Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өнөөдөр Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй ‘Business breakfast’ уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэл хотод өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудаас танилцууллаа. Тухайлбал, 1950-иад оны сүүл, 1960-аад оны эхээр ашиглалтад оруулсан гол гүүрүүдийг өргөтгөн шинэчлэх, гэр хорооллуудад сервис центр байгуулах, Сэлбэ, Баянхошуу дэд төвүүд барих зэрэг ажлыг эхлүүлсэн болон нэг сая гаруй иргэнтэй хотод байвал зохих хурдны зам гэх зэрэг шаардлагатай дэд бүтцүүдийг бүрдүүлэх талаар хийж буй ажлуудаас дурдав.
Нийслэл хотыг хэт төвлөрлөөс сэргийлэхийн тулд Аэро сити, Майдар сити зэрэг дагуул хотуудыг байгуулах, Дархан, Эрдэнэт хот, Төв, Сэлэнгэ, Булган аймагтай хамтарсан “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого хэрэгжүүлэхээр тухайн аймаг, хотуудын удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт хийж, Санамж бичиг байгуулсан талаар мөн ярьсан юм.
Шинэ зуунд дэлхийн улс орнуудын хотууд санхүү, эдийн засгийн хувьд бие даасан, өөрийн гэсэн татвартай байдаг болсон. Тэгвэл Монгол Улсын хүн амын бараг талыг багтаасан, нийт бизнесийн 70 хувь, ДНБ-ний 65,4 хувийг төвлөрүүлсэн Улаанбаатар хот онцгой бүс болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Онцгой бүсэд онцгой бодлого явуулах ёстой. Гэтэл нийслэлийг 40 мянган хүн амтай нэг аймагтай зүйрлээд орхидог нь орчин үеийн шаардлагад нийцэхгүй болсон гэдгийг хотын дарга мөн хэлж байлаа. Нийслэл хот өөрөө бонд гаргадаг, бие дааж зээл авдаг, концессын гэрээ байгуулдаг байх хэрэгтэй. Гэвч бүх ажлыг УИХ, Засгийн газраар оруулж батлуулдаг нь ажилд саад бэрхшээл учруулж байгаа гэлээ.
Уулзалтад оролцсон бизнес эрхлэгчдийн төлөөллөөс нийт 14 хүн нийслэлийн удирдлагуудад хандан санал хэлж, байр сууриа илэрхийллээ.
Санал бодлоо илэрхийлсэн бизнес эрхлэгчид хот тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдал боловсруулах, такси, нийтийн тээврийн хүртээмж, хангамжийг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх, хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвийг хөндөн ярьж байсан юм.
Тухайлбал,
Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Хүнсний зөвлөлийн дарга Л.Батнасан:
-Хог боловсруулах үйлдвэр байгуулахын төлөө 1990-ээд оноос ажилласан, энэ ажилд болон хүнсний аюулгүй байдалд хотын удирдлагын зүгээс анхаарах ёстой. Хотын хөрс бохирдож байхад хотод органик хүнс үйлдвэрлэж, идэх боломжгүй. Гэр хороололд ургуулсан ногоо, Эрээнээс оруулж ирсэн ногоо хоёрт чанарын ялгаагүй болж байна.
Химийн хаягдлын эрсдлийг бууруулах үндэсний холбооны тэргүүн Чинзориг:
-Химийн хортой, аюултай бодисын үлдэгдлийг зөөх, тээвэрлэх, устгах ажлыг явуулах хууль, эрх зүйн орчин бэлэн болсон. Одоо энэ үйл ажиллагааг явуулах цогцолбор хэрэгтэй. Энэ талаар найман жил явж байна. УИХ-аар 2017 онд Хог, хаягдлын тухай хууль батлагдсан. Нийслэлийн ИТХ-аас 2018 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Багануур дүүрэгт 10 га газрыг Аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр байгуулах зориулалтаар баталж өгсөн. Мэргэшсэн хүмүүс нь байна. Үүнд 5,8 сая төгрөгийн хөрөнгө оруулахад бэлэн байна. Энэ газрыг олгож өгөхийг хүсч байна.
Хөдөө аж ахуйн Техникийн шинжлэх ухаан, техникийн нэгдлийн захирал Дашдэмбэрэл:
-Саарал ус дахин ашигладаг инновацийн төсөл хийгээд шинжлэх ухаан, техникийн санд өгсөн. Энд тодорхой хөрөнгө төлөвлөж өгөхийг хүсье.
