Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Увс аймгийн Улаангом чиглэлийн 167 км замын ажил эхлээд удаагүй байна. Энэ замыг барих зураг төсөлд багахан өөрчлөлт оруулснаар үр ашиггүй 10 гаруй км зам барихад зарцуулах 6 орчим тэрбум төгрөгийг хэмнэх боломжтой аж. Энэ талаар өнөөдөр Завхан аймгийн сэтгүүлчид хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө.
Дээрх чиглэлийн замыг Концессын гэрээгээр БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол ЛЗ зам гүүр” компани 660 сая юаны өртгөөр, хоёр жилийн хугацаанд барьж гүйцэтгэхээр гэрээ байгуулжээ. Энэ зам ашиглалтад орсноор Завхан аймгийн хойд талын сумдаас гадна, Увс аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбогдох юм. Гэвч Завхан аймгийн сэтгүүлчид энэхүү замын ажлыг хийхдээ зураг төсөлд өөрчлөлт оруулж, засч сайжруулах нь зөв гэж үзэж буйгаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.
Сэтгүүлч М.Амарбаяр дараах тайлбарыг өглөө. Тэрбээр “Тосонцэнгэл, Нөмрөг, Сонгино чиглэлийн замын ажил бараг эхэлчихсэн байна. Энэ замын ажлыг эхлэхээс өмнө трастад өөрчлөлт оруулах ажлыг эргэж хараасай гэдэг санаачлагыг гаргалаа. Нөмрөг сумын иргэдийн зүгээс сумынхаа дундуур энэ замыг тавьж өгөөч гэсэн саналыг яаманд өгсөн байгаа. Шинэ замыг Тосонцэнгэлийн дөрвөн замын уулзвараас Увс аймгийн Улаангом хүртэл барьж байгуулахаар замын зураг хийгдсэн байна. Гэтэл Улиастай чиглэлийн зам өнгөрсөн жил эхэлсэн. Мөн зам барилгын ажлын ихэнх хувь хийгдсэн, далан тавигдсан байгаа. Замын мэргэжлийн компаниуд энэхүү хоёр замын зураг дээр ажиллаад хоёр зэрэгцээ зам баригдаж, эдийн засгийн талаас үрэлгэн ажил болох нь гэж дүгнээд байгаа. Нэгэнт Улиастайн зам түрүүлээд баригдчихсан тул Улиастайн замаас Тосонцэнгэлийн замаа эхлүүлбэл зөв гэдэг тооцоо судалгааг хийсэн байна. Өөрөөр хэлбэл, одоо баригдах шинэ замыг Тосонцэнгэл сумын баруун талаас дөрвөн замын уулзвар гэдэг газраас эхлэн баригдахаар тооцсон. Зургийн дагуу эндээс зам баригдаж эхэлвэл 25 км орчим газар Улиастайн замтай зэрэгцэн, бие биенээ харсан хоёр зам Хүрэн тал дээр орших юм байна. Тиймээс Улаангомын замын ажлын эхлэлийг дөрвөн замаас биш, 15 км-ийн цаанаас Улиастайн замаас салаалж эхлүүлбэл дор хаяж 10 км зам барих төсөв, хөрөнгийг хэмнэнэ. Ингэснээр улс орны эдийн засагт нэмэр болно. Нийтдээ 5.7 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог замын мэргэжилтнүүд гаргасан. Өмнө нь тус тусдаа салангад хийгдчихсэн замын зургууд буруу байгаа юм биш үү. Үүнийг бид Зам, тээврийн сайдад хүргүүллээ. Өмнө гарсан алдааг засаж сайжруулах байх гэж найдаж байна” гэсэн юм.
Концесс бол эргэж төлөгдөх хүүтэй мөнгө. Тиймээс ийм хайхрамжгүй байдлаар улсын хөрөнгийг үрэн таран хийхгүй байхыг Завхан аймгийн сэтгүүлчид анхааруулж, энэхүү санал, санаачлагаа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэд хүргүүлэх юм байна. Цаашлаад Ерөнхий сайд, Сангийн сайд нарт хандахаар болжээ.
Хэмнэсэн 10 км зам барих хөрөнгөөр Түдэвтэй сумыг шинэ замтай холбох, эсвэл Нөмрөг, Сонгино, Түдэвтэй сумын төвд хатуу хучилттай зам, тохижилтын ажил хийхэд зарцуулвал илүү үр ашигтай байгаа аж. Мөн шинэ зам Нөмрөг сумын урд хэсгээр тойрон өнгөрөхөөр байгаа. Үүнийг шулуун татаж, сумын төвөөр дайруулбал эдийн засгийн хувьд хэмнэлттэй төдийгүй сумын төвийн иргэд зам дагаж нүүхгүй, хөгжих боломжтой гэж үзэж буй аж.