УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Улсын бүртгэлийн багц хууль УИХ дээр хэлэлцүүлгийн шатанд явж байна. Та ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа. Энэ хуульд орж байгаа гол өөрчлөлтүүд нь юу вэ?
-Бүртгэлийн системийг цахимжуулах, цахимжуулснаар бүх мэдээлэл, лавлагаа, тодорхойлолт зэрэг иргэд өөртэйгээ холбоотой мэдээллийг авдаг болно. Нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд иргэдээс тодорхойлолт, лавлагаа авахаар бүртгэлийн байгууллага руу гүйлгэдэг асуудлыг больж, төрийн мэдэлд байгаа иргэний мэдээлэл бүх холбогдох байгууллагуудад очдог байх зохицуулалт орж байгаа. Тухайн иргэний хурууны хээ болон цахим үнэмлэх хоёрын аль нэг мэдээллээ баталгаажуулж, үйлчилгээ авдаг олох тогтолцоо руу шилжихийн тулд энэ хуулийн төслүүд орж ирж байгаа. Үүнийг хийхийн тулд юуны өмнө улсын бүртгэлийн газар байгаа мэдээ, материалууд цахим бүртгэлжүүлэх, төрийн байгууллагууд хоорондоо хуулиар заасан хэмжээнд шаардлагатай мэдээлэл солилцдог техник, технологи, программ хангамжийн хувьд хоорондоо уялдаатай болохын тулд техникийн нөхцөлүүдийг бүрдүүлэх ёстой. Түүнээс гадна өмнөх хуульд Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын мэдэлд байгаа иргэдтэй холбоотой төрийн мэдээллийн системд иргэдэд шуурхай үйлчлэхэд саад болж байгаа хэд хэдэн заалт бий. Жишээлбэл, ихэнх мэдээ, материал нууцын зэрэглэлд багтсан байгаа юм. Тиймээс үүнийг гурав ангилж, тус бүр дөрвөн төрлийн мэдээлэл нээлттэй байхаар тусгаж, үлдсэн бүх мэдээлэл тухайн иргэн өөрөө хүссэн тохиолдолд мэдээллийг хуулийн этгээд, аж ахуй нэгжид өгч байх зарчим оруулж байгаа юм.
Нээлттэй мэдээлэл дотор нэрийн сан, хаягийн сан, хуулийн этгээдийн мэдээлэл зэрэг нь нээлттэй байх бол хурууны хээ, хуулиар нууцалсан зарим нэг мэдээлэл хаалттай байх юм. Үр дүнг ганцхан жишээгээр дурдахад, иргэн арилжааны банкнаас зээл авахад тухайн хүний хувийн мэдээллийн лавлагаа шаарддаг. Хэрэв тухайн зээлдэгч өөрөө хүсэх юм бол банк тухайн иргэний зөвшөөрлөөр онлайнаар мэдээллийг нь татаж авах боломжтой болох юм.
Мөн үл хөдлөх, хөдлөх хөрөнгийн бүртгэлийн өнөөдрийн хуулиар газрын гэрчилгээ, газар эзэмших, өмчлөх, ашиглах бүртгэл тусдаа явж байгааг төрийн байгууллагууд бүгд ашиглах дундын нэг бүртгэлийн систем бий болгох гэх мэт маш олон зохицуулалт бүхий хуулийн төсөл орж ирж байгаа.
-Зөвхөн мэдээллийг нээлттэй болгосноор иргэдэд тустай биш далд явагдаж буй мөнгө угаах гэмт хэрэг хумигдана гэдгийг зарим гишүүд яриад байгаа л даа?
