Улаанбаатар хотын төв талбайд 3х3 төрлийн сагсчид бөмбөгчид амралтын өдрүүдэд тун завгүй өнжлөө.
‘Токио-2020’ олимпийн наадмын хөтөлбөрт багтсан 3×3 төрлийн баг тамирчдад олимпийн эрхийн оноо олгох FIBA 3×3 Улаанбаатар дэлхийн гран-при тэмцээнд дэлхийн шилдэг багууд өрсөлдлөө. Тус тэмцээний шагналын сан 20 мянган ам.долларт багтсан бөгөөд “М-Си-Эс” группийн М-Си-Эс Кока-Кола, “Юнител” ХХК, Сэнгүр брэнд ивээн тэтгэгчээр ажилласан юм.
Сүхбаатарын талбайд болсон FIBA 3×3 Улаанбаатар дэлхийн гран-при тэмцээн дэлхийн олон оронд хүрч, Монголд улсад сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа нь энэхүү тэмцээнийг харагдсаныг олон улсын шинжээчид дүгнэжээ.
Энэхүү тэмцээний дараа Филиппин улсын Манила хотод 2018 оны FIBA 3х3 төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох учраас тус тэмцээнд оролцох Польш, ОХУ, Серб, Слоени улсын багууд өрсөлдсөн. Тиймээс энэхүү тэмцээнийг дэлхийн олон оронд онлайнаар үзэж, томоохон дүгнэлтийг хийсэн юм. Мөн Монгол улсад сагсан бөмбөгийн 3х3 төрөл хөгжиж байгаа харууллаа.
Тэмцээний дүн өчигдөр гарч дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Словений шигшээ “Пиран” баг тэргүүн байрт орсон бол Австралийн “Мельбурн”, дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Сербийн “Novi Sad” багууд хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.
Харин өөрийн дэвжээндээ ур чадвараа харуулсан “Улаанбаатар Хангарьд” баг шагналт дөрөвдүгээр байрт орсон юм.
“Улаанбаатар Хангарьд” баг “D” хэсэгт “Тэнүүн Өлзий” (22-14), Канадын шигшээ “Саскатоон” багуудыг (17-8) хожин хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан. Улмаар 8/1 шигшээ тоглолтод ОХУ-ын шигшээ болох ‘Москва’ багийг 13-11-ээр хожсон ч хагас шигшээ тоглолтод Австрали улсын “Мельбурн” багт 21-13-аар хожигдон шагналт дөрөвдүгээр байрт орсон юм.
Харин “Ховд” баг шилдэг наймд үлдэж чадаагүй ч хэсэгтээ эрэмбээрээ №1 болох “Novi Sad” багийг хожих дөхөж шуугиан тарьсан билээ.
FIBA 3х3 “Улаанбаатар дэлхийн гранпри” тэмцээний эхний байруудад орсон Словений шигшээ “Пиран”, Австралийн “Мельбурн” багууд Малайзад болох “Их дуулга”д өрсөлдөх эрхийг авчээ.
Эх орныхоо нэрийг сагсан бөмбөгийн 3х3 төрлөөр гаргаж буй “Улаанбаатар Хангарьд”, “Ховд” багуудыг дараагийн олон улсын тэмцээн хүлээж байна.