УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа тэргүүтэй Дархан-Уул аймаг, Шарын гол сумын удирдлагууд ‘Буянтын хөндий Шарын гол’ бичил уурхайн төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа.
‘Буянтын хөндий Шарын гол’ бичил уурхай нь тус бүрдээ үйл ажиллагаа явуулж байсан Дархан сумын 120, Хонгор сумын 20, Шарын гол сумын 350 гаруй бичил уурхайчдыг нэгтгэн 70 гаруй бригадад хуваан олборлолт явуулж байна. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журамд бичил уурхайчдыг холбогдох хуулийн хүрээнд зохион байгуулалтад орж, тухайн сумынхаа Засаг даргатай гэрээ байгуулан, албан ёсоор дүгнэлт нь гарсан газар аюулгүй байдлаа хангаж ажиллахыг заасан байдаг. Мөн тухайн газартаа олборлолт явуулаад нөхөн сэргээлтээ өөрсдөө хийн буцааж хүлээлгэн өгөх, хоргүй технологи ашиглах, ‘Монгол банк’-д алтаа тушаахыг журамласан.
Дархан-Уул аймгийн ИТХ-аар ‘Буянтын хөндий Шарын гол’ төрийн бус байгууллагад бичил уурхайн зориулалтаар орон нутгийн тусгай хэрэгцээний газрыг таван жилийн хугацаатайгаар ашиглуулах тогтоол гарган, газрыг зориулалтын дагуу ашиглуулах, ашиглалтын явцад хяналт тавьж, тогтоолын хэрэгжилтийг жил бүр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд танилцуулж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.
‘Буянтын хөндий Шарын гол’ бичил уурхайн төрийн бус байгууллага нь улсын хэмжээнд анх удаа ийнхүү нэгдэн ажиллаж байгаа юм. Тус байгууллагын тэргүүн О.Цэцэгмаа ‘Бид хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах үүднээс бичил уурхай эрхлэгчдээ байнга сургалтанд хамруулж, өглөө бүр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилд нь гаргадаг. Уурхайчин бүр цахим үнэмлэхтэй болсон. Зөрчил гарган гурван удаа үнэмлэхээ цоолуулсан тохиолдолд шууд халагдах нөхцөлтэй. Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд хамруулж хүн бүрийг татварын гэрчилгээтэй болгосон. Бид 24 цагийн харуул хамгаалалттай бүсэд 07.00-20.00 цагийн хооронд ажиллан долоо хоногийн нэг өдөр нь амардаг. Өнгөрсөн онд манай бичил уурхай ‘Монгол банк’-д дөрвөн кг алт тушаасан. Ер нь бичил уурхай хэрхэн нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллаж болдгийг харуулахыг хүссэн юм’ гэлээ.
Уурхайн үйл ажиллагаатай танилцсаны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа хөдөлмөрийн аюулгүй байдалдаа онцгой анхаарч, байгаль экологийн тэнцвэрт байдлыг ханган нөхөн сэргээлтийг иж бүрнээр хийж ажиллахыг бичил уурхайчдаас хүслээ.