Банкны хувьсгал хийх романтизмаасаа татгалзахыг хүсье, улстөрчид өө!

Хуучирсан мэдээ: 2018.06.05-нд нийтлэгдсэн

Банкны хувьсгал хийх романтизмаасаа татгалзахыг хүсье, улстөрчид өө!

Банкны хувьсгал хийх романтизмаасаа татгалзахыг хүсье, улстөрчид өө!

Улстөрчид санхүүгийн салбарынхаа дархлаагаар “оролдож” эхэллээ. Үүнийгээ улстөржүүлж, тэр ч байтугай ирэх сонгуулийн зардлыг “босгох” гэж байна хэмээн олонхын бүлгийн гишүүн телевизээр ярьж байхыг үзэв. Тэр нь нэг бөх л дөө.

Манай улстөрч бөхчүүдийн зарим нь банк байгуулсан, эсвэл банк худалдаж авсан гээд банкны салбарт ээлтэй л дээ. Гэхдээ банкны салбарыг улстөржүүлж амжилтад хүрсэн анхных нь “тэр бөх” бололтой.

Банкны салбарт нэг эргүүлэг байдаг юм. Тэр нь “дахин хөрөнгөжүүлэх” гэдэг давалгаа. Энэ эргүүлэг рүү хэн хүчтэй нь хүчгүйгээ түлхэн унагадаг зарчим үйлчилдэг гэдгийг түүх харуулдаг. Одоогоос долоон жилийн өмнө буюу 2011 оны наадмын өмнөх өдрүүдийг эргэн санацгаая. “Наадам ойртлоо, найранд бэлдье” гэж айраг, хорхог зэхэж суух хооронд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал гарч арилжааны банкуудын эздийг хөрөнгийн хэмжээгээ нэмэгдүүлэх, хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 16 тэрбум болгохоор шийдвэрлэсэн юм. Ийм тушаал гарсныг 2011 оны долдугаар сарын 20-ны өдөр “зарлаж” байсан бөгөөд энэ нь өмнөхөөсөө хоёр дахин нэмэгдүүлсэн дүн байлаа.

Наадмын өмнө сонор соргог бай, банкирууд аа!

Наадмын өмнө “наад” хаалттай хуралдаануудын чинь ид шид гэнэт үйлчилж мэднэ. Сонор соргог байхад илүүдэхгүй. Үүнд сайн тал бий. Нэгэнт гаднын банкуудад хаалгаа нээх гэхээр аюулгүй байдал, үндэс угсаа эх оронч үзлийн талаар ярьж эхэлдэг манай банкны салбарууд “даацтай” зээл өгчих чадамжтай болох шаардлагатай байгаа. Үүнийхээ төлөө зохистой шалгуур үзүүлэлтээ хангаж чадваржина. Харин 511 тэрбум төгрөгийг хаанаас ямар замаар босгох вэ гэдэг нь хардлага төрүүлж байгаа юм. Сүүлийн 20-30 жилд хийгээгүй том өөрчлөлт гэж тодорхойлж байгаа энэ өөрчлөлтийг хийх эр зориг, ааг бяр 65-уулаа олонх болсон УИХ-д амтагдаад байгаа нь ойлгомжтой. Дээр нь өнгөрсөн хоёрдугаар сарын эхээр ОУВС-гийн Монгол дахь Ажлын хэсгийн ахлагч Жэфф Готлеб “Банкуудыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг өргөн барих шаардлагатай” гэсэн байр суурь ч том хамгаалалт болж өгөх биз. Гэхдээ ОУВС энэ зөвлөмжийнхөө төлөө хариуцлага хүлээхгүй. Харин нэг банк хагас жилийн дотор яаж 30 гаруй тэрбум төгрөгөөр активаа зузаатгах вэ. Дээр нь зээлийн хүүг бууруулахыг хууль, захиргаадалтын аргаар даалгаад айхавтар эсэргүүцэлтэй тулгарсан мэт энэ эмгэнэлийн аяз нь тухайн банкны харилцагчид, хадгаламж эзэмшигчдэд, улмаар банкинд яаж тусахыг тооцохгүйгээр улстөржихөө зогсоох нь чухал. Хамгийн гол нь банк мэдэхгүй хүмүүс банкны тухай ярихаа больчих хэрэгтэй. Агуулгыг нь сонсч байгаад дэмжих эсэхээ шийдэх бус аль нэг талд ороод улстөржүүлээд “байлдаж” тоглодог, тэр тусмаа хэн нь аль банкинд хамааралтай талаар дэлгэлцэж өс хонзонгоо тайлаад байгаа нь бүр ч таагүй.

У.Хүрэлсүхийн Засгийн газар гадны банкуудад ямар дохио өгөх вэ?

Нөгөөтэйгүүр ШХАБ-д элсэх талаар улстөржихийн зэрэгцээ гадныханд хаалгаа нээж сурцгаах нь зүйтэй болов уу. Тухайлбал 2016 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр, Засгийн газрын хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайд нарт даалгаж, Монголбанкны ерөнхийлөгчид зөвлөсөн байдаг.

Төсөлд гадаадын хөрөнгө оруулалттай банкны салбарыг Монгол Улсад нээх, үйл ажиллагааных нь чиглэл, хүлээх үүрэг, хариуцлагыг тусгажээ. Түүнчлэн улс орны нийгэм, эдийн засагт ач холбогдол бүхий үр өгөөжтэй томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, барьцаалах, батлан даах зэрэг харилцааг энэ хуулиар зохицуулах юм. Тухайлбал, гадаадын хөрөнгө оруулалттай банк нь хадгаламж татахгүй, иргэдийн банкны чиглэлээр үйл ажиллагаа явуулахгүй байх, зах зээл дээр өрсөлдөөнийг хязгаарлах болон давамгай байдал үүсгэхийг хориглохоор төсөлд тусгажээ.

Тэгэхээр гадны банкны салбарыг Монголд нээх эсэх асуудал нэгэнт жигдэрсэн, холбогдох эрх зүйн орчноо шинэчлэх, өөрчлөх ажилд шуурхай орж эхлэв гэсэн хүлээлт үүссэн боловч харин ч таг чиг болчихсон. Олон нийтийн айдас хүйдсийн тухайд хамгаалалт талаа одоогийн УИХ, Засгийн газар, Монголбанк сайтар хийхээ ярилцаж байтал үүнээс есөн сарын дараа Засгийн газар нь огцорчхов. Монголын Засгийн газраас олон улсын банк санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчдад өгсөн эерэг дохио “тэгсгээд унтрав”. Харин одоо У.Хүрэлсүхийн Засгийн газар гадны банкуудад ямар дохио өгөх нь сонин байна. “Өндөр босго”-ны сургаар сонирхох л байх даа. Огцорсон Засгийн газрын өгсөн дохио хамаагүй гэх үү. Эсвэл илүү гоё санал тавьж дахин урих уу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж