгжлийн хүрсэн өнөөгийн түвшин зэрэг чиглэлээр мэдээлэл хүргэхийн зэрэгцээ аялал жуулчлалын компаниудад Тайванийн эмнэлгүүдийн олон улсын үйлчилгээний төвүүдтэй холбоо барих мэдээллийг гардуулан өгч, Тайванийн эрүүл мэндийн аяллын хөтөлбөрийг аялагчдад санал болгохыг уриалав.   

А.ТУЛГА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж