Хорих 461-р ангид хоригдож байсан Ерөнхий сайд асан С.Баярын бие муудаж, сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж буй. Тэгвэл өчигдөр үдээс хойш Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн биеийн байдал ч хүндэрч мөн л хоёрдугаар эмнэлэгт хүргэгдэв. Гэхдээ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хувьд эмч нарын зөвлөгөөнөөс яаралтай хагалгаанд орох шаардлагатай хэмээн үзэж, эмнэлэгт шилжүүлсэн юм. Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Г.Баясгалан өнгөрөгч долоо хоногт “С.Баярын ужиг тулай өвчин нь хүндэрч хөл нь шагайнаасаа доош хавдсан, алхаж чадахгүй хэвтэн, эмчлүүлж байгаа. Ерөнхий эрүүл мэндийн байдал сайнгүй байсан. Тиймээс шаардлагатай эмчилгээг цаг хугацааны дагуу хийж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм. Харин Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Н.Данзанноров “Манай үйлчлүүлэгчийн биеийн байдал нь хүндэрч, мэс засалд орох шаардлагатай гэж хорих 461-р ангийн эмнэлгийн эмч нарын зөвлөгөөнөөс шийдвэр гаргасан. Ямар ч гэсэн II эмнэлэгт хүргэгдэж, эмчилгээ хийгдэж байна. Өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх тайлбарыг өгсөн юм.
С.Баяр, Ч.Сайханбилэг Б.Бадрал нарын зүгээс хорихгүйгээр байцаах хүсэлтийг хэд хэдэн удаа гаргасан ч шүүх хүлээж аваагүй юм. Хамгийн сүүлд тэдний хүсэлтийг Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлт явуулсныг тавдугаар сарын 16-ны өдөр хэлэлцэж, шүүхээс С.Баяр болон Ч.Сайханбилэг нарын гаргасан таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, Шүүхээс тэдэнд хорих таслан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлэн авах зүйтэй гэж үзсэн юм.
Тэднийг анх дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 30 хоног цагдан хорих шийдвэр гарч байсан юм. Гэвч хорих хугацааг нь дахин 30 хоног сунгасан бөгөөд зургадугаар сарын 12-ны өдөр үргэлжлүүлэх хорих уу эсвэл суллах буюу хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээ авах уу гэдгийг шийдвэрлэх шүүх хурал болох ёстой. Гэвч тэдний өмгөөлөгчдийн зүгээс хугацаанаас өмнө нь шүүх хурлыг хуралдуулах саналаа хүргүүлэх гэж байгаа талаар албан бус эх сурвалжийн мэдээлэл байна. Учир нь
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг биеийн байдал тун хүнд байгаа гэдгийг өмгөөлөгчид нь хэлж байгаа юм.
Ш.ЧИМЭГ