Монгол Улс, Европын холбоо хамтран “Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл:нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хурлын энэ сарын 6-ны өдөр зохион байгуулах гэж байгаа талаар Европын холбооноос өнөөдөр /2018.06.04/ мэдээлэл хийлээ.
Тус хэвлэлийн хуралд Монгол Улсад Европын холбооноос суугаа шинээр томилогдсон элчин сайд Траян Христия болон хүний эрхийн зөвлөх М.Ичинноров нар оролцлоо.
“Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл:Нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хурлаар хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэхийн тулд,тухайн гэмт үйлдлүүдийн үндэс шалтгааныг тодорхойлох, эмчлэх, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах үр дүнтэй тогтолцоог бий болгох, дүгнэлт гаргах юм байна.
Хүүхдийн эрхийн үндэсний комисс, Гүүд нэйборс олон улсын байгууллагатай хамтран гаргасан “Хүүхдийн эрх ба хамгаалал” үндэсний судалгаанд /2016/ асуулгад оролцсон хүүхдүүдийн 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулжээ. Тэдний 62 хувь нь хэл яриагаар доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохих, зодох зэрэг бие махбод сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэх судалгааг хүний эрхийн зөвлөх М.Ичинноров хурлын үеэр дурдлаа. Нэгдсэн үндэстний байгууллагын хүүхдийн эрхийн хороо хурдан морь унадаг хүүхдүүдийн дунд оршиж буй бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэл, зөрчлийн асуудалд санаа зовниж буйг тэд онцлон хэлж байсан юм.
хүүхдийн хүчирхийлэл буурахгүй өсөх хандлага ажиглагдаж байна
Монгол Улсад Европын холбооноос суугаа шинээр томилогдсон элчин сайд Траян Христия “Монгол Улсад гарч байгаа хүүхдийн хүчирхийллийн асуудал олны анхаарлыг татаж байна. Энэ асуудалд Европын холбооноос анхаарлаа хандуулж хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулдаг. 2016 онд хүүхэд хамгааллын хууль батлагдаж 2017 онд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль батлагдсан хэдий ч хүүхдийн хүчирхийлэл буурахгүй өсөх хандлага ажиглагдаж байна.
Европын холбоо хүүхдийн эрхийн конвенцийг хэрэгжүүлэх,хүүхдийг хүчирхийллээс хамгаалах үйл ажиллагаа нь ‘хэн ч хөгжлийн гадна үлдэх ёсгүй’ уриан доор явагдаж байна. ‘Хүүхэд, өсвөр үеийн эсрэг хүчирхийлэл:нийгмийн шалтгаант нөхцөл, хамгааллын асуудал” сэдэвт бага хуралд боловсрол, хүний эрх, нийгмийн хамгаалал, хууль сахиулах,иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд оролцоно”гэв.
Э.Бурам