“Их-7”-ийн уулзалт АНУ, Европын зөрчилдөөнд цэг тавих уу?

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

“Их-7”-ийн уулзалт АНУ, Европын зөрчилдөөнд цэг тавих уу?

“Их-7”-ийн уулзалт АНУ, Европын зөрчилдөөнд цэг тавих уу?

“Их-7” бүлгийн удирдагчдын 44 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 8, 9-нд Канадын Квебек мужийн Ла Малбайед зохион байгуулагдах гэж байна. Канад улс эх орондоо зургаа дахь удаагаа тус уулзалтыг зохион байгуулж байгаа нь энэ юм.

Энэ жилийн уулзалтаар дотоодын болон олон улсад тулгамдсан асуудлууд болох дундаж давхаргын тогтвортой байдал, хүйсийн тэгш бус байдлыг зогсоох, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх, ялгаатай, олон талт байдлыг хүндэтгэх зэрэг сэдвээр хэлэлцэнэ.

2017 оны зургадугаар сард Петер Боехмийг Их 7 бүлгийн тэргүүн дэд сайдаар томилсон. Канад улсад зохион байгуулахтай холбоотойгоор Канадын ерөнхий сайд уулзалтын таван гол чухал асуудлын түлхүүр үгийг зарласан. Үүнд:

  • Иргэн бүрийн орлогыг нэмэгдүүлэх
  • Шинээр ажлын байр бий болгох
  • Эмэгтэйчүүдийн эрх, хүйсийн  эрх тэгш байдлыг хангах
  • Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цэвэр эрчим хүчний асуудлаар хамтран ажиллах
  • Энх тайван, аюулгүй байдлыг бий болгох зэрэг асуудлыг долоон орны удирдагчид хэлэлцэн шийдвэрлэнэ.

Италийн ерөнхий сайд Жузеппе Контегийн санал юу байх бол? 

“Их 7” дээд хэмжээний уулзалтанд тухайн улс орнуудын удирдагчид оролцохоос гадна Европын холбооны ерөнхийлөгч Дональд Таск түүний төлөөлөгчид, Европын Комиссын Ерөнхийлөгч Жон Клауде Юнкер нар оролцоно. Энэ удаагийн уулзалт нь Италийн ерөнхий сайд Жузеппе Контегийн хувьд анхны уулзалт болж байна. Хоёр өдөр үргэлжлэх Дээд хэмжээний уулзалт дууссаны дараа удирдагчид хамтарсан мэдэгдэл гаргана. Түүнээс гадна энэ удаагийн уулзалтаар Дональд Трамп болон бусад орны удирдагчдын хувьд байр суурийн зөрүүтэй байгаа асуудлуудыг хэлэлцэж магадгүй.

Дональд Трамп протекционизмын бодлого буюу гаалийн тарифаар дамжуулан худалдааг ивээх бодлогыг хөхүүлэн дэмжиж байгаа бол бусад улсын удирдагчид чөлөөт худалдааг илүүд үзэж байгаа юм. Мөн Европын холбоо АНУ-ын хооронд зөрчилдөөн байсаар байна. АНУ Ираны цөмийн зэвсгийн хэлэлцээрээс гарсны үр дүнд Европын компаниуд ихээхэн хямралтай нүүр тулсан. Энэ асуудлыг Европын холбоо хэрхэн яаж шийдэх нь анхаарал татаж байна. Дональд Трамп ерөнхийлөгч болсноос хойших олон улсын чухал гэрээ хэлэлцээрээс гарсан нь Их долоогийн харилцаанд аль аль талдаа сөрөг хандлагатай байсан хэдий ч намжсан. Харин Канадын ерөнхий сайд Жастин Трюдо уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрийн эсрэг байр суурьтай нэгэн. Их долоогийн уулзалтыг зохион байгуулж байгаа удирдагчийн хувьд Парисын цаг уурын хэлэлцээр, дүрэмд суурилсан дэлхийн худалдааны системийн асуудал эсрэг туйл нь учраас асуудалд хэрхэн хандах нь сонирхол татаж байгаа юм. Италийн ерөнхий сайд Жузеппе Контегийн хувьд энэ жил тус уулзалтанд оролцож байгаа анхны жил нь. Тэрбээр ”Таван од” хөдөлгөөний тэргүүн Итали улс Европын Холбооны гишүүн байхыг эсэргүүцэгч, уламжлалт улс төрийн тогтолцоог үгүйсгэгч хөдөлгөөнөөс сонгогдсон. Европын холбооны үйл ажиллагааг сайшаадаггүй, Итали улсыг Европын холбооноос гарах байр суурьтай гэдгээ мэдэгдэж байсан юм. Энэ мэт ‘Их-7-ийн уулзалт олон сонирхолтой үйл явдлуудыг хэрхэн шийдэх, хэн ямар хандлага гаргах нь анхаарлын төвд байсаар байна. 

 Их 7-д ямар улсууд багтах вэ?

Их 7 нь АНУ, Герман, Их Британи, Итали, Канад, Франц, Япон гэсэн дэлхийд эдийн засгийн хувьд тэргүүлдэг улсуудаас бүрдэх бүлэг юм. Эдгээр улс нь дэлхийн эдийн засгийн 65 орчим хувийг бүрдүүлдэг байна. Жил бүр эдгээр улсын төрийн тэргүүн, дээд албан тушаалтнууд уулзаж, дэлхийн улс төрийн бодлогыг тодорхойлдог гэж хэлж болно. Гэхдээ Орос улс Крымыг өөртөө нэгтгэснийг эсэргүүцсэн Их наймын бусад улсууд 2014 оноос Оросыг тус уулзалтад оролцуулахаас түдгэлзсэнээр өдгөө Их долоогийн хүрээнд уулзалтууд явагдаж буй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж