Эмгэнэл зарлаж, тэмцээнийг хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2010.04.21-нд нийтлэгдсэн

Эмгэнэл зарлаж, тэмцээнийг хойшлуулав

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохиогдож буй буудлагын спортын дэлхийн цомын тэмцээний дөрөв дэх өдөр буюу өнөөдөр хуваарийн дагуу эрэгтэйчүүдийн 50 метрийн double trap буудлага болж, медальтнууд тодрох ёстой байсан ч тус улсын Цинхай мужид болсон газар хөдлөлтөд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, улсын хэмжээнд эмгэнэл зарласан учир спорт, урлагийн бүх тоглолтыг цуцалж, хойшлуулжээ. Хятадын баруун өмнөд нутагт орших Цинхай мужид болсон 7,1 баллын газар хөдлөлтийн улмаас 2000 гаруя хүн амиа алдаж, 12 мянган хүн гэмтэж, бэртсэн юм. Тус улсын ерөнхийлөгч Ху Жинтао нийслэл Бээжин хотноо чимээгүй эмгэнэл илэрхийлж, төрийн далбайг бөхийлгөсөн бөгөөд хотын төвд орших Тянь ань мэний талбайд олон мянган ард иргэд цугларчээ.

Энэ өдөр Хятадын буудлагын шигшээ багийн тамирчид Буудлагын спортын холбооны байранд цугларч, газар хөдлөлтөд нэрвэгдэж, амь нас, эд материалын хувьд гарз хохирол амссан ард иргэдэд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ мөнгөн хандив цуглуулсан байна.

Улсын хэмжээнд эмгэнэл зарласантай холбоотойгоор Хятадын буудлагын спортын холбооноос тэмцээний хуваарьт бага зэргийн өөрчлөлт оруулж, нэг өдрөөр хойшлуулсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж