Энэ оны хоёрдугаар хагаст Лондоны хөрөнгийн биржид IPO хийхээр төлөвлөж буй Оросын нүүрсний магнат “Mechel” ирэх арван жилд нүүрсний төслүүддээ 9.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. Тухайлбал ирэх 10 жилд Mechel Mining өөрийн салбар компани Якутугол-д 4.28 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Үүний 3.99 тэрбум ам.долларыг тус компанийн хамгийн том эзэмшил “Элга” ордыг ашиглалтад оруулахад зарцуулах юм.
“Mechel” хувьцааны эхний арилжаагаараа ойролцоогоор 4 тэрбум ам.доллар босгоно гэж “Тройка Диалог” брокерийн компани үзэж буй юм.
“Mechel Mining” мөн ирэх арван жилд өөрийн салбар компани “Өмнөд Кузбасс”-д 3.85 тэрбум ам.доллар, АНУ дахь салбар компани Bluestone Coal-д 715 сая ам.доллар, Коршуновский уурхай дахь төмрийн хүдрийн үйлдвэртээ 613 сая ам.долларын хөрөнгө оруулахаар шийдвэрлэжээ.
Энэ бүх хөрөнгө оруулалтын дүнд Mechel-ийн жилийн бүтээмж 2021 он гэхэд 53 сая тоннд хүрэх төлөвтэй байна.
Харин 2011-2013 онд тус компани техник хэрэгслийн хөрөнгө оруулалтад 4.4 тэрбум ам.доллар төсөвлөж буйгаа компанийнхаа илтгэлд дурджээ.
Mechel Mining энэ оны эхний хагасын байдлаар 12.533 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оныхоос 5 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ нь Якутугол уурхай дахь нүүрс угаах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотойг тус компани тайлбарлажээ. Гэхдээ Mechel-ийн коксжих нүүрсний бүтээмж оны эхний хагаст 4.407 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 28 хувиар өссөн дүн ажээ.
“Mechel Mining” нүүрсээ Япон, Өмнөд Солонгос, Хятад, Энэтхэгийн зах зээлд хүргэж буй бөгөөд цаашид тус компанийн эдгээр улс руу чиглэсэн нийлүүлэлт эрчимтэй өсөх нь тодорхой байна.
Б.Төгс