Нийслэлийн МАН энэ сарын 15-ны дотор даргаа сонгоно

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН энэ сарын 15-ны дотор даргаа сонгоно

Нийслэлийн МАН энэ сарын 15-ны дотор даргаа сонгоно

Нийслэлийн МАН-ын их хурал зургадугаар сарын 7-нд болох хуваарьтай байсан ч одоогийн намын “түр” дарга хуралд 69 төлөөлөгчийн квотын асуудал оруулж ирснээр намын гишүүд жагсахад хүрсэн. Учир нь Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанаас 34-р Бага хурлаа энэ сарын 7-ны өдөр хийхээр тов зарласан. Улмаар Бага хуралд саналын эрх бүхий 369 төлөөлөгч оролцуулахаар тогтохдоо 69-ыг нь квотоор оруулах шийдвэр гаргасан юм. Гэвч намын гишүүд нь 69 төлөөлөгч нэрийн дор өөрсдийн хүнээ хуралд оролцуулах нь хэмээн намын эсэргүүцлээ илэрхийлж, жагсаал зохион байгуулж тэмцэхэд хүргэсэн. Угтаа бол намын дүрмийн “11.2-т “Аймаг, нийслэлийн намын Бага хурал нь намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэнэ” гэсэн цагаан цаасан дээр бичсэн тодоос тод дүрмийг зөрчих шийдвэрийг намын жирийн гишүүд дэмжигчид эсэргүүцсэн юм. Ийнхүү тэдний жагсаал, суулт Сүхбаатарын талбайгаас эхэлж, Тусгаар тогтнолын ордон хүртэл тэмцсэний үр дүнд нийслэлийн Тэргүүлэгчид хуралдаж, ажлын хэсэг байгуулахаар болсон. Тус ажлын хэсгийг нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга С.Мөнхчулуун ахалж, дүүрэг бүрээс нэг нэг төлөөлөл багтаан байгуулсан юм. Мөн 69 квотыг эсэргүүцсэн гишүүдийн зүгээс Нийслэлийн МАН-ын их хурлыг хугацаанд нь зохион байгуулах шаардлага намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд гардуулсан юм. Тэгвэл МАН-ын генсек ажлын хэсэг өнгөрсөн баасан гаригт болон өчигдөр хүлээн авч уулзсан байна.

МАН-ын генсек С.Батболд даргад Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг намын дүрэмд нийцүүлэн зохион байгуулах чиглэлд үүрэг өгчээ. Ингэхдээ намынхаа эв нэгдлийг хангах, намын анхан шатны гишүүдийн оролцоог тэгш зарчмаар хангах, оролцох боломжийг нь олгох, гишүүд төлөөлөгчид санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах чиглэл өгсөн байна. Энэ чиглэлийг Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн хариуцаж хийх учиртай. Тэрээр, нийслэлийн МАН-ын даргыг түр орлон гүйцэтгэгчид намын дүрмээ баримталж, дүрэмд заасны дагуу хурлаа хийхийг хатуухан сануулсан хугацаатай үүрэг өгчээ.

Харин өчигдөр уулзсан тэргүүлэгчдийн хуралдаан болон ажлын хэсгийн зүгээс нийслэлийн МАН-ын бага хурлыг зургадугаар сарын 15-ны дотор зохион байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрчээ. Өөрөөр хэлбэл, намын хурлыг хойшлуулах тусам сөрөг үр дагавартай учраас хурлаа зургадугаар сарын 15-ны дотор багтаан хийхээр тохирчээ.

С.Батболд, Д.Сумъяабазар нар өрсөлдөх үү?

Нийслэлийн МАН-ын даргад албан ёсоор өрсөлдөхөө одоогийн нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч, Хотын дарга С.Батболд мэдэгдээд буй. Тэрээр, Нийслэлийг удирдаж байгаа хүний хувьд нийслэлийн МАН-ын хорооны даргаа авах нь зүй ёсны хэрэг гэж тодотгосон. Харин түүнтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар өрсөлдөнө гэх албан бус мэдээлэл гараад буй. Гэвч нийслэлийн намын даргад өрсөлдөгчийг намын Удирдах зөвлөл шийднэ. Өөрөөр хэлбэл, МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын даргын нэр дэвшүүлж, их хуралд өрсөлдүүлэх юм.

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж