"Төв цэнгэлдэхэд барилдаж нэгэн хүслээ биелүүллээ"

Хуучирсан мэдээ: 2018.06.04-нд нийтлэгдсэн

"Төв цэнгэлдэхэд барилдаж нэгэн хүслээ биелүүллээ"

"Төв цэнгэлдэхэд барилдаж нэгэн хүслээ биелүүллээ"

“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг өнгөрөгч долоо хоногт Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулсан билээ. Барилдаанд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Тува, Буриадаас бөхчүүд оролцож, зүлэг ногоон дэвжээнд хүчийг үзлээ. Өвөрмонголоос алдарт аварга Д.Баярбаатар, аварга Алтансүх, Алтандуулга, Бүрэнсайн нарын 20 гаруй бөхчүүд хүрэлцэн ирж хүч үзсэн юм.

Энэ удаа аварга Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны бөх, хятад бөхийн аварга Алтан-Очирын Төгсжаргалтай ярилцлаа.  

-Монгол туургатны бөхийн барилдаанд оролцсон таны сэтгэгдлийг сонсъё?

-Төв цэнгэлдэх хүрээлэнгийн ногоон дэвжээнд бяр хүчээ харуулан барилдаж, том цолонд хүрэх хүсэл бөх хүн бүхэнд байдаг. Миний бие ч тэдний адил хүсэл эрмэлзэлтэй явдаг байлаа. Гэтэл энэ хүсэл биелж,

Монголын олон сайхан аварга, арслан зэрэг олон алдарт цолтнууд барилдсан Төв цэнгэлдэхэд барилдлаа. Өвөрмонгол бөхчүүдийн хувьд хүссэн болгон энд ирээд барилддаггүй. Бас ийм боломж тэр бүр олдохгүй шүү дээ.

Би монгол үндэсний бөх, өвөрмонгол бөхөөр барилдлаа. Энэ удаа хоёр төрөлд барилдсан ч даваа авч чадсангүй. Үндэсний бөхийн барилдаанд Алтандуулгатай барилдаж, уналаа. Мөн өвөрмонгол барилдаанд сумын заан Амартүвшинтэй барилдаж, барьц сонгоод давж чадсангүй. Гэхдээ сэтгэл сайхан байна. Хэдийгээр хоёр барилдаж, даваа авч чадаагүй ч гэлээ өөрийн нэгэн хүслээ биелүүллээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд барилдана гэж зүүдэлж ч явсангүй.

-Энэ удаагийн барилдаанд даваа авч чадсангүй. Гэхдээ дараагийн наадам бий шүү дээ. Та урьд нь монгол бөхчүүдтэй барилдаж байсан уу?

-2013 онд “Аса” циркэд болж байсан Монгол туургатны барилдаанд одоогийн улсын начин Д.Амарсайханд унасан. Энэ удаа Амартүвшин, Алтандуулга нарт уналаа. Би ч “Амар”-тай хүмүүст л унаад байна даа(инээв). Монгол бөхчүүд Өвөрмонголд олноор очиж барилдаж байна. Би 2014 онд “Таванхан” дэвжээний бөхчүүдтэй хамт бэлтгэл хийж байсан. Монгол бөхчүүдтэй бэлтгэл хийх боломж гарвал хийхийг боддог. Зав чөлөө гарган Улаанбаатарт ирэх дуртай. Бидний гарал угсаа Монгол шүү дээ. Сүүлийн жилүүдэд мэдээлэл авах боломж хурдтай болж байна. Монголд болж буй барилдааныг телевизийн сувгаар үзчихдэг болсон. Ихэнх бөхчүүдийг танина. Бөх болсон хүний хувьд багагүй амжилтыг үзүүлсэн байна.

-Таны амжилтыг сонирхож болох уу?

-2010 онд Монгол туургатны хоёрдугаар наадамд 80 кг-аас дээш жинтэй бөхчүүдийн барилдаанд наймдугаар байрт орж байсан. Өвөрмонгол бөхчүүд цацаг авахын тулд маш том амжилт үзүүлэх ёстой байдаг. 128 бөхийн барилдаанд дөрөв түрүүлсэн байх ёстой. Энэ амжилтыг үзүүлж, цацагтай болсон. Зохих хэмжээнд амжилтад хүрсэн бөх цацгийг авна. Монгол бөхийн улсын цол өгч байгаатай адил юм.

-Та сэтгэлд хоногшсон барилдаанаа дурсахгүй юу?

-Би Баруун үзэмчин хошууны бөхийн удамтай хүний нэг. Анх би 2003 онд бөхийн барилдааны улсын аваргад 62 кг-ын жинд барилдаж байсан. Энэ жинд 64 бөх барилдахад түрүүлсэн. Энэ барилдаан их сэтгэлд дотно үлдсэн дээ. Үүнээс хойш жин өгсөж барилдсаар байгаа. Одоо 82 кг-ын жинд барилддаг.

-Энэ жилийн барилдаан эхэлсэн байх. Мөн Монголд ирж барилдлаа шүү дээ? Таныг олон барилдаан хүлээж байгаа гэж дууллаа?

-Өвөрмонгол бөхчүүд Монголд ирээд барилдах нь ховор. Тэр дундаа Төв цэнгэлдэхэд барилдаж, хүчийг үзлээ. Одоо олон барилдаан байгаа. Энэ сард Шилийн гол аймагт томоохон барилдаан болно. Ер нь барилдааны гол үе эхэлсэн. Бөхчүүд бэлтгэлээ хийгээд барилдаанаас барилдаанд гарна даа. Мөн монгол бөхчүүд ч Өвөрмонголд очиж барилдсаар байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж