УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2018.06.04/ ээлжит хуралдаанаар хоёр үндсэн асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, Засгийн газраас төрийн өмчит компаниудыг хувьчлахтай холбогдуулан бүлгийн гишүүдэд танилцуулга хийсэн байна. Хоёрдугаарт, өнгөрсөн Пүрэв гаригт /2018.05.31/ чуулганаар хаалттай хэлэлцсэн банкуудыг дахин хөрөнгөжүүлэх асуудлыг хэлэлцсэн гэдгийг бүлгийн дарга Д.Хаянхярваа тодотголоо.
Бүлгийн мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Энэ ондоо багтааж аль аль төрийн өмчит компаниудыг хувьчлах вэ. Төсөвт хэчнээн хэмжээний төгрөг орж ирэх үү. Обьектуудын үнэлгээг гаргасан болов уу?
-2020 он хүртэлх өмч хувьчлалын жагсаалтыг гаргасан. Үнэлгээний асуудлыг бүлгийн хурлаар авч хэлэлцсэн. Аль болох компанийг үнэ хүргэхийн тулд ямар хэлбэрээр хувьчлах нь зөв бэ гэдэг чиглэлд Засгийн газар саналаа гаргана. Хувьчлахад бэлэн болсон обьектуудыг олон нийтэд шууд зарлах зэрэг хувьчлалын хэлбэрүүдээр явагдана. Хуулиараа өмч хувьчлалыг УИХ батлах ёстой. Төрийн өмчийн компанийн хувьд төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авах ёстой. Мөн төрийн өмчийн компаниудын засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлага байна. Сүүлийн хоёр жилд төрийн өмчийн компаниудын үр ашиг нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жилийн тухайд төрийн өмчийн компаниудын нийт ашиг 800 тэрбум гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Компани бүр дээр тодорхой ажлуудыг зохион байгуулсан.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нэлээн хэдэн ажил хийсэн талаарх мэдээллээ өгч байгаа. Мөн УИХ-аас ажлын хэсэг гарч төрийн өмчийн компаниудын үр ашгийг сайжруулах чиглэлээр санал санаачлага гаргасан. Энэ удаагийн өмч хувьчлалыг нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлье гэдэг саналтай байгаа. Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой тодорхой салбаруудын хувьчлалыг түр хойшлуулж байгаа. Аль аж ахуй нэгжийг хэдээр хувьчлуулах уу, хэдэн төгрөг олох уу гэдэг нь хувьчлалын бодлого батлагдсаны дараа Засгийн газарт нарийвчилсан үнийн дүн, үнэлгээ нь гарна. Үнэлгээг мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаанд тулгуурлаж гаргадаг.
Орон нутгийн авто зам засвар, арчлалтын компаниуд, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Монгол шуудан компани, Мэдээлэл холбоо компани, МИАТ гэсэн эдгээр компанийг хувьчлах Засгийн газрын тогтоол гарсан.
-Зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар тодорхой зохицуулалт хийгдэх вэ? МАН-ын бүлэг хаврын чуулганаар багтааж томоохон ямар асуудлуудыг зайлшгүй шийдэх төлөвлөгөөтэй байгаа вэ?
-Зээлийн хүүг бууруулах асуудал бол монголчуудын хүссэн хүлээсэн асуудал. УИХ-д цогцоороо яригдаж байгаа. Банкны тухай хуулиудыг багцаар нь оруулж хэлэлцэж байгаа. Өнгөрсөн намрын чуулганаар нэр бүхий гишүүд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооё гэдэг хуулийн төслийг өргөн барьсан. Тухайн үед бид хэлэлцээд мэргэжлийн банк нь буюу Монголбанкнаас энэ асуудлыг цогцоор нь авч үзэх нь зүйтэй гэдэг саналд хүрээд асуудлыг түр хойшлуулсан.
С.Эрдэнэ гишүүн мөн Зээлийн хүүг тогтоох, мөнгө хүүлэхтэй тэмцэх хуулийг өргөн барьсан. Энэ хууль нь хуулийн боловсруулалт болон хамрах хүрээ талаасаа дутагдалтай хууль байсан учир асуудлыг цогцоор нь оруулах хэрэгтэй гэдэгт байнгын хорооны гишүүд санал нэгдсэн. Үүний дагуу Монголбанк зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичгийг боловсруулж дууссан. Энэ сарын дундуур УИХ-д өргөн мэдүүлнэ. Нэг үгээр хэлбэл, энэ хаврын чуулганаар зээлийн хүүг бууруулах хуулийн төслийг хэлэлцэнэ. Зээлийн хүүг бууруулахдаа захиргааны арга, эдийн засгийн аргыг хосолмол байдлаар хэрэглэх байр суурьтай байгаа. Ганц захиргааны аргаар зээлийн хүүг бууруулах гэж оролдсон орнуудын гашуун туршлага бий. Мөн эдийн засгийн аргыг дангаар нь олон жил хэрэглэсэн боловч үр дүнд хүрээгүй. Тиймээс энэ хоёр аргыг хослуулж хэрэглэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Бүлэг дээр зээлийн хүүг бууруулах асуудлаар ажлын хэсэг байгуулсан.
Зээлийн хүүг бууруулах асуудлаар шоу хийж болохгүй. Банкны систем бол эдийн засгийн салбарын цусны эргэлт учраас энэ асуудалд маш нухацтай, тооцоо, судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн үгийг сонсч нухацтай хандах ёстой. Хэрэв хөнгөн, хуумгай шийдвэр гаргавал бид эдийн засгаа бүхэлд нь баллах аюултай.
