Нийгэм, сэтгэл судлалын дээд сургууль дээр Дэйл Карнеги трэйнинг төвийн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд өнөөдөр /2018.06.04/ сертификатаа гардаж авлаа. Тус хөтөлбөр нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр юм. Дэлхийн топ таван трэйнингийн байгууллагын нэг болох 106 жилийн түүхтэй, дэлхийн 93 оронд салбартай АНУ-ын “Дэйл Карнеги Трэйнинг” нь Монгол улсад албан ёсоор үйл ажиллагаагаа явуулаад таван жил болжээ. Нийгэм сэтгэл судлалын сургуультай тус төв хамтран удирдлагын манлайлал, харилцаа хандлага, харилцагчийн үйлчилгээ, илтгэх урлаг, стрессээ удирдах чадвар гэсэн таван ур чадварыг 40 оюутанд эзэмшүүлж, сертификатыг гардуулсан юм.
Дашрамд дурдахад, тус байгууллага нь давхардсан тоогоор 10 мянга гаруй хүнийг сургалтад хамруулан, амжилттай төгсгөсөн салбартаа тэргүүлэгч үйлчилгээ үзүүлж байгаа байгууллага юм байна. Мөн нийгэм, хувь хүний хөгжилд тулгарч буй асуудлаар олон улсад чухал нөлөө үзүүлж буй номуудыг албан ёсны эрхтэйгээр орчуулж олны хүртээл болгожээ.
Хөтөлбөрт хамрагдсанаар Америкт болон азийн маш олон оронд хүлээн зөвшөөрөгдөнө
Дэйл Карнеги трэйнинг Захирал Б. Энхболдтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.
-Хөтөлбөрийнхөө тухай мэдээлэл өгөөч?
-АНУ болон дэлхийн олон оронд их сургууль, дунд сургууль гэлтгүй боловсролын системд хөтөлбөр нийлүүлж хамтарч ажилдаг олон улсын хөтөлбөр. Манай компани Монголд байгуулагдаад таван жил болж байна. Энэ хугацаанд бэлтгэл ажлаа хангаж, анх удаа Нийгэм судлалын дээд сургуультай хамтарч энэхүү хөтөлбөрийг туршиж үзэж байна. Гурван кредиттэй хөтөлбөр юм. Мэргэжлийн оюутнууд болох бага ангийн багш, сэтгэлзүй, бизнесийн удирдлага мэргэжлийн ангиуд орсон байгаа. Оюутнууд ажлын байран дээр гараад шаардлагатай ур чадваруудыг эзэмшиж байгаа юм. Хөтөлбөр хамрагдсан оюутнууд өнөөдөр сертификатаа гардаж авч байна. Үр дүн маш амжилттай гарсан. Сургуулийн захиргаа болон оюутнууд үнэхээр сэтгэл хангалуун байгаа. Манай байгууллага маш олон компаниудтай хамтарч ажилладаг. Компаниуд ажлын байран дээрээ өндөр шаардлага тавьдаг. Тэр шаардлагуудыг хангахуйц хэмжээний боловсон хүчин бэлтгэхэд манай хөтөлбөр нөлөөлөх юм.
-Олон улсын стандарт хөтөлбөр гэж ойлгож болох уу?
-Олон улсын стандарт. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар Америкт болон азийн маш олон оронд хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг.
-Цаашид хөтөлбөрөө илүү өргөжүүлэхийн тулд юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Ирэх жил энэ сургууль дээрээ нэмээд гурван сургуультай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна.
-Оюутнууд хөтөлбөрт хамрагдаад нийгэм талаасаа илүү чадвар сууна гэж ойлгож болох уу?
-Энэ хөтөлбөр нь өөртөө итгэх итгэлийг бий болгох, хүмүүстэй харилцах арга барилтай болох, харилцааны ур чадвар, хүмүүсийг ойлгох, сонсох чадвараа сайжруулах, манлайлал, хүмүүстэй хамтарч ажиллах чадвартай болох, стрессээ удирдах чадвартай болох зэрэг таван чадварыг эзэмшүүлдэг юм.