-Ер нь мэдээлэл нээлттэй болно гэдэг чинь өөрөө иргэд үйлчилгээгээ түргэн авч, зардал багатай болно. Мэдээлэл нээлттэй болсны үр дүнд хэн, хаана ямар үйл ажиллагаа явуулж, ямар бүртгэлтэй байна вэ гэдэг нь ойлгомжтой болох олон талын ач холбогдолтой. Жишээлбэл, хуулиудыг түүгээд үзэхэд Монгол Улсын 132 хуульд ямар нэгэн байдлаар бүртгэл хөтөлнө гэж заасан. Үүнээс ямар нэг эрх зүйн үндэс үүсч байгаа эсвэл иргэнд, төрд ач холбогдолтой 40 хууль байгаа юм. Энэ олон бүртгэл нь хоорондоо нэгдэх ёстой. Бидний хэлэлцэж байгаа хуульд үндсэн бүртгэл, иргэн, хуулийн этгээдийн бүртгэлийн гэсэн гурван үндсэн бүртгэл багтаж байгаа. Энэ мэдээллүүд хоорондоо солилцохгүй байгаа учраас төрийн ажил цалгардах, иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлэх зарчим нь хумигдаад байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэж, нэг системд оруулах шаардлагатай. Гэхдээ энэ бүхэн зөвхөн Засгийн газраас өгсөн өгөгдлүүд нь нэг ижил байх ёстой.
-Бүртгэлийн тухай хууль хэлэлцэх үеэр зарим гишүүдийн зүгээс томоохон газруудыг арилжаан банкинд барьцаа болгох эрх зүйн орчныг нээх гэж байна. Энэ нь Монголын газар нутаг арилжааны банкуудын барьцаанд орох гэж байна гэдгийг шүүмжилж байсан?
-Энэ бол үндэслэлгүй шүүмжлэл. Зарим гишүүд хуулиа дутуу уншсан, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиа ойлгохгүй байх шиг байна. Гишүүдийн зүгээс газар эзэмших, ашиглах эрхийг Улсын бүртгэлийн газар бүртгэхээр барьцаанд тавьж болох юм байна, энэ нь болохгүй гэж яриад байгаа юм. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа хуулиар газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаанд тавих эрх нь нээлттэй. Цоо шинээр оруулж ирж байгаа заалт биш, хуучин байсан заалтыг нь илүү нарийвчилж, дэлгэрүүлж байгаа гэсэн үг.
-Хуулийн хэрэгжих хугацааг яаж тооцож байгаа юм бэ. Хууль батлагдсанаар техник, технологитой холбоотойгоор хэр зардал гарах вэ?
-Бид одоогоор тоо гаргах боломжгүй. Надад байгаа мэдээллээр Улсын бүртгэлийн ерөнхий газар 47 төрлийн программ хангамж хэрэглэж байгаагийн хагас нь хугацаа дууссан, өргөтгөх боломжгүй байх жишээтэй. Ганцхан бүртгэлийн байгууллага энэ ажлыг хийхэд нилээд цаг хугацаа хүч шаардахаар байна. Гэхдээ хэрэгжүүлэгч нь Засгийн газар. Энэ хууль хэрэгжүүлэх төсвөө Засгийн газраас оруулж ирэх ёстой. Хэдэн ч төгрөг байсан ч заавал хэрэгжүүлэх нь зөв гэж би бодож байгаа. Яах ч төр өөртөө тэр олон мэдээллийг хадгалах вэ. Ашиглаж чадахгүй, солилцож чадахгүй, төр өөртөө байгаа мэдээллээ иргэнээс нэхдэг энэ байдлыг л таслан зогсоох юм. Төрийн байгууллага бүр автомат ТҮЦ машин болно л гэж ойлгох хэрэгтэй.
-УИХ дээр Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэж байгаа. Энэ хуульд гадаадын иргэнд газар худалдан борлуулах, өмчлүүлэх зохицуулалт орж ирж байгаа нь шүүмжлэл дагуулаад байна. Энэ яг ямар учиртай юм бэ?