“Жоби” барилгын материалын үйлдвэрийн төлөөлөл:
-Замын гарц, тэмдэг, тэмдэглэгээний будгийг Герман Улсын технологиор 2 жилийн өмнөөс дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Энэ онцгойлсон бүтээгдэхүүнээр нийслэлтэй хамтран ажиллах боломжтой. Монгол Улсын 0 цэг, Төв шуудан орчмын замын тэмдэг, тэмдэглэгээг өөрсдийн бүтээгдэхүүн болох будгаар хийж үзүүлье. Гаднаас ийм будаг авахаа больё.
“Мизорн” компанийн төлөөлөл Отгонбаяр:
-Манай “Мизорн” компани такси дуудлагын аппликейшн хийж хөгжүүлдэг, 37 мянган хэрэглэгчтэй. 2009 оноос энэ чиглэлээр тасралтгүй ажилласан, программ хангамжаар тэргүүлэх залуус ажилладаг. 100 гаруй такси манай аппликейшнийг хэрэглэдэг. Цаг үеэсээ түрүүлсэн зүйл хийхээр өмнөх дарга нар хүлээж авахгүй байсан. Хамтарч ажиллахыг хүсч байна.
УБТ компанийн захирал Х.Болдбаатар:
-Манай компани байгуулагдаад 10 гаруй жил болж байна. Дамбадаржаад нэг сая мод үрслүүлж гаргах хүчин чадалтай, 40 гаруй ажлын байртай Модлог ургамлын үйлдвэр ажиллуулаад 8 жил болж байна. Энэ хугацаанд нэг ч удаа тендэрт шалгарч чадсангүй. Нийслэлийн удирдлагыг манай хүлэмжид очиж үзэхийг урьж байна. Бид үрээр мод тарьдаг. Эхний модод нэг метр ургаад байгаа.
Мөн би нийтийн тээвэрт ажиллаад 20 жил болж байна. Автобус, такситай. Олон улсын жишгээр 10 хүнд нэг такси байх ёстой. Тэр жишгээр Улаанбаатарт 130 мянган такси явах ёстой. Гэтэл Замын цагдаагийн газрын судалгаагаар 40 мянган хууль бус такси өнөөдөр Улаанбаатарт явж байна. Тэрбум 200 сая төгрөг тэнд урсч байна. Бид 2 тэрбум төгрөгийн хойноос хөөцөлдсөөр байгаад 700 сая төгрөгтэй үлдсэн.Үүнийг хот өөр зүйлд зарцуулах гээд байна. Таксийн холбооны удирдлагыг та бүхэн хүлээж авч уулзана уу.
Материал импекс ХХК, гүйцэтгэх захирал Зориг:
-Материал импекс ХХК нийслэл хотын бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж оролцдог. Гэхдээ зарим нэг хүндрэлтэй асуудал тулгардаг. Ялангуяа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдсөн асуудал байнга гардаг. Энэ талаар хотын зүгээс анхаарна уу гэлээ.
Бизнес эрхлэгчдийн саналыг сонссоны дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хариулт өгсөн юм.
Тэрээр “ХХI зууны 20 он болох гэж байхад бид орчноо сайжруулахад анхаарах ёстой. Өмнөх чигээрээ сууж таарахгүй. Технологи хямд болсон. Үүнийг ашиглая. Шинэ онгоцны буудал ашиглалтад орсны дараа Буянт-Ухааг Улаанбаатар хот эзэмшилдээ авч нийслэлийн эдийн засгийг дэмждэг тусгай бүс болгон хөгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
Нийслэлд цагаан захтнуудыг олшруулах бус, мод тарьдаг, хог цэвэрлэдэг, хотоо хөгжүүлдэг хүн олон болгоё. Такси үйлчилгээ хотын соёлыг харуулж байх ёстой. Нэг жишиг болох такси компанийг сонгож 700 сая төгрөгийн хөрөнгө оруулъя. Тэр компани үйлчилгээний жишгийг бүрэн дагах ёстой.
Жоби компани үнэхээр тийм будаг үйлдвэрлэж байгаа бол хамтарч ажиллая. Будаг дэлхийн стандартад нийцэж байх ёстой. Аялал жуулчлалын компаниудтай хамтарч, гаргасан саналуудыг анхаарч ажиллая” гэлээ.
Мөн Засгийн газрын холбогдох тогтоолын дагуу нийслэлд мөрдөх журам гаргаж, дотоодын үйлдвэрүүдээс бүтээгдэхүүн худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх, үүний дотор эмэгтэй удирдлагатай аж ахуйн нэгжүүдийг тодорхой хувиар дэмжих зохицуулалт хийх талаар ярилцаж болно гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байв.
Д.Цэцэг