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэхгүй, гацчихлаа?
-Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль өргөн баригдаад жил гаруй болж байна. Эхний хэлэлцүүлгийг хийгээд хэлэлцэх эсэхийг шийдсэн. Одоо анхны хэлэлцүүлгийг хийж байгаа. Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж, УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Ажлын хэсгийн төвшинд саналын зөрүүтэй асуудлууд гарсан учраас ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн.
-Төрийн өмчийн 27 компанийг хувьчлах шийдвэрийг Засгийн газар гаргаад хоёр долоо хоног өнгөрлөө. Одоо болтол үнийн дүн ямар байх, ямар зарчмаар худалдах талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа. Эдгээр компаниудыг хэдээр хувьчилж төсөвт хэдий хэмжээний орлого төвлөрүүлнэ гэж тооцож байгаа вэ?
-Засгийн газрын оруулж ирсэн компаниудыг хувьчлахыг бүлэг дэмжиж байгаа. Засгийн газар ямар хэлбэрээр хувьчилбал илүү үнэ хүрэх вэ гэдэг дээр ажиллах ёстой. Ер нь энэ жил өмч хувьчлалаас их орлого төсөвт төвлөрүүлнэ гэж тооцоогүй. Хамгийн гол нь эдгээр компаниудын засаглалыг хэрхэн сайжруулах, үр өгөөжийг нь хэрхэн нэмэгдүүлэх вэ гэх мэт талыг барьж ажиллаж байгаа. Ойролцоогоор 200 тэрбум гаруй төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцож байгаа.
-Тавантолгойн төслийг эргэлтэд оруулах улс төрийн шийдвэр гаргасан. Хэзээнээс ажил хэрэг болох вэ?
-Бүлэг Тавантолгойн төсөл дээр IPO гаргах Засгийн газрын саналыг дэмжиж байгаа. Үнэт цаас гаргах бэлтгэлээ хангах чиглэл өгсөн. Засгийн газар зөвлөх компани аваад хэрхэн IPO гаргах вэ, төмөр зам, үйлдвэрийн бүтэц дээрээ хэрхэн ажиллах, УИХ-д хэзээ өргөн мэдүүлэх вэ гэдэг нь үргэлжлээд явна.
-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы хаалттай хуралдаанаар банкийг дахин хөрөнгөжүүлэх хуулийг хэлэлцсэн. Уг асуудлыг хэлэлцэх үеэр арилжааны банкууд активын чанарын үнэлгээгээр 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан гэдэг нь тодорхой болсон гэсэн. Яг аль банк нийт хэчнээн төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдалтай байгаа юм бол. Энэ асуудлыг чуулганы хуралдаанаар хаалттай хэлэлцэх болсон шалтгаан нь юу вэ?
-Банкны, мөнгө санхүүгийн асуудлыг хэлэлцдэг учраас хаалттай хэлэлцдэг юм. Учир нь, банктай холбоотой тоо баримтууд яригддаг. Ер нь Засгийн газраас уг хуулийг анх хаалттай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан. Энэ хууль нь банкуудыг дахин хөрөнгөжүүлэх эрх зүйн шинэ орчныг бий болгож өгөх юм. Өөрөөр хэлбэл, банкуудад өөрийнх нь хөрөнгө дутагдах үед яаж эрх зүйн санхүүжилт үзүүлэх юм бэ гэдгийг тодорхой болгох юм. Түүнээс биш энэ хууль өнөөдөр батлагдаад маргааш нь банкуудад мөнгө тараах тухай биш юм. ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрийн хүрээнд банкуудын активын чанарыг үнэлэхэд харьцангуй сайн гарсан. Харин банкуудад 500 тэрбум гаруй төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал байгаа юм. Энэ дутагдлыг хэрхэн нөхөх төлөвлөгөөг банкуудаас Монголбанканд ирүүлсэн. Банкууд өөрсдөө энэ хөрөнгийн дутагдлаа нөхөх бүрэн боломжтой. Энэ бол тусдаа асуудал юм. Харин өнөөдөр хууль гаргаж, эрх зүйн зохицуулалт хийх асуудлыг яриад байна. Өмнө нь үүнийг зохицуулах хууль байгаагүй. Банкны салбарт хүндрэл бий болж, доголдол үүсэхэд зохицуулах хуульгүйгээс болж Монгол банкны Ерөнхийлөгч өөрөө шийдээд явж ирсэн түүх бий. Тэгэхээр цаашид энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд уг хуулийг хэлэлцэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, арилжааны банкууд өөрсдийнхөө асуудлыг шийдэж чадахгүй нөхцөлд төр оролцож тодорхой хувийг нь хүртэл эзэмшиж болох зохицуулалтыг хийж өгч байна. Хууль батлагдаад гарсны дараа хүмүүс танилцаарай. Энэ бол их чухал хууль. Арилжааны банкны багц хуулиудыг хэлэлцэж байгаа. Энэ хүрээнд л уг хуулийг хэлэлцэж байна.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд гадаадын иргэнд газар эзэмшүүлэхийг зөвшөөрсөн заалт орсон гэх мэдээлэл гарлаа. Энэ үнэн үү?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдэж байна. Хэлэлцүүлгийн шатандаа засч, залруулах шаардлага гарсан. Уг хуульд дахин нягтлах зүйлүүд их бий. Ажлын хэсгийг өргөтгөж уг асуудлыг дахин нягталж, засахаар ажиллаж байна.