‘Өөрийгөө нээх, өөртөө итгэлтэй байх, бусадтай зөв харилцах гэдэг маш чухал’
Хөтөлбөрт хамрагдаж, өнөөдөр сертификатаа гардаж авсан Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн бага ангийн багшийн 1-р курсийн оюутан Н.Амарзаяа:
-Юуны өмнө хөтөлбөрөө амжилттай төгссөнд баяр хүргье. Хөтөлбөрт хамрагдсанаар чи өөртөө ямар давуу талуудыг бий болгож чадсан бэ?
-Олон давуу талтай болсон. Илтгэх урлагийг сайн эзэмшиж авлаа. Зөндөө олон мэтгэлцээн илтгэлийн уралдаанд оролцож, туршлана судалсан. Өөртөө их итгэлтэй, цэгцтэй ярьж сурсан. Хүнтэй харьцахдаа юу хэлэх үү, хүнтэй харилцахдаа боддог болсон. Чадваруудыг сайн эзэмшсэн гэж бодож байна.
-Үеийн залуучууддаа хандаж юу гэж зөвлөх вэ?
-Дэйл Карнеги сургалтад суухыг урьж байна. Өөрийгөө нээх, өөртөө итгэлтэй байх, бусадтай зөв харилцах гэдэг маш чухал. Энэ сургалтад сууснаар та бусдыг манлайлах чадвартай болох юм шүү. Өөрийнхөө олж хараагүй чадварыг нээн илрүүлэх боломжтой юм шүү гэдгийг хэлье. Заавал суугаарай л гэж хэлмээр байна.
‘Оюутнуудын ур чадвар дээшилж, чанаржсан’
Нийгэм сэтгэл судлалын дээд сургуулийн 40 гаруй оюутан тус хөтөлбөрийг амжилттай дүүргэсэнтэй холбоотойгоор тус сургуулийн Оюутны хөгжил хариуцсан менежер Н. Жаргалсайханаас хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар зарим зүйлсийг тодруулсан юм.
-Хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлснээр ямар үр дүн гарав?
-Бид сургалтандаа эерэг хандлага гаргах, оюутнуудынхаа идэвх зүтгэл, өөрсдийгөө нээх боломжийг олох зорилгоор Дэйл Карнеги төвтэй хамтарч ажилласан. Дэйл Карнегийн сургалтын хөтөлбөрийг сургуулийнхаа үндсэн хөтөлбөрт суулгаж өгөх юм бол оюутнуудын хандлага өөрчлөгдөх, оюутнууд төгсч гараад ажлын байран дээр илүү чадварлаг болно гэдэг үүднээс хамтарч ажиллаад, өнөөдөр амжилттай суралцсан хүүхдүүд сертфикатаа гардан аваад байна. Энэ удаагийн хөтөлбөрт 40 оюутан хамруулахаар зорилго тавин ажилласан. 40 оюутнаас 38 оюутан өнөөдөр амжилттай төгсөөд сертификатаа авч байна.
-Цаашдаа хөтөлбөрийг үргэлжлүүлэх үү?
-Манай сургууль цаашдаа энэ хөтөлбөрт дахин хамрагдана. Яагаад гэвэл үр дүн маш сайн байгаа. Энэ сургалтад хамрагдсан 38 оюутнаас энд тэнд болсон мэтгэлцээний тэмцээн уралдаанд амжилттай оролцож байна. Мөн сар бүр сургууль дотроо ‘миний уншсан ном миний амьдралд’ гэх мэтчилэн сэтгэлзүйн чиглэлээр эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж түүнд оюутнууд тун амжилттай оролцож байна. Оюутнуудаас ирүүлсэн материал, бүтээлүүд үнэхээр чанаржсан байна.
Н. ГАНБАТ