-Энэ бол газрын хуультай холбоотой асуудал. Бидний зүгээс бүртгэлийн хууль батлагдсаны дараа Газрын тухай хуулийн шинэчлэх өргөн барих ёстой гэж үзэж байгаа юм. Ер нь Монгол Улсад газрын менежмент байхгүй, нэгдсэн нэг эзэнгүй байна.
“ШХАБ-д элсэхийн тулд бид сайн судлах хэрэгтэй”
-Сүүлийн үед ШХАБ-д элсэнэ, элсэхгүй гэх мэтээр нийгэм, судлаачид нь ч хоёр хэсэг болон хуваагдчихлаа. Парламент нь ч гэсэн хоёр хуваагдсан байх шиг. Монгол Улсын гадаад бодлого нэг цонхоор явж чадаж байна уу?
-Дотооддоо учраа олохгүй байгаа зүйл олж харахгүй л байна. ШХАБ-д элсэх, элсэхгүй гэдэг асуудлаар хүмүүс янз янзын байр суурьтай байх шиг байна. Зарим нь цаг нь болоогүй, судлах хэрэгтэй гэсэн байр суурьтай байхад нөгөө хэсэг нь элсэх ёстой гээд өөр өөрсдийн нь л байр сууриа илэрхийлдэг. Гадаад харилцаа бол хэвийн л явж байна гэж бодож байна.
-ШХАБ элсэхгүйгээр ажиглагчийн байр сууринаас хандах ёстой гэж та хэлж байсан. Сая бүлэг, чуулган хаалттай хуралдсан. Таны байр суурь өөрчлөгдсөн үү?
-Би бол ажиглагчийн байр суурин дээрээ хэвээрээ байх ёстой гэж бодож байна. ШХАБ гэх байгууллага ямар байгууллага болох вэ гэдэг нь өнөөдөр ч тодорхойгүй байна. Нэг талаас цэрэг, улс төрийн биш гэдгээ зарлачихсан. ШХАБ-ыг 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөөгөө баталж, түүн дотроо цэрэг, улс төрийн биш, эдийн засгийн интеграцийн байгууллага биш гэдгээ зарлачихсан байгууллага. Тэгэхээр бид юу юм бэ гэдгийг нь мэдэж байж элсэх ёстой. Түүнээс гадна энэ байгууллагад ажиглагчийн статусаа гишүүний статус болгосноор бидэнд ямар давуу тал үүсэх, ямар боломж бий олох нь тодорхойгүй байна. Энэ байгууллага өөрөө эдийн засгийн, дэд бүтцийн ямар нэгэн томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлээгүй, тодорхой хугацаанд хэрэгжүүлэх ч үгүй. Зарим хэвлэлээр энэ байгууллагад орсноор хоёр хөрштэй харилцах харилцаанд өөрчлөлт орж, сайжирна гэж бичээд байгаа. Миний бодлоор манайх хоёр хөрштэйгөө сайн харилцаатай байгаа. Итгэлцлээ бэхжүүлнэ гэх юм бол Монгол ШХАБ-д гишүүнээр элсээгүйгээс болоод итгэлцэл эвдэрсэн гэж би бодохгүй байна. Итгэлцэл манай үе үеийн Засгийн газрууд, ялангуяа 2004 оноос хойших Засгийн газрууд хоёр хөрштэйгөө юм тохироод, тохирсноо хэрэгжүүлээгүйгээс болоод л итгэлцэл суларч байгаа. Бид юм амлахаасаа өмнө сайн тохирдог, тохирсноо яг хэрэгжүүлдэг л байх ёстой. Энэ бол зөвхөн хоёр хөрш дээр үүсээд байгаа биш Япон, АНУ, Солонгос, ОХУ, БНХАУ ч гэсэн тохирохоосоо өмнө юмаа сайн судалж, шийдвэрээ гаргах ёстой гэдэг. Гэтэл бид Ерөнхийлөгч, Засгийн газар нь өөр өөрсдөө мэдээд нэг зүйл хэлдэг, УИХ түүнийг нь зөвшөөрдөггүй гэх мэт асуудлаас болж байгаа юм.
