Хүүхдийн баяр өнгөрсөн баасан гаригт тохиож хүүхдүүд гэлтгүй томчууд гурван өдөр баярлав. Аль эртнээс л гурав хоног амрах талаар мэдээлж байсан тул томчууд бүр эртнээс төлөвлөсөн биз. Нийслэлийн иргэд хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг салхинд гарч, наргиж цэнгэн тэмдэглэхийг илүүд үзсэн бололтой. Учир нь, амралтын хоёр өдөр хотын төвийн авто замын хөдөлгөөн сийрэг байсан бол хотын зах хэсэг рүү буюу Баянзүрхийн товчооноос эхлэн урт дараалал үүссэн. Ургахын нартай уралдан боссон хүн ч урт дараалал дунд стресстэн байж зорьсон газраа хүрсэн гэж байгаа.
Хамгийн гол нь стресстэн байж очсон газраа хогоо үлдээгээд явах нь тун харамсалтай. Угийн хошин найз минь “Олон замын алинаар нь явахаа мэдэхгүй бол хог ихтэйг нь дагаад явахад зорьсон газраа төвөггүй хүрнэ” гэж билээ. Түгжрэлээс залхсан нэг нь зам хөндлөн гарч цайлаад, пивоны лааз тэргүүтэй ууж, идсэн зүйлийнхээ үлдэгдлийг тэр чигт нь үлдээгээд явах жишээтэй. Үүний жишгээр урт дараалал үүссэн зам дагуу хог битүү хөглөрнө.
Баяр ёслол, амралт далимдуулан агаар салхинд гарах монголчууд очсон газраа хог тарьж, байгаль орчноо бохирдуулах нь бараг уламжлал болж, тогтоод байна. Ихэнх баярын үйл ажиллагаа Сүхбаатарын талбайгаас эхэлдэг. Энэ удаагийнх ч мөн адил. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Монгол хүүхдүүд” арга хэмжээ Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд болсон.
Нийслэлийн Хот тохижилтын газрын Тохижилт үйлчилгээний албанаас өгсөн мэдээллээр арга хэмжээний дараа 19 тонн хог цэвэрлэжээ. Энэ нь зөвхөн Сүхбаатарын талбайгаас цуглуулсан хог гэдгийг тодотгоё. Мөн энэ нь ердийн өдрийнхөөс 5.5 дахин их тоон үзүүлэлт юм байна.
Түүнчлэн 19 тонн хогийг тохижилт үйлчилгээний 36 ажилтан цэвэрлэсэн бөгөөд энэ жил өмнөх жилийнхээс харьцангуй бага хог гарсныг Тохижилтын албаны дарга Ш.Ганчулуун онцоллоо. Энэ нь талбайд гар дээрээс худалдаа явуулаагүй, зайрмаг борлуулах лангуу цөөн, шорлог, хуушуур худалдаагүйтэй холбоотой гэнэ.
Харин Улаанбаатарын нэгдсэн гурван том хогийн цэгт өдөрт дунджаар 1.3 тонн хог нийлүүлэгддэг бол энэ жил Хүүхдийн баярын дараа 5000 гаруй тонн хог нийлүүлжээ. Үүнд Хүүхдийн баярын үеийн хогоос гадна бүтээн байгуулалтын ажил эхэлж, барилгын хог хаягдал нэмэгдсэн нь нөлөөлсөн гэнэ. Барилгын ажил эхэлсэн тул Улаанбаатарын хог, хаягдал нэмэгдэж нийслэлчүүд өдөрт 3000 гаруй хог “үйлдвэрлэж” байгаа ажээ.
Ингэхэд нийслэлчүүд өөрийн “үйлдвэрлэсэн” хогоо зориулалтын хогийн саванд нь ангилаад хийчихдэг, салхинд гарсан бол орчин тойрондоо хог тарихгүй байх соёл, ухамсарт хэзээ суралцах вэ. Хөдөөнөөс ирсэн нэгнийгээ ‘ОРК’-ууд гэж цоллох хэрнээ өөрсдөө ‘ОРК’-уудаас ялгарах зүйлгүй авирлах нь хүүхдүүддээ ч буруу үлгэр дууриал үзүүлж байна.
Аз жаргалтай Улаанбаатар хотын иргэн гэж өөрийгөө та тодорхойлж байгаа л бол хотын иргэн байх хамгийн энгийн алхам болох хогоо зориулалтын саванд хийдэг, байгальд хог тарилгүй зугаалж сураач гэж хэлэх байна.