-Итгэлцэл алдрах нь Засгийн газар тогтворгүй байгаатай холбоотой байж болох уу?
-Засгийн газар тогтворгүй гэхээс илүү төрийн бодлогын залгамж чанараа хадгалж чадахгүй л байна гэсэн үг. Гадаад бодлогоос бусад асуудал дээр залгамж чанараа хадгалж чадахгүй байна. Түүнээс гадна шийдвэрүүдээ гаргахдаа тал талаас нь хугацаанд шахагдалгүйгээр ул суурьтай бодохгүй байна. Жишээлбэл, ШХАБ-д элсэх тухай асуудал гэнэт л хээрийн түймэр шиг дүрэлзээд гараад ирдэг. Яасан гэсэн Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад орж байгаатай холбогдуулан энэ асуудлыг хурдхан шиг шийдье гээд л галд автагдсан юм шиг асуудлуудаа шийдээд байж боломгүй. Бид ихэнх асуудал дээр шуурч хандаад л дараа нь үр дүнг нь амсдаг дүр зураг л харагдаад байна. Магадгүй тал талаас нь судалж үзсэний дараа ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ нэг өдөр, нэг сарын дотор шийдэх асуудал биш. Олон сарын турш судалж, бодож шийдвэрээ гаргах ёстой. ШХАБ-д элсэхийн тулд бид анх үүсгэн байгуулсан 50 гаруй бичиг баримтад нэгдэн орох, судалж, юунд элсэх гэж байгаагаа ул суурьтай хандах ёстой.
“Дараагийн Засгийн газарт шийдвэр гаргах хүн олдохгүй байх аюул учрах вий”
-Та өмнөх Засгийн газарт ажиллаж байсан. Шинэ Засгийн газар байгуулагдаад тодорхой цаг хугацаа өнгөрч байна. Засгийн газарт тодорхой хэмжээний дүн тавих цаг болсон болов уу. Та юу гэж бодож байна. Том төслүүдээ хөдөлгөх асуудлыг ч хөндөөд эхэллээ?
-Өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүн дараагийн Засгийн газартаа үнэлэлт, дүгнэлт өгөхөөр буруу ойлгох байх. Дүн тавихад харьцангуй эрт байна л гэж харж байна. том төслүүдээ хөдөлгөж эхлэх юм болов уу, мөрийн хөтөлбөрт тусгасан бодлогын чанартай заалтуудыг хэрэгжүүлэх болов уу гэсэн хүлээлтийн байдалтай л байна.
-Том төслүүдээ хөдөлгөх асуудал үе үеийн Засгийн газар ярьдаг ч энэ Засгийн газар илүү эрчимтэй яриад эхэллээ. Нөгөө талдаа том төслүүдээ хөдөлгөсөн хүмүүс нь тэр дундаа хоёр ч Ерөнхий сайд нь хоригдсон ийм цаг үе ч таарчихлаа?
-Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа асуудал. Хувь хүний хувьд УИХ-ын зөвшөөрөлтэй, Засгийн газрын хамтын шийдвэртэй ийм асуудалд хувь улстөрчдөд зөв бурууг нь тохож, ухаад байвал дараа дараагийн Засгийн газарт шийдвэр гаргах хүн олдох юм болов уу даа л гэж эргэлзэж байна. Тийм аюул байгаа учраас хуулийн байгууллага хурдан нэг тийш нь болгох хэрэгтэй.
-Та журмын нөхрийн хувьд С.Баяртай уулзах хүсэлт тавьсан уу?
-Би уулзах хүсэлт тавьсан. С.Баяр дарга хүнээр дамжуулж ‘бие тааруу байна, эмнэлэгт хэвтэж байна, бие гайгүй болохоор эргэж ирж уулзаарай’ гэж хэлүүлсэн байсан. Би хүсэлт тавьж, хүлээгээд байж байна.